“Mongolian Music Video Awards-2011” болно

Хуучирсан мэдээ: 2011.10.07-нд нийтлэгдсэн

“Mongolian Music Video Awards-2011” болно

Монголын орчин үеийн хөгжмийн урлагт рок поп, студи продакшнуудын шилдгүүдийг шалгаруулдаг хамгийн том наадам бол  “Mongolian Music Video Awards” билээ.  Тэгвэл тус наадам нь найм дахь жилдээ болох гэж байна. Наадам энэ сарын 26-нд  Соёлын Төв Өргөөнд болох юм. Мэдээж уламжлалт улаан хивсний ёслолоор эхлэх бөгөөд “Mongolian Music Video Awards-2011” улалжлал болсон 15 номинацид шилдгүүдээ тодруулах аж.

  • Шилдэг санаа
  • Шилдэг продюсер 
  • Шилдэг найруулагч
  • Шилдэг зураглаач
  • Шилдэг зураач
  • Шилдэг график
  • Шилдэг дебют
  • Шилдэг дүр бүтээлт
  • Шилдэг имиж бүрдүүлэлт
  • Олны таашаалд нийцсэн клип
  • Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип
  • Хип хоп  хамтлаг дуучдын шилдэг клип
  • Рок альтернатив хамтлаг дуучдын шилдэг клип
  • Сонирхогчдын шилдэг видео клип 
  • Электро хөгжмийн шилдэг клип гэсэн номинациар шилдгүүдийг тодруулах ажээ.

Мөн  энэ жилийн наадамд 50 гаруй студи, продакшны 160 гаруй видео клип шилдэг гэсэн тодотголын төлөө өрсөлдөж байгаа. 160 клип гэдэг нэг жилийн хугацаанд чамлахааргүй амжилт бөгөөд тоон үзүүлэлтээрээ ч гэсэн манай видео клипний урлагийн хөгжлийг тодорхойлж байна. Жил бүр хамрах хүрээний хувьд өргөжиж, видео клипнүүдийн чанар ч бас чангарч байгаа. “MMVA” наадам тэдний уран бүтээлийг дэмжин хурцалж, басхүү өрсөлдөөн бий болгож байгаад наадмын гол  ач холбогдол  оршиж байгаа юм.

Эдгээр клипүүд дундаас шинэлэг санаа, өнгө төрх, ур чадвар, хөдөлмөрөөрөө бусдаас илүү байж чадсан шилдэг 15 уран бүтээлч наадмын номинацийн эзэд болно. Монголын видео урлагт хэн хамгийн шилдэг болохыг шүүгчдийн бүрэлдэхүүн гурван удаагийн шүүлтүүрээр тодруулна.  Энэ жилийн наадмын шүүгчдээр манай дэлгэцийн урлагт хүндтэй байр суурь эзэлдэг эрхмүүд ажиллах бөгөөд МҮОНТ-ын захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Freeline” студийн захирал, зураглаач  Ц.Гансэрээ, “Аригү видео” компанийн захирал продюсер Л.Ариунбат, Шог зураач С.Цогтбаяр, найруулагч Р.Тулга, “Hi-Fi Mega Store”-ын захирал Ц.Нацагдорж нар ажиллах юм. Шүүгчдийн эхний хурал өнгөрөгч бямба гаригт болж өнгөрсөн бөгөөд “Энэ жилийн наадамд өрсөлдөж буй клипүүдийг өмнөх жилүүдтэй харьцуулахад өнгө  төрх, чанарын хувьд өссөн. Мөн шинэ техник технологийн дэвшлийг ашиглаж монголын видео урлагт шинэ зүйлийг мэдрүүлж чадсан байна” хэмээн онцолсон юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж