
эхэллээ. Сонгуулийн өмнөх жил болохоор гишүүд ч энэ боломжийг мэдээж
алдахгүйг хичээн янз бүрийн сэдвээр сонин хэвлэлд ярилцлага өгч
тодорцгоож байна. “Муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг болохгүй,
бүтэхгүй бүхнийг Засгийн газар руу чиглүүлж, шүүмжлэлийнхээ гол бай
болгодог нь гэм биш зан. Мэдээж улс орны хэмжээнд бүх юм “ок” болтол
нэлээд хэдэн засгийг “хар овоохой” болгох зай бий. Харин сонгуулийн жил
Засгийн газар хэзээ хэзээнийхээс муухай харагддаг нь жам юм даа.
Шаардлага шүүмжлэлийн энэ их үер дундуур УИХ-ын дарга намрын чуулганы
нээлт дээр үг хэлэхдээ Засгийн газрыг сайшаасан нь бас ч учир
шалтгаантай шиг санагдлаа. Тэрээр
“Манай орны эдийн засаг, нийгмийн амьдралд олон сайхан нааштай
өөрчлөлт гарч байгааг Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн аймаг, нийслэл,
сум, багт ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзах явцдаа анзаарч мэдэрсэн
байх аа. Бид хөдөө аж ахуйн талаар томоохон амжилтад хүрээд байна. Энэ
онд 13 сая төл хүлээн авсан нь урьд хожид байгаагүй үзүүлэлт юм. Ургац
хураалтын явцаас үзэхэд 480-аад мянган тонн үр тариа хураахаар байгаа нь
дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 130-аад мянган тонн буудайн
нөөц бүрдүүлэх боломжтой болжээ. Гурилын үйлдвэрлэл 2 дахин өсжээ.
Ингэснээр гадаадаас авах гурил, улаан буудайг 2 дахин, төмсийг 4 дахин
буурууллаа. Уул уурхайн хөрөнгө оруулалт илтэд нэмэгдлээ. Бүтээн
байгуулалтын ажил далайцтай явагдаж байна. Сүүлийн 2 жилд нүүрсний
олборлолт 3 дахин нэмэгдэж, улсын нийт экспортын 40 хувийг эзлэх болов.
Эдийн засаг дан ганц зэс, түүний үнийн өсөлтөөс хамааралтай гэсэн
ойлголт өөрчлөгдөж байна. Уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг суурь
салбаруудын нааштай үр дүн нь худалдаа, үйлчилгээ, зам тээвэр, эрчим хүч
зэрэг дэд бүтцийн салбаруудын өсөлт, сэргэлтийг дагуулж байна.Эдийн
засгийн өсөлтийг энэ онд бид 7.8 хувиар төлөвлөсөн нь Засгийн газрын
тооцсоноор 12 хувь болж нэмэгдэх нь ээ. Төсөв, банк, санхүүгийн үзүүлэлт
урьд урьдынхаас сайжирсан дүнтэй байна. Хэрэглээний үнийн өсөлт оны
эхнээс 5,2 хувьтай байгаа нь инфляцыг нэг оронтой тоонд барьж, хүн амын
бодит орлогыг хангах гэсэн бидний хүсэл зорилгод бүрэн нийцэх юм.
Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзэхэд хүн амын бодит орлого
сүүлийн 4 жилд 2 дахин өсчээ. Үүний зонхилох нь сүүлийн жилийн ажлын үр
дүнгээр гарчээ” хэмээсэн юм.