Ч.Наранбаатар: Шинэ ордныг төр эргэж хармаар байна

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

Ч.Наранбаатар: Шинэ ордныг төр эргэж хармаар байна

Биеийн тамир, спортын газрын дарга Ч.НАРАНБААТАРТАЙ ярилцлаа

-Олимп эхлэхэд жил хү­рэхгүй хугацаа үлдсэн байна. Боксын олим­пийн эрх олгох ДАШТ үргэл­жилж, Монго­лоос хоёр тамирчин болзлоо биелүүллээ. Ер нь энэ жил хэчнээн эрх авах зорилго­той­гоос хэдийг нь авчихаад байна вэ?

-Лондоны олимп эхлэхэд 297 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар олим­пийн найман эрх аваад байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдам­бын эрх эргэлзээтэй байсан ч Кубын боксчинг ялж эрхээ ба­талгаажуулаад зогсох­гүй дэл­хийн аваргаас хоёр дахь меда­лиа авах нь тодорхой боллоо.  Түүнд алтан медаль авах найдвар бий л дээ. Ер нь бол Монголд боксын спорт бүх жинд жигдхэн, хур­дац­тай хөгжиж байна. Өмнө нь гадаа­дынхан Мон­голын тамирчинтай таараасай гэж хүсч, таарчихвал баярладаг байсан. Харин одоо айж, аль болох зугатаахыг оролддог болжээ. Энэ бол чанарын дэвшил гарч байгаа хэрэг юм. 2008 онд ганцхан Э.Бадар-Ууган л эрхтэй байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр таван хүн шөвгийн 16-д гараад ирсэн. Ингэж бодохоор яалт ч үгүй дэвшил гарсан байгаа биз. Өмнө нь ердөө л 2-3 тамирчны нэр гардаг байсан. Бээжин­гийн олимпоос хойш энэ байдал эрс өөрчлөгджээ гэдгийг хэлмээр байна. Энэ бүхэнд төрийн тусламж, дэмжлэг байгаа. Төр бодлогоороо спортыг их дэмждэг болсон нь тамирчдын амжилт гаргах бас нэг маань улсынхаа нэр хүндийг өндөрт өргөдөг боллоо.

-Лондоны олимпийн бэлт­гэл ажил та бүхний тө­лөвлөгөөний дагуу явагдаж байна уу. Төлөв­лөсөн ажлаа явуулахад хүндрэл хэр гарах юм бэ?

-Яг л төлөвлөгөөний дагуу ажлаа явуулж байна. Лондоны олимпод 30-аас дээш эрх авч, гурваас дээш медаль авах зорилгоо биелүүлэхийн төлөө бүгд хамтраад зүтгэж байна. Бээжингийн олимптой харь­цуул­бал энэ нь мэдээж хүнд л дээ. Цаг агаар, цагийн зөрүү, уур амьсгал гээд олон бэрх­шээл­тэй. Ер нь бол тамирчдаа илүү л бэлдэхгүй бол луйвар­дуулах тохиолдол гарч болзош­гүй. Сая л гэхэд боксоор хоёр ч удаа хүнд цохил­тод оруулаад байхад шүүгчид ялалтыг эсрэг талд өгсөн шүү дээ. Иймэрхүү тохиолдлоос урьдчилан сэргий­лэхийн тулд бүх зүйлд сайн бэлтгэнэ. Жүдочид л гэхэд 10 гаруй эрх авчих байх. Олимпод тамирчдаа амжилттай оролцуу­лахын тулд хөрөнгө мөнгө ч их зарлаа. Зөвхөн жүдо дээр л гэхэд одоогоор 436 сая төгрөг зарсан байна. Улс өмнө нь хэзээ ингэж загнаж байлаа. 2005 онд л гэхэд бүх шигшээ багт ний­лээд 250 сая төгрөг төсөвлөж өгсөн мөртлөө амжилт нэхээд байсан шүү дээ. Харин одоо бол спортод амжилт гаргахын тулд хөрөнгө мөнгө харамгүй зарах хэрэгтэй юм байна гэдгийг төр ойлгосон. Одоогийн байд­лаар олимпод эрх авах бүх төрлүү­дэд 1.5 тэрбум төгрөг зарцуул­сан байна. Энэ бол төрөөс биеийн тамир, спортод үзүүлж буй дэмжлэгийн нэг илрэл.

-Бээжин, Лондон хоёр эрс тэс ялгаатай. Та ч бас ингэж хэллээ. Тэг­вэл манай тамирчдын бэлтгэлийг шинж­­лэх ухааны үүднээс хийж байгаа юу?

