Тужийн нарсны таримал ойг хүлээлгэж өгнө

Хуучирсан мэдээ: 2011.10.08-нд нийтлэгдсэн

Тужийн нарсны таримал ойг хүлээлгэж өгнө

“Байгаль хамгаалах намрын сарын аян”-ы “Ус ба мод” сэдэвт багц ажлын хүрээнд хийгдсэн Тужийн нарсны таримал ойг өнөөдөр орон нутагт хүлээлгэн өгнө. Мөн энэ үеэр салбар хариуцсан яам, агентлагийнхан мод тарих юм байна.

БОАЖ-ын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга М.Тунгалаг нар Тужийн нарсны таримал ойг орон нутагт хүлээлгэн өгнө. Тужийн нарсны УТХГ-т сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тарьсан модны ургалт болон нөхөн сэргээлтийн үр дүнтэй танилцах, мод тарих энэ ажилд БОАЖЯ, Ойн газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дархан, Сэлэнгэ аймгуудын БОАЖГ-ын хамт олон оролцоно.

Ойн ихээхэн талбайг хамарсан удаа дараагийн түймэр, хууль бус мод бэлтгэл, эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр тус ойн нөөц их хэмжээгээр хомсдож, Тужийн нарсан ойн тархалтын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь устсан юм. Иймд Тужийн нарсны ойг нөхөн сэргээх, хөрсний хэв шинжийг алдагдуулахгүй, цөлжүүлэхгүйн үүднээс Засгийн газраас нөхөн сэргээх бодлого баримтлан, улсын хөрөнгөөр ойжуулсан юм.

Одоогийн байдлаар нийт 22626.4 га талбайд ойжуулалт хийгээд байгаа ба тарьсан модны амьдралт 78.4 хувьтай ургаж байна. Тужийн нарсны тусгай хамгаалалтай газрын ойжуулах шаардлагатай талбай үндсэндээ дууссан. Үүнээс гадна байгаль дэлхий өөрөө өөрийгөө сэргээх чадвартайг, харуулж тусгай хамгаалалттай газар нутгийн зарим хэсэг ширдэг шиг болтлоо байгалийн аясаар сэргэн ургаж байна.

Бүх нийтээр мод тарих үйл ажиллагаа аравдугаар сарын 8-наас ийнхүү эхлэх тул хүн бүр идэвхи санаачилгатай хандаж, ажил амьдралын орчиндоо мод тарих, бас хавар тарьсан модоо арчлахыг БОАЖЯ-наас нийт иргэддээ уриалж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж