Mining Journal Awards – хүндэтгэл төрүүлдэг арга хэмжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

Mining Journal Awards – хүндэтгэл төрүүлдэг арга хэмжээ











"Mongolian Mining Journal" сэтгүүл нь уул уурхайн салбарын оны шагнал гардуулах ёслолын арга
хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Энэхүү шагналын талаарх сэтгэгдлүүдийг хүргэж байна.

ШУТИС-ийн доктор, профессор, Геологи, эрдэс баялгийн музейн
захирал Ж.Лхамсүрэн:

 Mongolian Mining Journal 
сэтгүүлээс уул уурхайн шилдэг компаниудыг шалгаруулах арга хэмжээ зохион
байгуулах болсныг Та хэрхэн үнэлж байна вэ?

Дотоод, гадаадын компаниуд Монголын уул уурхайн салбарт үйл
ажиллагаа явуулах нь улам бүр ихэсч буй энэ үед их цагаа олсон арга хэмжээ гэж
үзэж байна. Ерөөсөө тухайн компанийн үйл ажиллагааны үндсэн зорилго, чиглэл, үр
дагаврыг олон түмэнд харуулах арга хэмжээ юм гэж хэлж болно. Урлаг соёлынхон
бие биенээ шалгаруулаад шагнал өгч байдаг л даа. Энэхүү арга хэмжээний гол ач
холбогдол нь ямар компани үйл ажиллагаагаа явуулж, үр нөлөөгөө нийгэмд хэрхэн
өгч байна вэ гэдгийг олон түмэнд харуулах, үүнийг тодотгож өгөх явдал юм.
Тиймээс би, уул уурхайн компаниудыг танай шалгаруулалтад оролцож, үйл
ажиллагааныхаа үр дүнг сайн танилцуулж, харуулдаг байгаасай гэж боддог. Дуучин
хүн тайзан дээр дуулаад олон түмэндээ авьяасаа таниулдаг шүү дээ. Түүнтэй л
адил. Нөгөөтэйгүүр ийм арга хэмжээний ачаар компаниуд бие биенийхээ амжилтыг
таньж мэддэг болох юм.

 

Уул уурхайн зөв хөгжил талаасаа энэ арга хэмжээ нь эерэг
нөлөөтэй байж чадах уу?

Би чадна гэж бодож байна. Хийж буй үйл ажиллагааны үр дүн
болоод нөлөөг харуулж байх нь л их чухал байгаа юм. Сүүлийн үед салбарын
компаниудын үйл ажиллагаатай танилцахыг олон түмэн их сонирхдог болжээ.
Нийгмийн гэдэг утга нь бол өөрсдийнхөө ашиг сонирхлыг хаячихаад, хүний төлөө
хамаг хүчээ зориулаад хохироод байх ёстой гэсэн зүйл биш юм. Тухайн компанийн
үйл ажиллагаа нь угаас зөв чиглэлтэй бол захирлаас нь авахуулаад ажилтнууд нь
төдийгүй орчин тойрных нь иргэд, байгаль орчин хүртэл ашиг тусыг нь хүртэж
байдаг. Уул уурхайн салбар өргөжиж буй энэ онцгой үед ийм жишээг сайн
танилцуулж байх нь чухал.

 Ашигт малтмалын газар жил бүр шилдэг компаниудыг шалгаруулан
шагнадаг. Салбарын сэтгүүл, төрийн байгууллагын шагнал гардуулах ёслолыг  Та хувьдаа хэрхэн харьцуулан үнэлэх вэ?

Аль нэг нь хэрэггүй гэж би хэлэхгүй. Хоёул хэрэгтэй. Уул
уурхайн компаниудыг шалгаруулж, урамшуулах газар нь зөвхөн яам, төрийн
байгууллага байж таарахгүй. Төрийн байгууллага өөрийнхөө харьяаллын хүрээнд
шалгаруулдаг байж болно. Би эдгээр арга хэмжээг давхардах зүйл биш гэж бодож
байна. Яам бол арай өөр шалгуураар дүгнэдэг байж магадгүй л дээ. Харин  Mining Journal Awards  арга хэмжээ нь арай өргөн хүрээг хамруулан,
мөн нийгмийн үр нөлөөг нь дүгнэхдээ илүү байх болов уу. Яам бол улсад хэр их
татвар төлснөөр нь ч юм уу тухайн компанийн амжилтыг тогтоодог байж болно.
Тиймээс би энэхүү нийгмийн шалгуураар дүгнэдэг арга хэмжээг илүү ач
холбогдолтой гэж бодож байна.

 Уг арга хэмжээг цаашдаа яаж сайжруулмаар санагдаж байна вэ?

Компаниуд эртнээс бэлддэг байх хэрэгтэй. Гэнэт л жилийн
сүүлээр уг арга хэмжээг санадаг байх учиргүй юм. Түүнчлэн уг арга хэмжээг олон
нийтэд сайн сурталчлан түгээх нь зүйтэй.

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал
жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр:

 Mongolian Mining Journal” сэтгүүлээс зохион явуулдаг энэ үйл
ажиллагааг маш чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэхүү шалгаруулалтыг
мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг гэж үнэлдгээ нэмж хэлье. Бүтэн жилийн турш
судалж, шагналын номинаци тус бүрд өрсөлдөж буй компаниуд ямар ажил явуулсан бэ
гэдэгт хараат бус хөндлөнгийн ийм байгууллага үнэлгээ дүгнэлт өгч байгаа нь уул
уурхайн цаашдын хөгжил дэвшилд үр нөлөөгөө өгөх юм. Мөн олон нийтээс санал
авдаг нь шалгаруулалтыг шударга болгож чадсан. Уул уурхайн болон бусад өөр
салбарт олон янзын шагнал гардуулах үйл ажиллагаа болдог. Mining Journal
Awards” шагнал гардуулах ёслол нь оролцож буй аж ахуй нэгжээс хандив тусламж
огт авдаггүйгээрээ бусдаас ялгардаг гэж боддог.

 

MCS группын Хэвлэл мэдээлэл, олон нийтийн  харилцааны албаны захирал Ц.Баяраа:

 Хүний, тэр тусмаа хамт олны бүтэн жилийн хугацаанд хийсэн
бүтээснийг өргөн түмний сэтгэлд  хүртэл
шударга үнэлж цэгнэнэ гэдэг өндөр хариуцлага юм даа. Шагнал эзнээ олбол
хүндлэл, эс олбол шагнасан шагнуулсан хоёулаа эвгүй. Mining Journal Awards  уул уурхайн салбарынхны хүсэн хүлээсэн ач
холбогдолтой шагнал болсон гэж хувьдаа боддог. Энэ итгэл тухайн үед ч төрж
байсан, одоо ч ганхаагүй хэвээрээ байна. Тулхтай, мөн мэргэжлийн хүмүүс
хөндлөнгийн шүүгчээр ажиллаж, сэтгүүлийн редакц бусдаас ивээн тэтгэлэг хараагүй
байсан. Нүдээ олсон жишиг шагнал бий болгоё гэсэн чин эрмэлзэл, газар авсан
буруу хандлагад хөтлөгдөхгүй гэсэн зарчимч байр суурь нь хүндэтгэл төрүүлсэн.
Шагналын ач холбогдлыг би зөвхөн тухайн баярт мөчөөр бус уул уурхайн салбарт
шинээр бий болсон үнэт баялаг-мэдлэг, туршлага, үнэлэмж зэрэг өргөн хүрээнд авч
үзэж байна.  Мэдлэгт суурилсан сэтгүүл
зүйн хөгжлийн төлөөх Танай хамт олны ажил үйлст амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж