
Түүнийг Ширчингийн Сүхбаатар гэдэг. Олон нийтийн дунд зохиолч, яруу найрагч гэж харагдаад байдаг ч үнэндээ хуульч, сэтгүүлч мэргэжилтэй хүн дээ. Монголын анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ы Орлогч эрхлэгч байснаас гадна “Нийслэл таймс” сониныг анхлан удирдаж байсан гэдгийг нь ч хүмүүс гадарлах байх. Сэтгүүлчид бол түүнийг “Сүхээ эрхлэгч” л гэдэг. Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын албыг ч хашиж явсан үе түүнд бий. Харин одоо бол Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж буй. Ажилласан байдлыг нь хараад байхаар их олон газар, олон салбарт хүчин зүтгэсэн хүн. Харин хүмүүсийн яриагаар бол тэрбээр ажилласан салбар бүртээ манлайлдаг гэдэг юм билээ. Үүнийгээ ч баталж, хоёр хоногийн өмнө хууль зүйн докторийн зэргийг “Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт” сэдвээр МУИС-д хамгаалсан байх юм. Докторын дисертацийнх нь гол агуулга нь сэтгүүлчидтэй холбоотой. Түүний судалснаар манай хэвлэл мэдээллийнхэн шүүхэд их дуудагддаг аж. Тэрбээр “Хэвлэл мэдээллийнхэн далд бүхнийг ил болгож, дэлгэж явдаг учраас зарим нэг зүйл дээр алдаж болно” гэж үзсэн байна лээ. Энэ нь ч сэтгүүлчдэд таалагдсан нь лавтай. Монголын сэтгүүлзүйд шинэхэн докторын хийх ажил ч их байна даа.
"Улс төрийн тойм" сонин
