Хувь тавиланг өөрчилсөн ”алим”-ны модны цэцэрлэгч

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

Хувь тавиланг өөрчилсөн ”алим”-ны модны цэцэрлэгч

“Аpple” компанийг үндэслэгч Стийв Жобс 56 насандаа таалал төгслөө. Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэнд илт муудаж, хорт хавдар туссан бөгөөд “Apple” компанийн тэргүүний албаа хүлээлгэн өгөөд байсан юм. Бичил технологийн ертөнцөд хувьсгал хийж чадсан Стийв Жобс АНУ-ын “тархи”-ийг бүтээсэн жирийн нэгэн буддист хүн байжээ. Тэрбээр “Агуу ихийг бүтээх цорын ганц арга бол хийж буй зүйлдээ дурлах явдал” хэмээн хэлдэг байв. Тэр дэлхий ертөнцийг өөрийн гараар өөрчлөн бүтээж байгаадаа үргэлж сэтгэл  хангалуун байжээ. 

“Стийв Жобс бүх насныханд нөлөөлж чадсан. Түүн шиг ийм хүн дэлхий дээр өөр байхгүй” хэмээн “Apple”-ийн гол өрсөлдөгч “Майкрософт” компанийн тэргүүн Билл Гейтс ярьсан юм. Анх “iPod”, “iPhone”-ийг бурханы гар утас хэмээн нэрлэж байсан бол “iPad”-ийг бурханаас давж гарсан хүний бүтээл хэмээн хэвлэлүүд шуугиж байв. “Apple” компанийн бүтээсэн технологийн дэвшлийн сор болсон бүтээлийн нэг “iPad” худалдаанд гарсан даруйдаа үнэхээр шуугиан тарьсан явдал юм.

“Netscape Communications” ком­панийн тэргүүн Марк Адрийссен “Стийв бол Моцарт, Пикассотай адилхан цорын ганц, дахин дав­тагдашгүй суутан” хэмээн “Apple”-ийн суутны тухай ярьсан байна. Стийв Жобсын амьдрал амжилт, уналтаар баян. Түүний ачаар “Apple” компани 1980-аад оны үед амжилтын оргилд аваачиж чадсан ч бас эргээд уналтад орж байсан юм. Харин хожим андройд үйлдлийн систем бүхий компьютер, гар утасны зах зээлд эргэлт оруулж чадсаныхаа ачаар “Аpple”-ийн нэр дахин алдаршиж эхэлсэн билээ. Тиймээс С.Жобсыг “Apple” компанийг хоёр удаа бай­гуулсан хэмээн тодорхойлдог.

“Apple” компанийн анхны ажилч­дын нэг Л.Фернандез “Стийв Жобсын дотны нөхөр, ажлын хамтрагч Вознайк нь гайхалтай чадварлаг инженер. Гэхдээ Стийв хамгийн эрсдэлтэй алхамыг хийдэг учраас Вознайкаас давуу байж чаддаг” хэмээн ярьжээ. “Apple”-ийг үндэс­лэгчийн хувьд компани дээрээ ирэх бүртээ шинэ адал явдалтай учирч байгаа юм шиг санагддаг байсан тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэг бус удаа дурьдаж байв. 

Тэрбээр гэрлэлтээ хараахан бат­луулаагүй байсан их сургуулийн хоёр оюутны хүү болон Сан-Фра­нцискод мэндэлжээ. Амьдралд учраа­гүй олоогүй явсан эцэг, эх нь хүүг Калифорнид амьдардаг Паул Жобсын гэр бүлд үрчлүүлсэн байна. Түүнээс хойш ердөө сарын дараа тэд гэрлэж, нэг охинтой болсон юм. Харин охин дүү нь насанд хүрэх хүртлээ Стийв гэдэг ахтайгаа мэдээгүй аж.

Стийв Жобсыг өргөж авсан эцэг эх нь АНУ-ын Цахиуртын хөндийд амьдрахаар очсон нь технологийн дэвшлийн охийг багаасаа мэдэрч өсөх боломжийг бүрдүүлж өгчээ. Тэрбээр ахлах сургуульд сурч байхдаа “HP” компанид ажиллах урилга авч байв. Харин хожим нь коллежид орсныхоо дараа сургуулиа хаяж, видео тоглоомын үйлдвэрлэлээр тэ­рүүлдэг “Atari” компанид ажилд ор­жээ. Энэ үеэр цалингаа цуглуулан мөнгө хурааж Энэтхэг рүү аялсан нь хожмын амьдрал, үзэл бодлыг нь өөрчилсөн томоохон алхам болсон байна. Энэхүү аяллаас эргэж ирэхдээ хүү ламын орхимж өмсөж, үсээ хусан хувраг шиг төрхтэй болсон байжээ. Тэрбээр үлдсэн амьдралынхаа тур­шид буддизмыг шүтэж, цагаан хоол­тон болсон юм. Хожим нь тэрбээр ярихдаа “Энэтхэгт явж байхдаа компьютерын шинэ загвар бүтээх санаагаа олсон” гэжээ.

