
Өмнөх жилүүдэд Хэнтий аймгийн төвд энэхүү мянгат малчдын чуулга уулзалтыг зохион байгуулж байсан юм. Эл зөвлөгөөнийг Хэнтий аймгийн ардчилсан намын дарга Б.Гарамгайбаатар болон гишүүн н.Тамир нар зохион байгуулж, малчид хүнд өвлийг хэрхэн давж туулах зэрэг тулгамдсан асуудлаа ярилцаж, туршлага солилцоход нь тус үзүүлж байгаа ажээ.
Мянгат малчдын чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэж байгаа тус аймгийн намын дарга Б.Гарамгайбаатар малчдад зориулан Ерөнхийлөгчийн хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяраар “Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн хөгжил” сэдэвт илтгэлийг, ХХААХҮ-ийн дэд сайд Л.Золжаргалаар “Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ цаашдын зорилго”, УИХ дахь ХАА-н байнгын хорооны дарга П.Алтангэрэл гишүүнээр Бэлчээрийн тухай хуулийн төслийн талаар илтгэл мэдээлэл тус тус тавиулсан байна. Хэнтий аймгийн ардчилсан намын дарга Б.Гарамгайбаатарын хувьд Хэнтий аймгийн мянгат малчдын чуулга уулзалтыг гурван жил дараалан зохион байгуулж байгаа юм. Улаанбаатарт болж буй энэхүү зөвлөгөөнд оролцож буй малчдад зориулсан автобус Хэнтий аймгийн Өндөрхаан болон Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумын төвүүдээс хөдлөн, нийслэлд иржээ. Чуулганд оролцож буй малчдын Улаанбаатарт байрлах буудал, хоол унааны зардлыг чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгч “Монроуд” компани хариуцжээ.
Тус зөвлөгөөнийг санаачлагч, Хэнтий аймгийн ардчилсан намын дарга Б.Гарамгайбаатартай энэ үеэр ярилцлаа.
-Хэнтий аймгийн мянгат малчид анх удаа нийслэл хотноо чуулж байна. Энэ удаагийн зөвлөгөөний онцлог, ач холбогдлын талаар тодруулахгүй юу?
-Зөвлөгөөнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Жил болгон Ардчилсан нам ивээн тэтгэж, зохион байгуулдаг. Гол нь зөвлөгөөнөөр улс төр ярихаасаа илүү бэлчээрийн мал аж ахуйн тухай, малчдын ахуй амьдралтай холбоотой асуудлыг гол нь ярьж, үүнд шийдвэр гаргах гэж оролддог. Хэнтий аймаг бол улсын хэмжээн дэх хамгийн олон мянгат малчинтай аймагт тооцогддог. Тэр бүх мянгат малчид өнөөдөр Улаанбаатар хотод хүрч ирээд байна. Одоогоор хоцрогдсон, орхигдсон хүн бол байхгүй. Тэгэхээр энэ олон малчдын өнөөдөр ярьж байгаа гол асуудлыг бид төрийн гурван өндөрлөгт уламжилж, тэдний санал бодлыг хүргэхэд анхаарах хэрэгтэй юм.
-Зөвлөгөөнд нийт хэчнээн мянгат малчид оролцож байна?
-366 гаруй мянгат малчин чуулж байна. Энд ирсэн хүмүүс доод тал нь мянган малтай, дээд тал нь таван мянган мал маллаж байгаа хөдөлмөрч хүмүүс байна.
-Яагаад заавал нийслэлд зохион байгуулахаар шийдэв?
-Өмнө нь бид хоёр удаа энэхүү зөвлөгөөнийг хийсэн. Эхнийх нь бол мэдээж анхны ажил гэдэг утгаараа алдаа оноо байсныг үгүйсгэхгүй. Хоёр дахийг бид Хэнтий аймгийн төвд хийж байсан. Энэ явцад бид юу ажигласан бэ гэхээр аймаг, орон нутгийн төвд хуралдахаар дамжуулж, хэлэх илэрхийлэл нь давхар дамжлага даваад яваад байна уу гэсэн хандлага харагдсан. Нөгөөтэйгүүр, улс төрийн янз бүрийн саад учруулах тал байсан учир бид нийслэлд зохион байгуулсан нь үр дүнтэй гэж үзсэн. Энэ удаагийн зөвлөгөөний зохион байгуулалт ч маш сайн болж байна гэж ойлгож байгаа. Өнөөдөр гэхэд эхний хэлэлцүүлгийн яриа эхлэхэд малчид өөрсдийн бодож санаж байгаа зүйлсээ маш өргөн агуулгатайгаар шууд илэрхийлж эхэлж байна. Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх манай зөвлөгөөнд оролцлоо. Энэ нь малчдын санал санаачилгыг Төрийн өндөрлөгт үнэн бодитоор хүргэх алхам гэж ойлгож байна.
-Хэнтий аймгийн малчид зөвлөгөөнийг Улаанбаатар хотод зохион байгуулна гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Малчид үүнд маш нааштай хандаж байгаагийн илрэл бол 360 хүн буюу бүх мянгат малчид ирсэн явдал гэж бодож байна. Өмнө нь бол янз бүрийн шалтгаанаар ирэхгүй байх тохиолдол их байсан. Өөрсдөө үг хэлж, санал бодлоо илэрхийлмээр байсан ч орон нутгийн дарга, цэргүүдээс болгоомжлох юм уу тиймэрхүү байдлаар хандах зүйл байдаг байсан. Харин энд бол малчид хэлэх гэсэн бүхнээ чөлөөтэй илэрхийлж байна.
-Зөвлөгөөн хэд хоног үргэлжлэх вэ?
-Өнөөдөр, бүтэн өдөр үргэлжилнэ. Цаг бол маш давчуу байгаа. Нэгэнт Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа учраас жилийн дөрвөн улиралд хөдөө хээрээр явж байгаа малчдыгаа нийслэл хоттой танилцуулах тодорхой төлөвлөсөн ажлууд байгаа.
Хэнтий аймгийн Батноров сумын мянгат малчин Л.Дагватай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.-Сайхан намаржиж байна уу? Өнөөдрийн зөвлөгөөний талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Намаржаа сайхан байна. Өнтэй сайхан дэлгэр, бороо хур нь тэгширсэн зуныг үдлээ. Улаанбаатар хотод ирэн, зөвлөгөөнд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Малчдын санал бодлыг шинэ хуулийн гарахын өмнө ингэж хүлээж авч байгаад баяртай байна. Малчдын сор болсон хүмүүсийн үгийг сонсч, хуульд санаа бодлыг нь тусгана гэдэг маш зөв ажил юм. Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүст маш их баярлаж байна.
-Бэлчээрийн хуулийн талаар та бүхэн нэлээд тогтож ярилаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Бэлчээрийн асуудал бол ер нь их маргаан дагуулдаг сэдэв л дээ. Иймээс бэлчээрийн хуультай болох зайлшгүй шаардлагатай байсан. Ямарваа нэг зүйл сайн дураараа биш дэг журамтай байж л зөв зүйтэй голдирлоороо явдаг. Хуулиа л зөв гаргах нь хамгийн чухал байна. Би хувьдаа гайгүй хууль гарах байх гэж бодож байгаа.
-Мянгат малчдын залгамж халаа танай аймагт хэр олон төрөн гарч байна?
-Сүүлийн үед манай суманд жилдээ 2-3 мянгат малчин нэмэгдэж байгаа. Ер нь бэлчээрээ сайн хамгаалж чадвал мал өсөхөд буруу юм байхгүй. Монгол орны бэлчээрээс их зүйл шалтгаалж байгаа болохоор үүнийг хамгаалах нь бид бүгдийн үүрэг гэж бодож байгаа.
-Мянгат малчдын зөвлөгөөн танай аймагт уламжлал болон зохиогдоод гурван жил болжээ. Өөр ийм төрлийн уулзалт зөвлөгөөн хэр олон болдог бол?
-Залуу малчдын зөвлөгөөн болдог л байх. Мянгат малчдын зөвлөгөөн гэж сүүлийн гурван жил зөвхөн Хэнтий аймгийн хэмжээнд болж байна. Үүнийг уламжлал болгон хийж байгаа Хэнтий аймгийн ардчилсан намын дарга, Б.Гарамгайбаатарт баярлаж явдгаа хэлье. Энэ зөвлөгөөнд сор болсон малчид оролцож байгаа болохоор зөвлөгөөг нь тусган авна гэдэг бол зөв зүйтэй арга хэмжээ.
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын мянгат малчин Ч.Даваацэрэнтэй цөөн хором уулзлаа.-Малчдын зөвлөгөөнд та анх удаагаа оролцож байгаа гэсэн. Зөвлөгөөн ямар болж байна?
-Сүүлийн жилүүдэд малчид их залуужиж байна. Иймээс ахмад туршлагатай малчдын үгийг сонсох нь бидний хувьд их чухал юм. Энэ боломжийг бидэнд олгон, бидний үгийг зохих хүмүүст нь хүргэж байгаа Хэнтий аймгийн ардчилсан намын дарга Б.Гарамгайбаатарт талархаж байна. Зөвлөгөөнөөр малын бэлчээрийг хувьчлах тухай асуудлыг хэлэлцэж байгаа нь их зөв зүйтэй сэдэв гэж бодогдож байна.
-Та бэлчээрийг ямар хэлбэрээр ашиглавал илүү зохимжтой гэж бодож байна?
-Бүлгийн хэмжээнд бэлчээрийг эзэмшүүлнэ гэж байгааг дэмжиж байгаа.
-Энэ нь хэр зөв сонголт вэ?
-Бэлчээр газрыг хувь хүн ганцаараа эзэмшээд байх нь тийм ч таатай биш зүйл. Бүлгээр эзэмшинэ гэдэг нь зөв зүйтэй асуудал байх гэж боддог. Одоогоор бол нийт дундаа эзэмшиж байгаа. Өвөлжөө, хаваржаа гээд л нийтийнх шүү дээ.
-Малын даатгал танай аймагт хэр хүрч үйлчилж байна?
-Гурван жилийн өмнө манай Хэнтийд индексжүүлсэн даатгал гэж явсан. Тэр нь дууссан. Одоогоор даатгалын хугацаа дуусчихсан байгаа.
-Таны хувьд хэчнээн тоо толгой малтай вэ?
-Би мянгат малчин болоод хэдэн жил болж байна. Одоо айхтар тэгж мал өсгөөд байхгүй байна л даа. Эрчимжүүлсэн мал аж ахуй гэж яригдаж байгаа одоо үед чанаржуулах тал дээр л анхаарч байна даа.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын мянгат малчин Л.Шүрэнцэцэгтэй уулзлаа.
-Сайхан намаржиж байна уу. Малчдад тохиолдож байгаа бэрхшээл юу байна?
-Ойрын гурван жилд байгаль дэлхий сайхан, бэлчээр сайтай байлаа. Долоо, найман жилийн өмнө ган болоход бэлчээрийн асуудал тун хэцүүдсэн шүү дээ. Би тус тусдаа туслах малчинтай байдаг. Туслах малчиддаа зааж, зөвлөөд өөрсдөө хажуугаар нь гол ажлаа нугалаад л амьдарч байна даа. Олон малтай байхад байгаль цөлжиж, бэлчээр хомсдох нь хүнд хэцүү асуудал болоод байна.
-Танайх хэдэн толгой малтай вэ?
-2300 суурь, мянгаад эм хонь, 1300 сувай хонь, 100 гаруй үхэр, 370-аад адуутай.
-Танай аймагт туслах малчдыг яаж ажиллуулдаг вэ?
-Түрээсээр ажиллуулах нь аль алиндаа ашигтай байдаг болохоор тэгж л малаа хамтран малладаг.
-Малаас гарч байгаа ашиг шимээ хэрхэн ашигладаг бэ. Цагаан идээгээ зах зээлд борлуулдаг уу?
-Цагаан идээгээ хувьдаа л хэрэглээд таардаг даа. Ашиг хараад зарж борлуулаад байдаггүй. Харин мал, махаа өөрсдийнхөө хэрэгцээгээр аймагтаа ирдэг махны ченжүүдэд нийлүүлдэг.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.