
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд, УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХ-ын хувьд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах болж байгаа байх. Намууд “Бэлэн мөнгө, хувь, хишиг амлахгүй” гэж гэрээ байгуулсныг нь Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлээр зохицуулна гэж ойлгож байна. Харин Засгийн газрын хувьд төмөр зам, цахилгаан станц, Тавантолгой гэхмэтчилэн хэлэлцэх асуудал олон бий. Намууд хариуцлагатай байх шаардлагатай нь ажиглагддаг. Тиймээс хуулийн хүрээнд нийтлэг эрх ашгаа барьж ажиллахыг хэвшүүлэх учиртай. Манай улсыг дэлхийн улс орнууд харж чих тавьдаг болчихож. Ялангуяа хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд анхаарлаа хандуулж байна. Нэг үгээр хэлбэл дотроо яриад асуудлыг шийдчихдэг ойлголт хуучирчээ” хэмээв. Мөн тэрбээр Оюутолгойн гэрээний талаар байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгч “Оюутолгой бол Монголын бүтээн байгуулалт гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Сүүлийн үед зэсийн үнэ нэлээд уналаа. Гэтэл ийм нөхцөлд Оюутолгойд оруулах хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтыг босгох, гаднаас ирэх хүндрэлийг Засгийн газар зохицуулж ажиллах ёстой. Харин дотоодод нь ойлгомжгүй байдал бий болоод ирэхээр тэдний ажилд нөлөөлөөд байгаа юм. Бид хөрөнгө оруулагчдыг ил тод, хариуцлагатай гэж үздэг. Тиймээс энэ стандартад хөрөнгө оруулагчид нийцүүлж ажиллах ёстой. Харин ханган нийлүүлэлт, цахилгаан эрчим хүч, дэд бүтэц зэрэг Оюутолгойн бүтээн байгуулалтыг хурдасгах үүднээс манай улсын Засгийн газар тэдэнд харин ч туслах хэрэгтэй юм. “Оюутолгойн ордыг ашиглаад эхэлбэл Монгол дэлхийн зэсийн зах зээл дээрх том тоглогч болно” гэж боддог. Иймээс өнөөдрөөс эхлэн үүнийг ярих шаардлагатай. Оюутолгойгоос шаардах, бас хамтран ажиллах, шийдэх асуудал бий юү гэвэл бий. Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд Монголын нэр хүнд дэлхийн хэмжээнд ихээхэн унаж байна. Үүнд хөрөнгө оруулагчид ч бас хамаатай. Тиймээс асуудал гарвал бүгдээрээ ярилцаж шийддэг арга барилыг сонгоё. Ингэхгүй бол болохгүй нь. Ер нь Оюутолгойтой холбоотой асуудлыг Улаанбаатарт шийдэх ёстой. Түүнээс биш өөр, өөр газар мэдэгдэл хийж, Монголын нэр хүнд, хувьцааны ханш унах байдалд хүргэж болохгүй. Иймээс миний хувьд харилцан ярилцах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Ер нь дараагийн парламент, Засгийн газар гарч ирлээ гэхэд ард иргэдээ бага бодно гэж байхгүй. Тийм ч учраас Оюутолгойг улс төрийн, сонгуулийн сэдэв болгон хувиргамааргүй байх юм” гэлээ. Харин энэ үеэр Засгийн газрын тэргүүн С.Батболд “УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолын дагуу бид хөрөнгө оруулагчдад санал тавьсан. Бидний саналыг хөрөнгө оруулагч тал хүндэтгэлтэй хүлээн авч байгаагаа хэлсэн. Гэхдээ тэд “Энэ асуудлаар тохиролцоо хийх боломжгүй” гэх хариулт өгсөн юм. Монгол Улс асуудлаа хөндөж тавих бичгийн болон хоёр талын тохиролцооны хэлбэрээр Хөрөнгө оруулалтын гэрээний 15.30 дугаар заалтын хүрээнд асуудлыг ярих боломжтой. Ийм агуулгатай хамтарсан мэдэгдлийг гаргахаар Засгийн газар хөрөнгө оруулагч талтайгаа тохиролцож байна. Хамтарсан мэдэгдлийг УИХ-д удахгүй танилцуулна” хэмээв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Оюутолгойн гэрээг хэлэлцэж, зөв зам руу нь явуулъя гэдэгтэй санал нэг байна. УИХ Сонгуулийн тухай хуулиа батлахын төлөө ажиллаж байгаа. Нэмж хэлэхэд Засгийн газрыг тогтвортой ажиллуулъя гэж боддог” гэсэн юм. Энэ үеэр “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төрийн тэргүүн хориг тавина” гэх мэдээллийн дагуу УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчөөс тодрууллаа. Түүний асуултад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндсэн хуулийг дордуулсан долоон заалтыг та бүхэн мэднэ. Сонгууль эхлэхэд бага хугацаа үлдлээ. Ийм үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нийтийн хэлэлцүүлэг болговол одоогийн хэлэлцэж буй асуудалд нөлөөлчих вий. Тиймээс УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө Үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулахыг дэмжихгүй” гэв.
"Улс төрийн тойм" сонин