Энэтхэгээс эргэн ирснийхээ дараа Стийв Жобс “Atari” компанид эргэн орж, өөрийн найз Стийв Вознайктай хамтран компьютерын шинэ загвар зохион бүтээж, анхны загвараа дэлгүүрүүдэд тавьж, тэднийг “Apple 1” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр дуртай жимснийхээ нэрээр компаниа нэрлэжээ. Хожим нь “Apple” компани “Atari”-ийн гол өрсөлдөгчдийн нэг болсон юм. “Apple”-ийн анхны загвар гарснаас хойш ердөө нэг жилийн дараа “Apple II” Калифорнийн дэлгүүрүүдэд тавигдаж эхэлжээ. Технологийн дэвшлийг бүтээхийн тулд маш хөрөнгө шаардагддаг. Энэ асуудал залуухан Стийв Жобсыг ч тойрсонгүй. Гэвч тухайн үед нэгэн хөрөнгө оруулагч түүнд 250 мянган ам.долларын зээл олгосны ачаар “Apple” компани хөл дээрээ тогтож эхлэв. Тухайн цаг үедээ “Apple II” бусад компьютеруудаас ялгарч чадаж байв. Тэр үед орчин үеийн компьютеруудтай харьцуулахад тэр үед зүгээр л дөрвөлжин хайрцагнууд хөглөрдөг байсан бол тэдний дэргэд “Apple II” бүрэн тоноглогдсон робот байжээ. Стийв Жобсын шинэ загварууд технологийн ертөнцөд хувьсгал хийж, 1993 онд зургаан сая хувь борлогдон тухайн үедээ дээд амжилт тогтоож байв. Харин энэ үеэс тэрбээр компанидаа мэргэшсэн менежерүүдийг урьж, ажилчид хөлс­лөн “Apple” корпорацийг бай­гуулжээ.

“Apple”-ийн удирдах ажилтнуу­дын нэг нь Стийв Жобсын тухай “Түүнийг тааж мэдэхийн аргагүй хүн” хэмээн тодорхойлж байсан аж. “Түүний толгойд шинэ санаа орж ирвэл үүнийгээ гүйцэлдүүлж, ажил хэрэг болгохын тулд юуг ч үл хайхран зүтгэдэг” хэмээн ажилтан нь ярьжээ. Харамсалтай нь “Apple” компани 1984 онд санхүүгийн хямралд орж, дампуурлын ирмэгт очиж байв. Энэ үед Стийв Жобс “Next computer”-ийг байгуулж, “Уолт Дисней” ком­па­нитай хамтран анимэйшн киноны салбарт хүч үзэж эхэлсэн юм. Энэ үеэс алдарт “Pixar” гэдэг нэрээр түүний компани алдаршжээ. Кино урлагийн салбар дахь Стийв Жобсын шилдэг бүтээл нь 1995 онд хийгдсэн “Тоглоомын түүх” хүүхэлдэйн кино байлаа. Түүний дараа “Немогийн эрэлд”, “Мангасууд” зэрэг кинонууд бүтээснээр “Pixar” групп анимэйшн киноны салбарт амжилт үзүүлж эхэлсэн юм.

Стийв Жобс нэгэнтээ “Чи хэ­рэглэгчдээсээ зүгээр л юу хүсч байгааг нь асууж, хэлснийг нь хийж өгч болно. Гэхдээ чамайг бүтээлээ гаргасны дараа хэрэглэгчид дахиад өөр шинэ зүйлийг хүсч эхэлдэг” хэмээн ярьсан аж. Тийм учраас түүний бүтээлүүд нэг нь нөгөөсөө давж гарахуйц технологийн дэвшил болж чаддаг байжээ. Хүн төрөлхтний хувь тавиланг гурван алим өөрчилсөн гэдэг. Евагийн хазсан алим, Ньютоны толгой дээр унасан алим, бас Стийв Жобсын тарьсан “алим”. Тэрбээр энэ “алим”-ны модны цэцэрлэгч нь байжээ.

"Улс төрийн тойм" сонин


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж