Норовчоймболиний хийдийг сэргээн засварлаж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Норовчоймболиний хийдийг сэргээн засварлаж байна

Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Мишиг гүний Норовчоймболин хийдийг сүүлийн арваад жил засварлаагүй, ашиглахгүй байсныг сэргээн үйл ажиллагааг нь тогтмолжуулах ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхлүүллээ. Норовчоймболин хийд 1696 онд Мишиг да гүний хошуунд анх байгуулагдаж түүнээс хойш өргөжин тэлсээр 20 орчим дуган, найман дацан, 600 гаруй ламтай баруун талдаа Эрдэнэзуу хийдийн дараа орох томоохон хийдүүдийн нэг байжээ. Сумын сүсэгтэн олон, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, нутгийн удирдлагын санаачилгаар хандив тусламж цуглуулах ажил өрнүүлж, 20 гаруй сая төгрөгөөр сэргээн засварлахаар тооцоолсон байна. Тус хийдийн дотоод дуганыг Улаанбаатар дахь нутгийн зөвлөл сэргээхээр болсон бол гадна хашааг сумын иргэдийн хандиваар засах шийдвэр гарч ажлаа эхлүүлжээ. Мөн иргэн Лхүндэв 200 мянган төгрөг, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Л.Дондог нэг сая төгрөг, УИХ-ын гишүүн С.Батболд нэг сая төгрөг, Ө.Наранхүү 50 ширхэг блок, Д.Дашдондог 50 ширхэг блок, Ц.Нанзаддорж 20 ширхэг блок, сумын харьяат өрх бүр 10 мянган төгрөг, албан хаагч бүр 10 мянган төгрөг хандивлан одоогоор нийт хоёр сая, 755 мянган төгрөг цуглаад байгаа аж. Цаашид энэхүү засварт шаардлагатай хөрөнгийг цуглуулахад Дэлгэрхаан сумын уугуул болон сүсэгтэн олныг хандив өргөл өгөхийг уриалжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж