
Өнгөрсөн оны долдугаар сарын сүүлчээс Ираны шоронд хоригдож байгаа Америкийн жуулчид өлсгөлөн зарлажээ. Энэ талаар Иранд АНУ-ыг төлөөлж байгаа Швейцарийн дипломатууд баригдсан хнүмүүсийн ар гэрийнхэнд дуулгалаа. Гурван америкийн биеийн байдал хүндхэн байгааг дипломатууд хэлсэн байлаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ба ерөнхийлөгч Барак Обамагийн хэвлэлийн алба хамтран мэдэгдэл гаргаж баривчлагдсан америкчуудын биеийн байдал хүндэрсэнд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлээд Ираны эрх баригчдад тэднийг аль болох хурдан суллан эх оронд нь илгээхийг уриалжээ.
“Америкчуудыг ямар ч ялгүйгээр бараг есөн сар хорьж байна” гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдээд Вашингтон хэрэг явдалд “түгшиж байна” гэжээ. Америкчуудыг хориж байгаа хугацаанд тэдэнтэй Швейцарийн дипломатуудыг дөнгөж гурван удаа уулзуулсан гэж Хиллари хэлжээ.
АНУ-ын иргэд Шейн Бауэр (Shane Bauer), Сара Шурд (Sarah Shourd) ба Жошуа Фэттал (Joshua Fattal) Ираны нутагт 2009 оны долдугаар сарын 31-нд баривчлагдсан юм. Америкчууд Иракийн Курдистанд түүхийн дурсгалт зүйл үзэж яваад төөрөн Ираны нутагт орж ирсэн байжээ.
Америкчуудыг Тегеран хотын Эвин шоронд авчран хорьсон байв. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын дундуур Ираны Гадаад хэргийн яам америкчуудыг хууль бусаар Ираны нутагт орж ирсэн гэж шийтгэнэ гэсэн билээ. Энэ жилийн дөрөвдүгээр сарын эхээр тэднийг тагнуул хийсэн гэж шийтгэхээр болсон гэж мэдэгдэж байлаа.