
УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хүү Э.Золбоогоо ирэх жилийн сонгуульд сойж эхэлсэн сурагтай. Түүний хүү Э.Золбоо нь УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр Ө.Энхтүвшин гишүүний сонгуулийн ажилд оролцож, чамгүй туршлага хуримтлуулсан гэдэг. Тиймдээ ч энэ хооронд улс төрд орох бэлтгэлээ базааж орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байсан удаатай. Цагтаа зодоон цохионы хэрэгт холбогдож, аавынхаа чихийг багагүй халууцуулж явсан Э.Золбоо намба сууж, улс төрд хүчээ сорихоор болжээ. Гэхдээ сурсан занг сураар боож болдоггүй гэдэг шиг мань хүн хааяа “Люмино” хамтлагийн найзуудтайгаа дарвиж явдаг сурагтай.
Аавынхаа хүслийг биелүүлэгч Х.Алтай
ОХУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан Монголын томоохон бизнесменүүдийн нэг Л.Хангайн хүү Х.Алтай одоогоор Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Х.Алтай С.Баярыг Ерөнхий сайд байхад шадар туслахаар нь ажиллаж байгаад одоогийн Ерөнхий сайд С.Батболдыг тамгаа гардаж авахад ч туслахаар нь ажиллаж байсан юм. Харин Ерөнхий сайдын туслахын ажлаа өгснөөсөө хойш удалгүй Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар томилогдсон нэгэн. Тэрбээр Ерөнхий сайдын туслах болохоосоо өмнө уул уурхайн чиглэлээр Швейцарьт ажиллаж байгаад “Бороо гоулд” компанийн Засгийн газартай харилцах албанд ажиллаж байсан юм. Түүнийг “Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албыг авахад аавынх нь нөлөө багагүй орсон” хэмээх нь бий. Нэгэнтээ түүний аавын нэр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын албан тушаалыг авах хүмүүсийн тоонд орж байсан удаатай. Ямартай ч аав нь “хоосон” хоцорсон ч хүү нь Монголын Хөрөнгийн биржийг удирдаж байгаа нь чамлахааргүй л амжилт.
Удам дамжсан улс төрч О.Содбилэг
“Петровис” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Ардын намын Бага хурлын гишүүн О.Содбилэг бол яах аргагүй томоохон өв залгамжлагчдын нэг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз ээ. Түүний аав Ш.Отгонбилэг УИХ-ын гишүүн, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Харин ээж Д.Туяа нь мөн л УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдын албыг хашиж, төрийн ажлыг хийж явсан. Харин О.Содбилэг АНУ-ын Жоржтауны их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр, Францын Инсеад сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгсчээ. Одоогоор түүний улс төрийн статус нь Ардын намын Бага хурлын гишүүн, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм. Тэрбээр ирэх жилийн сонгуульд Завхан аймагт нэр дэвшихээр бэлтгэж байна.
Аавынхаа бус, даргынхаа чихнээс хонх уядаг Г.Дөлгөөн
УИХ-ын гишүүн Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн аавынхаа чихийг халууцуулаад байдаггүй сайн хүүхдүүдийн нэгд зүй ёсоор орно. Тэрбээр Монголбанкинд Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагчаар ажиллаж байгаа. Харин аавынхаа чихийг халууцуулдаггүй сайн хүү нь сүүлийн үед даргынхаа чихийг халууцуулах болсон гэнэ. Түүний нэр дээр гаргасан нэгэн гомдол Монголбанкны Ерөнхийлөгчид ирсэн байна. Гомдлыг Тээвэр хөгжлийн банкнаас ирүүлсэн аж. УИХ-ийн зарим гишүүний хүүхдүүд хэрэг түвэгт орооцолдож аавынхаа нэрийг гаргадаг байхад хэрэг түвэгт орооцолдох нь бүү хэл “сэргэлэнтэж” байгаад аавынхаа нэрийг дуурсгах энэ мэт хүүхдүүд байна. Тэдний нэг нь Г.Дөлгөөн яах аргагүй мөн. Түүний хийсэн үйлдлийг хэн ч мэдээгүй өнгөрсөн бол аавынх нь нэр, даргынх нь нэр гарахгүй байсан биз.
Тамирчны гараанаас захирлын суудалд заларсан А.Од
УИХ-ын гишүүн Д.Арвины хүү А.Од өнгөрсөн наймдугаар сард хуримаа нижгэр хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Офицерууд” багт тоглодог түүнийг Ц.Шаравжамцийн шавь хэмээдэг ч сагс тоглодог ээжийнх нь сонирхол нөлөөсөн нь ч бий гэх юм билээ. Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигт анх Хасын хүлгүүд багаар дамжин орж ирсэн А.Од одоогоор ээжийнхээ “Их өргөө” барилгын компанийн захирлын албыг хашдаг. Түүний хурим өнгөрсөн намрын нижгэр хуримуудын тоонд зүй ёсоор орсон. Маршал тауны “Marshall luxury” клубт хүлээн авалтаа хийсэн түүний хуриманд ээжийнх нь ангийн дарга Д.Дэмбэрэл, ангийнхан нь болох УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, Д.Очирбат, Н.Ганбямба нар хүрэлцэн очсон. Мөн Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд, “Буян”-ийн Б.Жаргалсайханаас гадна сагсанбөмбөгийн хамтран зүтгэгчид нь ч уригдсан юм.
Н.Ням-Осорын “Олимпийн найдвар”
“Их засаг” их сургуулийн захирал хэмээн дуудуулдаг Н.Ням-Осорын хүү аавынхаа мөрөөдлийг биелүүлэхээр улс төрд хөл тавьсан. Анх “Темон” хэмээх нэрээр дуулж олонд танигдсан тэрбээр одоо Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Тэрбээр ирээдүйд Хэнтий аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж, Хэнтийн зүг гол анхаарлаа хандуулах болсон. Н.Учрал аавынхаа бизнесийг өвлөхгүй өргөтгөж Монголын роял академийг үүсгэн байгуулсан. Түүнийхээ захирлаар нь ажиллаж байгаа нь ч мэдээж юм. Монголын роял академийн захирал гэдэг албан тушаалаар нэрээ гоёхоос гадна Азийн Франчайзын холбооны албан ёсны гишүүн, Монголын Франчайзинг хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч гэдэг гуншин түүний нэрийн өмнө бичигддэг. Н.Учрал өөрийнх нь зиндааныхны гадаадад суралцдаг жаягийг эвдэлгүй Английн “Gloucestershire” их сургуулийг төгсөж, “Stonedridge” коллежид франчайз судлалаар мэргэжлээ дээшлүүлсэн нэгэн. Улс төрд хөл тавих мөрөөдлөө биелүүлж чадаагүй аавынхаа мөрөөдлийг биелүүлэх их итгэл хүлээсэн Н.Учрал аавынхаа захиасыг биелүүлж яваа бололтой.
