Монгол Улсад амжилтын гараа харагдаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.08-нд нийтлэгдсэн

Монгол Улсад амжилтын гараа харагдаж байна гэв

СоцИнтернийн Ази-Номхон далайн бүсийн хорооны хурал  Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжлэн, өнөөдөр өндөрлөлөө.  Хурлаас тунхаг бичиг гаргасан байна.  Энэ хуралдааны үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд,  СоцИнтернийн ерөнхий нарийн бичгийн дарга Луйс Аяала нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.   

СоцИнтернийн Ерөнхий нарийн бичгийн дарга Луйс Аяала “Бид хоёр хоногийн хугацаанд маш идэвхитэй байдлаар хэд хэдэн чухал сэдвүүдийг хөндөж ярилцлаа.  Эдийн засгийн өсөлт хөгжлийг байгаль орчны хариуцлагатай хэрхэн уялдуулах талаар ярилцсан. Мөн социалдемократ үзэл санааг Ази, Номхон далайн орнуудад хэрхэн түгээн дэлгэрүүлэх талаар ярилцлаа.  Хурлын нээлтийн үеэр хэд хэдэн чухал асуудлыг хөндсөн. Социнтерн бол социалист үзэл санааг дэлхий дээр түгээн дэлгэрүүлдэг улс төрийн байгууллага юм. 160 гаруй улстөрийн хүчин манай эгнээнд элсэн орж, гишүүнээр ажиллаж байна.  Социалдемократ үзэл бүхий улс төрийн байгууллагын хувьд үндсэн хоёр зүйлийг чухалчилдаг. Энэ бол бидний зарчим. Ардчилал эв нэгдэл, нийгмийн шударга ёс гэсэн үндсэн зарчмууд байна.  СоцИнтернийн байгууллагуудыг нэгтгэж өгдөг хоёр зүйл байдаг.  Манай гишүүн олон намууд тухайн  орондоо засгийн эрхийг барьж, социалист ардчилсан үзэл санаанд тулгуурлах зарчмыг хэрэгжүүлж байгаа.   Бид хурлын үеэр үзэл санааны үнэт зүйл амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг хөндөж ярилаа.  Монголын хөрсөн дээр дэлгэрэнгүй ярилцах боломжтой байлаа.  2011 онд нийгэм, эдийн засгийн байдал ямар байна вэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд дэлгэрэнгүй ярилцлаа. Энэ бүх мэдээллийг аваад бид МАН социалдемократ үзэл санааг амьдрал дээр хэрэгжүүлэхдээ  маш хүчин чармайлт тавьж, амжилтанд хүрч байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Бид МАН-д талархаж байгаагаа илэрхийлсэн.   МАН зүүн төвийн үзэл баримтлалтай. Олон жил СоцИнтернийн үзэл  санааг амьдрал дээр хэрэгжүүлэхэд бодит жишээнүүдийг үзүүлж чадсанд нь талархаж байна.  

Монгол Улсад хэрэгжиж байгаа төрийн болон намын бодлогын талаар тодорхой жишээнүүдийг харлаа. Монгол Улс олон намын тогтолцоотой, эрх эрх чөлөөг эдлэх гэсэн социалдемократ үзэл санааны илрүүд тод харагдаж байна. Бид Монголд байхад гэртээ байгаа юм шиг л сайхан байлаа.  

Дэлхий нийтийн хэмжээнд олон өөрчлөлт харагдаж байна. Африк, зүүн Европт гээд.  Ирэх жил 25 оронд сонгууль болно. Энэ үеэр социалдемократ үзэл бодол  явагдах юм. Монгол Улсад амжилтын гараа харагдаж байна. Эдийн засгийн өсөлтийг нийгмийн салбар руугаа чиглүүлэх гэсэн социал үзэл санааны хөгжил Монгол Улсад илэрч байгаад талархаж байна.  Монголд ажиглагдаж байгаа энэ ахиц дэвшил Ази, Номхон далайн бусад бүс нутгийн орнуудад ч гэсэн социалдемократ үзлийн ялалт болж ирээдүйд харагдана гэдэг найдвар энэ хурлаар төрлөө. Бусад улсад жишээ болохуйц олон загвар санаанууд Монголоос гарч ирсэн.  Бүс нутгийн бусад орнуудад эерэг жишээ харагдаж байна. Тухайлбал,  Пакистанд ардчиллын замаар хөгжих гэсэн  ажлууд хийгдэж байна. Өмнө нь цэргийн дэглэмтэй байсан бол одоо ардчиллын замаар хөгжихөд нь олон саад тогтгор учирч байна.  

