УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүлэв

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан тус салбарын хамт олон, үе үеийн ахмадуудад мэндчилгээ дэвшүүллээ.

Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ, та бүхэн ард иргэдийнхээ төлөө бие, сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж  чамгүй үр дүнд хүрснийг Монголын төр өндрөөр үнэлдэг билээ. Наян жилийн түүхэн энэ хугацаанд энэ салбарын хөгжилд үлэмжхэн ахиц, дэвшил гарсан.

Орон сууцны тухай, Орон сууц хувьчлах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиудыг гаргаж салбарын ажил, үйлчилгээг зах зээлийн харилцааны шинэ нөхцөлд явуулах эрх зүйн орчныг Улсын Их Хурал бүрдүүлж өгснийг онцолжээ.

Түүнчлэн 2010 онд Улсын Их Хурлаас “Ус” хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлан гаргасан нь тус салбарын хөгжлийн ирээдүйг тодорхойлсон томоохон бодлогын баримт бичгүүд болсон юм.

“Шинэ бүтээн байгуулалт”, “100000 айлын орон сууц”, “Төмөр замын тээврийг хөгжүүлэх талаар төрийн бодлого”, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд идэвх, санаачилга гарган бүтээлчээр ажиллаж, богино хугацаанд багагүй амжилтад хүрч байна.

Монгол Улсын хот суурины хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний жигд найдвартай ажиллагааг хангах, байгаль орчныг хамгаалах, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт ирээдүйтэй том зорилтууд тавигдаж байгаа. Та бүхэн цаашдаа ч эдгээр зорилтуудыг нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна хэмээн онцолсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж