
Уг нь “Эрдэнэс тавантолгой” компани бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргаж эхэллээ, иргэдийн 536 ширхэг хувьцаа амиллаа гэх PR халуун намраар “шатаачих” нь холгүй байсан чинь хоёр сарын дараа эргээд хартал хар алтны маань үнийг навс унагаад хаячихсан манай дарга нар харин “Муу чанарын нүүрс учраас үнэ нь 70 ам.долларын үнэтэй байгаа юм” гэсэн “дайсны” талын хүн баймаар хариулт өгөөд сууж буйг юу гэж ойлгох вэ таминь ээ?. Бас тэгээд нийслэлчүүд портер нүүрс худалдаж авахын тулд үнэ ханшийг нь дийлэхгүй хуруу хумсаа хугалах шахам гүйж байж, 180 мянган төгрөг босгож, чадалтай нэг нь амбаарынхаа мухрыг нүүрстэй золгуулж, цас орохоос урьтаж өвлийн бэлтгэлээ базааж авч буй бол чадалгүй хэсэг нь 1500 төгрөгийн үнэтэй торт нүүрсээр нэг өдрийг аргалж байна. Яажшуухан өвлийг давдаг юм болдоо. “Шинэ үе” продакшныхны “Танайх Дэнжийн 1000-д амьдардаг бол манайх Далан давхарт амьдардаг. Танайх нүүрс түлдэг бол манайх бакришик түлдэг” гэдэг хошин шогийн сурталчилгаа ирэх өвөл олон өрхөд биеллээ олох вий дээ, бурхан минь харж үзээсэй билээ дээ.