-Биднийг зүгээр л бор зүрхээрээ бэлтгэл хийгээд яваад байгаа мэтээр ойлгоод байх шиг байна. Тийм биш ээ. Цаг агаар, хоол унд, уур амьс­гал, ца­гийн зөрүү зэрэг дээр хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө гаргасан. Зарим тамирчин дээр хувийн төлөвлөгөө гаргасан байгаа. Эм, витаминжуу­лалтын хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгсөн. Шигшээ багийн алба, ШУА, Спортын анагаах ухааны алба, эрдэм шинжил­гээний албатай хамтарч ажил­лаж байна. Ер нь манай тамир­чид ямар ч тэмцээн уралдаанд шинжлэх ухааны үндэстэй бэлтгэлээ хийж ирсэн. Үүнээс гадна нэг жинд дор хаяж 5-6 бэлтгэл хангагч байх хэрэгтэй. Энэ тал дээр ч гэсэн бид ярил­цаж байгаа.

-Дасгалжуулагч, тамир­чинд нь хариуцлага тооцдог юм байж. Тэгвэл холбоонд нь?

-Бид холбоонд хариуцлага тооцох эрхзүйн үндэс байхгүй. Төрийн байгууллага ТББ-ын дотоод ажилд оролцохгүй. ТББ төрийн байгууллагын ажилд оролцохгүй. Ийм л журамтай. Өөрсдөдөө оногдсон ажлаа л хийгээд явах ёстой.

-Биеийн тамир спортын нэгдсэн бодлого гэж байх ёстой болов уу. Гэтэл манайд спортын чиглэлийн төрийн бус байгууллагууд нь хамт­ран ажиллах тал дээр муу байна. Үүний дотор танай бай­гуул­лагыг МҮОХ-той хамтарч ажил­лах тал дээрээ учир дутаг­далтай байна гэсэн шүүмжлэл гарах болж. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Олимпийн хороо бол төрийн бус байгууллага. Биеийн тамир, спортын газар бол тө­рийнх. Ер нь бол сардаа Лон­доны олимпод бэлтгэх хороо ху­­рал­­даж байна. Ажлын хэс­гийн ахлаг­чаар БТСГ-ын дэд дарга Д.Сүрэн­хор­лоо ажилла­даг. МҮОХ-ноос дэд ерөнхий­лөгч Ц.Дамдин, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одон­баяр тэргүүтэй долоон хүний бүрэлдэ­хүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Олим­пийн наа­дамд бэлтгэх үндэсний хороо­ны дарга нь Ерөнхий сайд С.Бат­болд. Энэ ажлын хэсгээс ерөн­хий чиглэлээ гаргаад түүнийхээ дагуу бид хамтран ажилладаг. МҮОХ-ны ерөн­хий­лөгч Д.Загд­сүрэн­тэй 14 хоног­тоо нэг удаа уулзаж ажил хэргээ ярилцаж байгаа. Түүнээс биш энэ хоёр байгуул­лагын, дарга нар нь хоорондоо таардаг­гүй гэсэн яриа байж болохгүй. Төрийн бус бай­гууллага өөрийн­хөө стату­саар л ажиллана. Харин БТСГ дээр жинхэнэ үйлдвэрлэл яваг­даж байна. Бид олимпийн хо­роонд бүх ажлыг нь бэл­дэж өгнө. Тэд цаа­шаа авч явна, авчирна.

-Монголчууд маань спор­тын сайхан ордонтой бол­лоо. Шинэ ордонд болж бай­гаа тэм­цээнийг харахаар үзэгч багатай нэг л эл хуль байх юм. Хэзээ дүүрч, үзэг­чийн уухайн түрлэг шинэ ордонд цуурайтах бол?

-Шинэ ордонтой болсноор бид олон улсын тэмцээн хү­лээж авахад нүүр улайхгүй болсон нь үнэн. Бид энэ ордныг анх барьж байхдаа санаа зовж л байсан. Өөрийн тань хэлдгээр үйлчилгээнээс хол, автобусны буудалгүй болохоор үзэгчгүй байвал яана гэж санаа зовдог байлаа. Харин одоо бол өөр. Спорт сонирхогчид шинэ ордон­доо ирэх дуртай болжээ. Хол ч гэсэн зориод ирж байна шүү дээ. Саяхан гэхэд л Хууль зүй, дотоод хэр­гийн яамны 100 жилийн ойн хүрээнд болсон спортын наадмын арга хэмжээ шинэ ордонд болсон. Суудал битүү дүүрсэн. Хоёр талд хөг­жөөн дэмжигчид бөмбөр нижиг­нүүлж, хөгжим дуугаргаад л. Хамгийн гол нь зохиож байгаа тэмцээний цар хүрээ, зохион бай­гуулалтаас хамаар­на. Нэг ёсондоо энэ чинь зохион бай­гуулагч нарын ур чадвар, ме­неж­­ментийг бас давхар шалгаж байна шүү дээ. Одоо спортын шинэ ордонд цаг олдохгүй байна. Дээрээс нь хуучин ордондоо хорогдоод бай­гаа тал бий. Ер нь бол саг­санбөмбөг, волейбол зэрэг багийн спортууд бол стандар­тын талбайдаа тоглох хэрэгтэй. Сагсанбөмбөг л гэхэд хуучин ордонд худлаа тоглоод байгаа байхгүй юу. Жижигхэн хашлага дотор ямар ч хурдгүй. Жижиг талбайд тухайн тамирчны ур чадвар хан­галт­тай гарч чадах­гүй ээ. Тиймээс тэднийг ши­нээр бар­иад өгсөн ордондоо, стандар­тын талбайдаа тэмцээн урал­даанаа зохион байгуулах хэрэг­тэй гэж хэлмээр байна. Багийн спортод хурд маш чухал.