Бас Бирм улсад эрх чөлөөний төлөө  тэмцэл олон жилийн турш үргэлжилж байгаа. Тус улсын ардчиллын төлөө тэмцэгчийг олон жил гэрийн хорионд байлгаж байгаад суллалаа. Энэ улсад ч гэсэн социалдемократ үзлийг төлөвшүүлэхэд тодорхой амжилт гарч байна.  Хэдэн жилийн өмнө Камбож, Тайланд улсад хилийн маргаан гарч байлаа.  Хэдхэн сарын өмнө энэ маргаан дээр эерэг зүйлс ажиглагдсан. Энхтайвныг тогтоох нь бидний чухал зорилтын биелэлт юм.  Япон улсын атомын цахилгаан станц дээр үүсээд байгаа асуудал байна. Япон улсад цөмийн зэвсгийг ашиглахыг эсэргүүцэж байсан цорын ганц улстөрийн хүчин бол Японы Социалдемократ нам байсан. Тэдний олон жилийн тэмцэл бас биеллээ олох гэж байгаад баяртай байна.  Энэ мэтээр орон орноор нь амжилтуудыг дурдаад байж болно. Бүс нутгийн асуудал дээр ажил хэрэг болгож байгаа орон бол Монгол юм.  Ер нь СоцИнтернийн зүгээс дэлхий нийтийн чанартай олон асуудал дээр үзэл санаа нэг байдаг. Байгаль орчин, цөлжилт, эдийн засгийн өсөлт гээд.  Эдийн засгийн өсөлтийн үр ашиг нь иргэддээ  хүрэх ёстой гэсэн зарчмыг бид баримталдаг. Дэлхий дээр Европын орнуудад байгаа эдийн засгийн асуудал байна. Энэ бүхэн нь хүн төвтэй байх хэрэгтэй. Иргэд ажилтай, боловсролтой, эрүүл байх хэрэгтэй гэсэн ерөнхий үзэл санаан дээр бид зогсож байна”  гэсэн юм.

МАН-ын дарга С.Батболд “Өнөөдөр Монгол Улсын хувьд маш чухал олон улсын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Дэлхийн СоцИнтернийн Ази, Номхон далайн бүсийн ээлжит хуралдаан амжилттай болж өндөрлөж байна. Дэлхийн хамгийн олон гишүүнтэй, зүүн төвийн үзэл баримтлалтай намуудыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагын идэвхтэй гишүүнээр ажиллаж байгаадаа МАН туйлын бахархалтай байдаг. Бид 1999 онд СоцИнтенрийн гишүүн болоод үйл ажиллагаанд нь маш идэвхтэй оролцож, Монголын улс төр, нийгмийн орчинд дэлгэрүүлэн хэвшүүлэхээр зорьж байгаа. Ардчилал, эв нэгдэл, шударга ёс гэсэн үндсэн зарчимтай байдаг. Өнөөдөр бидний үйл ажиллагааг дэмжиж  Монгол Улс, МАН олон улсын хурлыг хоёр дахь удаагаа зохион явуулж байна. 2005 онд бүсийн зөвлөгөөн хийсэн. Энэ удаагийн хуралд Камбож, Зүүн Тимор, Пакистан зэрэг орнуудаас төлөөлөгчид оролцлоо. Хуралдааны дүнгээр тогтоол гаргалаа. Олон улсын чанартай СоцИнтернийн гишүүн орнуудад хандсан мэдэгдэл гаргасан.  Улс орнуудын бүс нутгийн хөгжил, энхтайвнаар зэрэгцэн оршиход юуг анхаарах, хэрхэн идэвхитэй оролцох талаар хэлэлцлээ.  МАН ч энэ ажиллагаанд идэвхитэй оролцсоор байх юм. МАН амжилтын түүх болж, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх чиглэлээр   улс орноо амжилттай удирдаж, бусад оронд үлгэр жишээ болж байна гэж дүгнэсэн нь бидэнд урам өглөө.

Хүн төвтэй хөгжил гэдэг бол аливаа улс орны үнэт зүйлийн нэг байх ёстой.  Манай нам хүн төвтэй хөгжлийг бүрдүүлэх, чинээлэг дундаж давхрагыг бий болгох, баян хоосны ялгааг арилгах зэрэг СоцИнтернийн гишүүн намууддаа тавьдаг нийтлэг зарчмыг дэмжиж, хуваалцаж  байна.  Манай улсыг дэлхийн СоцИнтернийн  гишүүн байгууллагын хувьд нэр хүндийг нь өсгөж, үйл ажиллагааг нь дэмжиж  өгсөн арга хэмжээ боллоо гэж МАН-ын даргын хувьд   үзэж, талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн олон улсын хурал өндөрлөж амжилтаа дүгнэн бататгав.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж