
СоцИнтернийн Ази-Номхон далайн бүс нутгийн хорооны ээлжит хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж амжилттай өндөрлөлөө. МАН-аас хоёр дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулсан СоцИнтернийн энэ удаагийн хуралдаанаар эдийн засгийн өсөлтийг байгаль орчныг хамгаалах асуудалтай хэрхэн уях вэ гэсэн сонирхолтой илтгэлийг УИХ-ын дэд дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхболд энэ үеэр тавьсан юм. Энэхүү илтгэл нь нэг ёсны тус намаас дэвшүүлж буй бодлого байлаа. Гол санаа нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар эдийн засгийн өсөлтийг хангах гэсэн агуулгатай. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газрын хувьд Оюутолгойн ордоо Австрали, Канадын хөрөнгө оруулагчтай хамтран ашиглахаар гэрээ байгуулсан аж. Тухайн үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын хэлснээр бол “Том компаниудтай хамтрахад үүрэг хариуцлагаа сайн ухамсарлана, эргэж хариуцлага тооцоход хялбар. Дэлхийн хамгийн нэг номерын технологийг ашиглаж олборлолт явуулах болохоор байгаль орчинд сөрөг нөлөө бага үзүүлнэ. Ийм эерэг талуудыг харж сонголт хийсэн гэдгээ энэ үеэр хэллээ. Харин жижиг компаниудын хувьд хариуцлага тооцоход хэцүү. Ер нь шийдэл олох тал дээр бэрхшээлтэй тулсан хэвээр байгааг ч дуулгасан. Тухайлбал, гар аргаар алт олборлогчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор хууль баталсан ч үр дүн гарахгүй л байгаа. Ийм муу жишээ дан ганц Монголд байдаг зүйл биш аж. Пакистан улсад ч бас байна. Тус оронд нефтийн компаниуд олноороо үйл ажиллагаа явуулдаг. Манайхаар бол алтны компаниуд шиг зохион байгуулалттай. Татвар бараг төлөхгүй, тэгсэн атлаа энд тэндгүй газар өрөмдөн байгаль орчин сүйтгэдэг. Уг нь 220 тэрбум тоннын нөөцтэй нүүрсний орд бий ч ашиглах тал дээр улстөрийн томоохон шийдвэр гаргаж чадаагүй байгаа аж.
Зүүн Тимор улс мөн дээрх улсын нэгэн адил нефтийн бүтээгдэхүүнээр “амьдардаг”. Эдийн засгийн өсөлт нь манайхыг гүйцэхгүй ч, өнгөрсөн жил 10 хувьтай гарчээ. Монгол Улс байгалийн баялгаас олж байгаа орлогоо нийт иргэддээ тэгш хуваарилах зарчмаар УИХ-аас Хүний хөгжлийн сангийн тухай хууль баталсан бол тус улсын хувьд Газрын тосны сан байгуулсан. Энэ сангийн хөрөнгийг юунд зарцуулах вэ гэхээр дараа дараагийн үедээ өвлүүлэхэд чиглэжээ. Монголчууд газрын баялгаас олсон орлогоо шууд идээд байх бол Зүүн тиморчууд ирээдүйдээ “хадгаламж” болгон өсгөж үржүүлэхэд энэ санг ашиглах аж. Ингэхийн тулд газрын тосноос олсон нийт баялгийн 50 хувийг тус санд хуримтлуулж эхэлсэн. Түүнийхээ нэлээд хэсгийг хувьцаа худалдаж авахад ашиглана гэж хуульчилсан ч, дэлхийн зах зээл дээр хөрөнгийн зах зээл савлагаатай тогтворгүй байгаа тул түүн рүү шууд хөл тавихаас зайлсхийн анхааралтай ажиглаж буй ажээ.
Энэ удаагийн хуралд СоцИнернийн Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала болон Грек, Швед, Зүүн Тимор, Энэтхэг, Австрали, Пакистан, Камбож, Бирм зэрэг орны төлөөлөгчид оролцлоо. Тэд хоёр өдрийн турш эдийн засгийн өсөлтийг байгаль орчны хариуцлагатай уялдуулж хэрхэн хослон хөгжүүлэх, нийгмийн ардчиллын үзэл баримтлалыг бүс нутагт түгээн дэлгэрүүлэх, даяаршиж буй нийгмийн хөгжлийн чиг хандлагатай холбоотой урган гарч буй СоцИнтернийн шинэчлэлийн асуудлыг тус тус авч хэлэлцэн өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ. СоцИнтернийн гишүүн орнуудад өнөөдрийн байдлаар дэлхийн 162 орны улстөрийн нам, байгууллагууд элссэн байдаг юм байна.
Г.Дарь