-Саяхан Зас­гийн газрын 282 дугаар тогтоолоор шинэ орд­ныг, бас Булган аймгийн Хан­гал суманд байдаг “Спорт бэлт­­гэлийн төв”-ийг ашгийн байгуул­лага болчихлоо. Энэ зөв үү?

-Миний хувьд үүний эсрэг байр суурьтай байгаа. Уг нь шинэ ордныг эрүүл мэндийг са­хин хамгаалах, монгол­чуудыг спортод татах зорилгоо Хята­дын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж өгсөн. Гэтэл одоо хэдхэн хүний эрх ашгийн төлөө ашиг олдог байгууллага болгох гээд байна. Энэ бол буруу. Магадгүй шинэ ордон маань удахгүй Төв цэнгэлдэх хү­рээ­лэн шиг болчих вий гэд­гээс болгоом­жилж байна. Тий­мээс шинэ ордныг хоёр дахь Төв цэнгэлдэх хүрээлэн бол­гох­гүйн тулд төр гаргасан шийд­вэрээ эргэж хараасай. Спортын ордон бол ашгийн байгууллага байж болохгүй ээ. Дэлхийн аль ч улсад спорт нь төрийн ивээлд байх ёстой. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө төр хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй. Зөвхөн би хэлж бай­гаа юм биш. Олон тамирчин, дасгалжуулагч энэ талаар ярьж байна.

-Үндэсний шигшээ баг гэж байх хэрэг байна уу?

-Энэ алба гарцаагүй хэрэг­тэй. Заавал байх ёстой. Шигшээ багийн алба гэж байхгүй бол бүх зүйл дур зоргоороо, эзэнгүй байна. Баг тамирчин, дасгал­жуулагчдыг шигшээ баг л зангидаж ажиллаж байна. Тиймээс зайлшгүй байх нь зөв. Одоогоор энэ албанд дөрвөн хүн бий. Шаардлагатай бол орон тоог нэмнэ. Сэтгэлзүйч, эмч нарыг нэмэх тал дээр анхаарна. Эмч нар гэхэд маш их ачаа­лалтай ажиллаж байна. Тий­мээс орон тоог нэмэх зайлшгүй шаард­лагатай.

-Тамирчдын бэртэл, гэм­тэл гээд нэг эмзэг сэдэв бай­на. Бэртлээс болоод хоёр олим­пийн аварга олигтой амжилт гаргахгүй байна. БТСГ-аас энэ тал дээр хэр анхаарч байна вэ?

-Бэртэл гэмтэл байнга гардаг. Ялангуяа жүдо, чөлөөт бөх, бокс гэх мэт топ спор­туудад. Тэр бүхэнд нь бид ту­салж, дэмжээд ажиллаж байна. Цаашид ч гэсэн бэртэл гэмтэл­тэй тууштай тэмцэнэ. Э.Бадар-Ууган л гэхэд олимпийн өмнө тохойд нь сэртэн яс ургасан байсныг нь бид Тайваньд эмчлүүлсэн. Одоо нурууны бэртэлтэй байгаа. Гэхдээ ирэх жил олимпийн эрх олгох тэм­цээнд амжилттай оролцож бид­нийг баярлуулах байх. Х.Цагаан­­баатар маань саяхан БНСУ-д өвдгөндөө мэс засал хийлгээд ирлээ. Бид үүнд анхаарч байгаа.

-Гэмтсэн тамирчдад зо­риул­сан тусгай сан байгуулж болдоггүй юм уу. Х.Цагаан­баатарт л гэхэд сэргээлтийн эмчилгээнд бас л мөнгө хэрэгтэй болно. Хэрхэн шийдэх вэ?

-Х.Цагаанбаатарын эмчил­гээний асуудлыг бид хариуцан ажиллаж байгаа. Тиймээс түүнд бүх талаар тусална. Яа­гаад гэвэл Х.Цагаан­баатар бид­ний гол найдварын нэг. Олимп хаяанд ирсэн байгаа учраас тамирчнаа яаралтай эдгээх нь чухал. Саяын хэлсэн санг “Олимп хөгжил сан”-гаас гаргах бүрэн боломжтой. Бүх орон нутагт “Олимп хөгжил сан”-ийн цом аялуулж байна.

Б.МӨНХЗУЛ.

Зохиогчийн эрх: "Үндэсний шуудан" сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж