
энэ өдөр явганаар ажлаа амжуулж байна. Баруун дөрвөн замаас-зүүн дөрвөн зам
хүртэлх авто замын хөдөлгөөнийг 10.00-17.00 цагийн хооронд бүрэн хааж,
хөдөлгөөнийг хязгаарлана гэсэн мэдээллийг аваагүй иргэдийн хувьд бол бүр улаан
уур. “Үндсэн ажлаа олигтойхон хийж чадахгүй хэвтэж, төв зам хааж төвөг учруулах
нь бас юу вэ” хэмээцгээн замын цагдаагийнхныг “ерөөнө”. “Дарга даамлууд,
дипломатууд хүртэл алхаж байна, бухимдаад яах вэ ах минь” гэвэл нүд нь харин сэргээд
“Үнэн үү, тэгвэл ч бас болж байна шүү. Монголын хууль нэг өдөр ч болов дарга,
цэрэггүй үйлчилж байгаа юм байна” гэж хэлээд инээд алдана.
Авто машинуудын
хөдөлгөөнийг хязгаарлачихсан чинь Сүхбаатарын талбай, Багшийн их сургууль, Хөдөө
аж ахуйн яам руу чиглэдэг төв зам цэлийгээд ямар сайхан харагдана вэ. Залуучууд
алхаад л … Ахмад настнууд хааяахан таарах ч түүртэхгүй алхана. Алхаад бай
гэсэн шиг цаг агаар хүртэл таатай. Харин төв замын урсгалыг хааснаас одоогийн
байдлаар 100 айлын авто зам, мөн Баянбүрдээс Гандан руу өгсөх авто замын урсгал
ачаалал хамгийн их байна. Ажлын өдрүүдэд
бол битүү түгжээ болох байсан биз. Ер нь Улаанбаатар хотын авто зам ачааллаа
дийлэхээ байснаас ажлын өдөр гэлтгүй амралтын өдөр ч авто машины түгжрэлд
дарлуулсаар олон жилийг ардаа хийж буй билээ.
Улаанбаатар хотын
захирагч өнгөрсөн сард захирамж гаргаж, төрийн албаныханы ажлыг 08.00 цагт
эхлүүлсэн ч өнөөх түгжрэл арилсангүй. Өглөө ч, орой ч битүү түгжээ, том оврын
автобуснууд нь вагон шиг урт цуваа үүсгэж, микро автобусныхан нь зай завсарыг
нь олж байгаад хамраа шургуулаад, дайраад орчихыг бодно. Жижиг тэрэгтнүүд явган
зорчигчдыг ногоон гэрлээр ч гаргахгүй зүтгэнэ. Ийм нэг замбараагаа алдсан замын
түгжээн дунд нийслэлчүүд 364 хоногийг хараал тавин үддэг. Түгжээн дунд шатаасан
шатахуун тослох материалынх нь үнэ цэнийг мөнгөн хэмжигдэхүүнээр тооцвол хэмжээлшгүй
их алдагдал гарах биз дээ, Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 250
мянга орчим тээврийн хэрэгсэл давхиж байгаа юм чинь.
Бас болоогүй, энэ
оны наймдугаар сарын байдлаар 28 мянга орчим автомашин гадаадаас орж ирсэн
гэсэн албан мэдээ бий. Ирэх жил дахиад л энэ хэмжээний авто машин хилээр орж
ирж таарна биз. Төсөв түнтийлээ, долоон их наяд төгрөгийн төсөв батална, ирэх
жил гээд л тодроод байна, тэгсэн атлаа авто замаа өргөтгөж чаддаггүй. Яахав, УИХ-ын хаврын чуулганаар хэрэлдсээр
байж, зөвшилцсөн Хятад улсаас 500 сая ам.долларын зээлийн нэлээдгүй хэсэг нь
замын түгжрэлийг арилгах зорилгоор гүүрэн гарц барихад зориулагдах юм гэсэн. Сонгууль
дөхөж байна, эрх баригчид минь гүүрэн гарцаа ашиглалтад хурдан оруулж,
туслаарай даа. Автомашингүй гудамжаар алхах ч сайхан байна шүү. Тэр тусмаа авто
машингүй иргэдэд.
Г.Дарь