АТГ-ынхан Завхан аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.10.08-нд нийтлэгдсэн

АТГ-ынхан Завхан аймагт ажиллав

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өнгөрч буй долоо хоногийн ажлын өдрүүдэд Завхан аймагт ажилласан байна. Тус газраас “Орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний худалдан авах ажиллагааны мониторингийн арга зүй” сэдэвт сургалтыг Завхан, Увс аймгийн авлигаас урьдчилан сэргийлэх төрийн бус байгууллагуудын сүлжээний гишүүдийг хамруулан Улиастай хотноо зохион байгуулсан нь энэ аж.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн, “Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв” төрийн бус байгууллагын сургагч багш М.Чимэддорж нар удирдаж, төрийн байгууллагын үйлчилгээнд хийх мониторинг, төсвийн ил тод байдал, худалдан авах ажиллагааны үйл явц, шударга ёсны тогтолцоо, ашиг сонирхлын зөрчлийг удирдах нь зэрэг сэдвээр хичээл зааж, энэ чиглэлээр арга зүй эзэмшүүлэх дадлага ажлыг хийлгэжээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж байгаа Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд орон нутаг дахь төрийн бус байгууллагууд дэмжлэг үзүүлж ажилладаг байна. Гэхдээ тэдгээрийг идэвхжүүлэх, чадавхижуулах, үйл ажиллагааг нь улам бүр өргөжүүлэх зорилгоор тодорхой сэдэв бүхий сургалтуудыг зохион байгуулах шаардлагатай байдаг аж. Тэр дундаа аймаг орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээнд мониторинг хийх, төсвөө хянах, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд олон нийтийн хяналт тавих зэрэг асуудлаар сургах нь авлигын эрсдлээс урьдчилан сэргийлэх нэгэн чухал арга хэмжээ болох аж. Тиймээс энэ удаагийн мониторингийн арга зүй эзэмшүүлэх сургалтад орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын сүлжээний төлөөлөгчдийг хамруулжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж