
Харин жолооны үнэмлэхний хувьд Замын цагдаагийн хэвлэх үйлдвэрт өдөрт 300 гаруй хувь хэвлэгдэх боломжтой гэсэн. Учир нь ганцхан хэвлэх машинтай юм байна. Энэ талаар хэвлэх үйлдвэрийнхээс тодруулбал, “Өдөртөө ачаалал ихтэй. Тиймээс дээд тал нь 300 хувь л хэвлэхгүй бол ганц машины хүчин чадал хүрэхгүй” гэсэн хариулт өгсөн. Сонирхуулахад нэг үнэмлэхийг чанартай сайн хийхийн тулд гурван минут зарцуулдаг юм билээ. Замын цагдаагийн газрын жолооны үнэмлэх хариуцсан мэргэжилтний хэлж буйгаар ойрын 14 хоногт хэвлэлтээс нэг ч үнэмлэх гарахгүй гэдгийг анхааруулав. Яагаад гэвэл үнэмлэх хариуцсан мэргэжилтнүүд “ирэх сараас наашгүй байх” хэмээн ярьж байна.
Уг нь анх наймдугаар сарын 10-нд уг хальс тасраад, есдүгээр сарын 7-ноос хэвлэж эхэлжээ . Гэвч есдүгээр сарын 28-нд хальс дахин дуусч ийнхүү хэвлэлтэнд “гацаа” үүссэн юм байна. Шинээр гарах гэж байгаа жолооны үнэмлэх, өмнө нь алга болгосон үнэмлэх гээд олон тооны үнэмлэхүүд хүлээгдэж байгаа нь иргэдийн ажлыг хүндрүүлж байгаа талаар Замын цагдаагийн газарт цугласан хүмүүс бухимдаж байв. Өдөрт дор хаяж 150 үнэмлэх гээгдүүлсэн бичиг баримтын санд бүртгүүлдэг талаар мэргэжилтнүүд онцолсон. Иргэдийн ярьж буйгаар үнэмлэхээ алдсан тохиолдолд бүх дүүргүүдийн замын цагдаагаас “Бичиг баримт цагдаад хураалгаагүй” гэх утгатай бичиг хийлгэж ирээд Замын цагдаагийн газраас шинэ үнэмлэх гаргуулж авдаг аж. Биднийг очих үеэр “Жолооны үнэмлэхгүйгээр машин барихгүй байх арга алга. Тэглээ гээд хууль зөрчих хэцүү. Бидний үнэмлэхийг гаргаж өгөхийг хүсэж байна” гэсэн арав гаруй хүн Замын цагдаагийн газрын гадаа бухимдал тээн зогсож байсан юм.
Б.Баатар
"Улс төрийн тойм" сонин