Замын компаниуд сэхэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Замын компаниуд сэхэхгүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2011 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсээр 18.00 цагтай уралдуулан чуулганыг өндөрлүүллээ.

Уул уурхайн их баялгийг дагаад төсөв ашигтай гарч, тодотгол хийх хэрэгтэй болсон ч гишүүдийн яриагаар бол үндэсний замын компаниуд одоо хэр нь сэхэл авахгүй байгаа аж. 2008 оны сүүл, 2009 онд тохиосон санхүү, эдийн засгийн хямралын улмаас замын компаниуд шатахуунаас асар их алдагдал хүлээсэн бөгөөд үнийн зөрүүнээс үүдэлтэйгээр бий болсон шархыг нөхөхөд зориулж нөхөн төлбөр өгөхийг ч хүссэн юм байна. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас шаардлагатай гэж үзсэн авто замуудад нөхөн төлбөр олгох чиглэлээр судалгаа хийн Сангийн яаманд хандсан ч хөрөнгө гаргаж өгөөгүй. Ингэж явсаар захаасаа зарим компаниуд тендерээ цуцалж, өнөөдрийн байдлаар улсын чанартай 10 авто замын ажил зогсонги байдалд оржээ. УИХ-ын гишүүдийг орон нутагтаа очоод холбогдох хүмүүстэй уулзаад ярихаар “Болно бүтнэ, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр бариад ашиглалтад оруулчихна” гэж томордог. Ийм ярианд нь хууртаж явсаар нэг жилийг барсан гэдгээ ч УИХ-ын гишүүн Д.Одбаяр хэллээ.

Салбар хариуцсан сайдын хариултаар бол Хөгжлийн банк хөрөнгө босгоод авто замд зарцуулах ёстой байж. Гэтэл Хөгжлийн банкийг харж суусаар байтал өдий хүргэчихсэн. Өнөөх нь одоо хэр нь хөрөнгө босгож чадаагүй. Тиймээс ажлаа хариуцлагатай гүйцэтгэж чадаагүй гэсэн үндэслэлээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргыг Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт чөлөөлж, оронд нь Сангийн яамнаас хүн томилсон. Ирэх жил гэхэд хөрөнгө олж, авто замын ажлууд эхлүүлчихнэ гэсэн тайлбар хийлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Р.Буд төрийн мэдлийн замын компаниудын ажил явахгүй байгааг шүүмжлэв. Мөн барьж байгаа зам нь чанаргүй. Өнөөдөр зам тавихаар маргааш нөхөөс тавихаас аргагүйд хүрдэг. Чанарт хэн анхаарал хандуулж байна вэ гэдгийг лавласан юм. Сайд Х.Баттулга “Үндэсний замын компаниудын хувьд хямралын үеэс эхтэй үнийн зөрүүг шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн ч одоо хэр нь шийдвэрлэж чадаагүй байна. Жил ирэх тусам замын өөрийнх нь өртөг өсөөд байдаг. Нэг км авто замыг 350 сая төгрөгөөр тавьдаг байсан бол 420 сая төгрөг болж өссөн байх жишээтэй. Ер нь цаашид ДТ-ний үнэ нэг литр нь тэдэн төгрөг болж өсөхөд тийм хэмжээний зардал гаргаж, нэг км зам барих юм байна өртөг гаргах шаардлагатай байгаа. Ийм юм байхгүйгээс эцэстээ замын чанарт нөлөөлж байна” гэсэн юм.

Ер нь дэд бүтцийн ажил тэр дундаа авто зам барих ажил урагштай явж байна гэсэн сайхан мэдээллүүд телевизээр орой бүр цацагдаж дарга нар тууз хайчлан инээд алдан зогсдог имиж олонтаа гардаг боловч цаад яс чанараараа  гол төлөв гадаадын хөрөнгө оруулалттай замын компаниуд байгаа нь энэхүү хэлэлцүүлгийн үеэр илүүтэй тодров. Харин үндэсний компаниуд нь хөрөнгө мөнгөгүй, алдагдалд орсноос болоод тендэрээ цуцлаад ажлаа хаяад явсан байх жишээтэй. Цаашид энэ асуудлыг анхаарахгүй бол Монголын авто замын салбар унаж буй юм биш үү.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж