
Хөгжлийн банк гэсэн лут нэртэй, төсвийн мөнгийг нааш, цааш болгох үүрэгтэй нүсэр байгууллагын сураг дуулдаад удлаа. Уг банк үйл ажиллагаагаа эхэлсэн гэх боловч одоогоор цаасан дээр данстай байгаагаас хэтрэхгүй байгаа юм. Гэсэн ч Засгийн газраас тус банкны ТУЗ-ыг есөн хүнтэй байхаар тогтоосон төдийгүй даргаар нь Ч.Хашчулууныг томилж байв. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ээлжит гэж хэлж болохоор “нууц” томилгоо өрнөж түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Орных нь хүнээр Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалыг томилсон байна. Түүнийг Ардын намын ирээдүйтэй, бас санхүүгийн салбарт “өнгөтэй” яваа залуучуудын нэг гэдэг юм билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Сангийн дэд сайдын томилгооны өмнө ч түүний нэр тус намынхан дунд хүчтэй яригдсан. Б.Батжаргалын хувьд олон нийтэд төдийлөн танил бус. Ардын намын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог, идэвхитэй залуучуудтай адилгүй ч сүүлийн үед тус намын “томчуудынх” нь гарт байгаа гол хөзрийн нэг болсон юм биш үү. Ямартай ч Б.Батжаргалыг энэ удаа “том” банкны ТУЗ-ын дарга болголоо. Улсын төсвийн орлого, зарлагыг одоо ч бүхэлд нь ширээн дээрээ боловсруулж суудаг тэрбээр энэ салбарт ингэж “үнэд орох”-ыг бодоход төрд тун хэрэгтэй түшмэл байх нь.
Н.Мөнхтөвшин"Улс төрийн тойм" сонин