
Хан-Уул дүүргийн билгэ тэмдэг “Ажилчны алдар” талбайн тохижилт, усан оргилуурын ажлын нээлт өнөөдөр боллоо. Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтыг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх үүднээс хийгдэж буй “Ажилчны алдар” талбайн иж бүрэн тохижилт нь нийслэлийн төсвийн 176 сая төгрөгийн төсөвт өртгөөр босч байгаа бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Баянмандал зам” ХХК ажиллажээ. Энэ оны тавдугаар сарын эхээр тохижилтын ажил нь эхэлсэн тус талбайн хүрэл хөшөөг сэргээн засварлаж, усан оргилуур, гантиг чулуун талбай, гэрэлтүүлэг, явган хүний зам талбай, сандал хогийн сав байрлуулан хүлээлгэн өгч байна.
Дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах тус талбайг 1984 онд ноосны үйлдвэрийн нэгдэл, арьс ширний үйлдвэрийн нэгдлийн санаачлагаар Ажилчны ройан нэртэйгээр Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас үүрэг өгч байгуулсан түүхтэй. “Ажилчны алдар” талбайн бэлэг тэмдэг болох хүрэл хөшөөн баримлыг Б.Хийморь хэмээх уран барималч урлажээ.