
Нийт 470 сая гаруй төгрөгийн өртгөөр боссон уг бичил паркийн барилгын ажлыг “Конфорт” групп гүйцэтгэсэн аж. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг нь хотын захыг хамардаг бөгөөд 250 мянга гаруй хүн амтай. Хүн амын амьжиргааны түвшингээр бусад дүүрэгтэй харьцуулахад нэлээд доогуурт ордог. Нийслэлд орон нутгаас шилжин ирэгсдийн ихэнх хувь нь энэ дүүрэгт харъяалагддаг гэнэ.
Д.Батбаяр гишүүн хэлэхдээ “Дүүргийн иргэдийн санал хүсэлт, судалгаан дээр түлгуурлаж энэхүү тоглоомын талбайг барьсан. Энэ дүүргийн хүүхдүүдийн ихэнх нь Хүүхдийн паркт тоглож үзээгүй гэсэн судалгаа гарсан. Бид тус дүүргийн хүүхдүүдэд болон нийслэлд анх удаа нүдээ олсон зүйл хийлээ гэж бодож байна.” гэсэн юм.
Тус тоглоомын бичил паркийг Толгойтын автобусны буудлын хуучин эцэст, Нийслэлийн 42 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайг ашиглан барьжээ. Бид тэрхүү бичил паркийг сонирхохоор тэнд очиход зураг төслийг гүйцэтгэсэн ерөнхий инженер болон гурван туслах ажилчин байлаа. Тоглоом дээр тоглож буй хүүхдүүд ер үгүй. Харин дөрвөн метр өндөртэй торон хашааны цаана хүүхдүүд “Ах аа оруулаач ээ. Бид тоглож болох уу” гэж дүрсгүйтэн хэлж байсан юм. Ерөнхий инженер С.Ганцогт “Өчигдөр нээлтийн үеэр маш олон хүүхэд ирсэн. Тэгээд талбай гэмтэж, гэрэл унаж, жаахан гэмтэл гарчихлаа. Түүнийг засаж байна. Маргаашаас онгойно.”гэлээ.
Сонгинохайрхан дүүрэгт 40 мянга гаруй сургуулийн насны хүүхэд байдаг аж. “Тэдний чөлөөт цагийг элдэв сөрөг зүйлд автуулахаас бас нэгэн талаар хамгаалсан бүтээн байгуулалт болсон” гэж Д.Батбаяр гишүүн ярианыхаа дунд онцолж байсан. Нийслэлд хүүхэд, залуусын чөлөөт цагаа олигтой өнгөрүүлчих газар үнэхээр ховор. Төв парк буюу “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-нд нэг удаа ороход 5-6 мянган төгрөг төлнө. Харин энэхүү бичил паркад бүх тоглоомон дээр тоглоход ердөө 500-800 төгрөг төлөх гэнэ. Тэгэхдээ энэ жил үнэ төлбөргүй үйлчлэх юм байна. Мөн гишүүд хэлэхдээ “Бид үүнийг ашиг харж байгуулаагүй. Харуул хамгаалалтын хөлсөд дээрх мөнгийг авч байгаа. Цаашдаа дүүргийн хорооныхонд сар бүр тус тусад нь үнэ төлбөргүй үйлчилнэ” гэв. Паркийг хүүхдүүд ч биш бүх насныханд зориулсан аж. Дотроо удирдлагатай эргэдэг морин тоглоом, усан оргилууртай эргүүлэгтэй загас, залуусын болон ирсэн хүмүүсийн тухлах сандал, тусгай усан оргилуур, томчуудын суух боломжтой завь зэргээс бүрджээ. Анхааруулахад нээлтийн үеэр тус завинд хүүхдүүд тоглож байгаад ухаан алдаж унажээ. Инженер С.Ганцогт энэ талаар “Уг завь нь насны онцлогт тохируулж даралтаа тааруулдаг. Өчигдөр сайн тааруулаагүйн улмаас тийм зүйл болсон. Тэгэхдээ ямар нэгэн хүнд гэмтэл учраагүй” гэлээ. Мөн дотроо 00, хүнсний мухлаг зэргийг багтаажээ. Талбайн хувьд хүүхэд унаж гэмтэхээс сэргийлсэн боловч угаах боломжтой зөөлөн шал зэргээр тохижуулсан аж. Харин гэрлийг нь нараар цэнэглэдэг зөөврийн суурь бүхий шийдэлтэй хийжээ.
Тоглоомын талбайн хажууд байрлах 42 дугаар сургуулийн зүүн талын нэг давхар сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургалттай аж. Сургуулийн барилга 1960-аад оны хуучны байрилга учраас бохирын шугамд холбоогүй байсан гэнэ. Харин энэхүү бичил парк барих үеэр гишүүд төсөвтөө тус сургуулийн 00-ийн асуудлыг шийдэхээр тусгажээ. 13 сая төгрөгөөр сургуулийн хойд талд нь эрэгтэй, эмэгтэй тусдаа суултуур бүхий 00 барьсанд сургуулийн удирдлагууд ч сайшааж байгаа бололтой. Мөн тус дүүрэгт шинээр эмнэлэг, спорт цогцолбор барьж байгаа юм байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын сонгуульд Д.Тэрбишдагва, С.Оюун, Н.Алтанхуяаг, Д.Батбаяр нар сонгогдсон. Тэдгээр гишүүд дөрвүүлээ нийлж тойрогтоо одоохондоо хийсэн зүйл ховор байгаа ч АН-ын хоёр гишүүд санаа нэгдэж хийсэн зүйл их байгаа учир тойргынхоо иргэдийн итгэл хүлээгээд байгаа бололтой. Энэ үеэр зарим иргэнтэй яриа өрнүүлсэн юм. Тус дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Б.Бадамцэцэг “Д.Батбаяр, Н.Алтанхуяг гишүүд бидний саналыг байнга хүлээж авч шийддэг. Дүүргийн маань хөгжилд ч гэсэн нэлээд анхаарч байгаа” гэв.
Д.Батбаяр, Н.Алтанхуяг гишүүн өнгөрсөн онд тойрогтоо хуваарилсан төсвөө хамгийн үр дүнтэй зарцуулсан гишүүдээр тодорсон юм байна.
"Улс төрийн тойм" сонин