”ЗГ-ыг огцруулах шаардлагыг энэ долоо хоногт хүргүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

”ЗГ-ыг огцруулах шаардлагыг энэ долоо хоногт хүргүүлнэ”

УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүд болон УИХ дахь Ардын намын бү­лэг өчигдөр /уржигдар/ ху­ралдсан. Хурал нэлээд ши­рүүхэн болсон сурагтай?

-“Элит” төв дээр болсон ху­ралд би оролцоогүй. Ху­ралд оролцсон гишүүдээс сон­со­ход манай намын дар­га “Оюутолгойн гэрээ үр ашиг­тай, сайн болсон” гэж ярьсан сураг байна лээ.

-Тэгэхээр Ардын на­мын даргын хэлснээр Оюутол­гойн Хөрөнгө оруулалтын гэ­рээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй, сайн байгаа гэж ойлгож болно гэсэн үг үү?

-“Рио Тинто”, “Айвенхоу Майнз”, Монгол Улсын Зас­гийн газар бүгд нэг байр суурь илэрхийлж байгаа. Тэд “УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн. Бидэнд хийх зүйл байхгүй” гэж. Үүнээс харахад хаанахын Засгийн газар вэ гэдэг нь тодорхой бол­чихоод байна. Нөгөө талаас Р.Фрийдланд нэг сарын хэрэг­цээнийхээ мөнгийг манай ард түмэнд өгч байгаа ч юм бил үү бид мэдэхгүй шүү дээ. Энэ мэт жаахан зүйлд мон­голчууд хууртагдаад бай­на уу даа гэж би харамсдаг. Хэ­рэв Оюутолгойн гэрээ сайн болбол стратегийн орд бүхий дараагийн 10 гаруй газрыг ашиглах гэрээнүүд зөв болно. Цаашлаад манай Засгийн газар юм хийж чаддаг юм байна гэдгийг бас харуулах учиртай. Бидний шахаж байгаагийн учир тодорхой. Харин ч Оюу­толгойн олборлолт эхэлчихвэл асуудал улам хүндэрнэ. Тий­мээс хайгуулалт, ашиглалт эх­лээгүй байгаа дээр нь гэрээгээ өөрчлөх хэрэгтэй юм. Засгийн газраас Оюутолгойн гэрээ сайн болсон гэж ярьсаар бай­на. Гэтэл бодит байдал дээр ямар байгааг харах хэрэгтэй. Тэнд 8000 хүн ажилладаг гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ 2000 хүн л ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд ч Оюутолгойн гэрээ анхнаасаа хууль зөрччихсөн. Та бүхэн уул уурхайн салба­рынхнаас асуугаарай. Техник, эдийн засгийн үндэс­лэлийг хийгээгүй, Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулаагүй лиценз дээр ашиглалтын лиценз өгдөг юм уу гэж. Би уул уурхайн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ хүмүүсээс сонсож байхад заавал хайгуул хийж, техник, эдийн засгийн үндэслэлээ батлуулсных нь дараа ашиглалтын лиценз олгодог гэдгийг мэднэ. Ийм байхад манайх эсрэгээр нь ашиглалтын лиценз олгочихсон. Гэрээнд чухам ямар, ямар алдаа байна вэ гэдгийг заалт бүрээр нь гаргачихсан. Надад одоо ч бий. Монголын эдийн засагт үнэхээр хохиролтой, хөрөнгө оруулагчдыг дэмжсэн гэрээ болсон юм.

-Хөрөнгө оруулагчид руу шууд “дайрах”-аар Монголын Засгийн газар гэрээгээ биелүүлдэггүй гэх сөрөг мэдээлэл цацагдах юм биш үү?

-Хөрөнгө оруулагчдыг дэмжих нь зөв. Гэхдээ Монгол Улс хохирч бо­лохгүй. Байгалийн баялаг ард түмний өмч. Үүнийг л адилхан хуваах ёстой. Оюутолгойн гэрээ өнөөдөр маш том зөрчлийг бий болгочихоод байна. Өөрөөр хэлбэл албан тушаалаа ур­вуулан ашигласан, хайнга хандсан, улсын хөрөнгийг бусдад найр тавин олгох нөхцөлөөр хангасан, улсад хохирол учруулсан гэрээ юм. Энэ ч утгаараа гэрээ байгуулсан гурван сайдыг шүүхэд өгөх гэж байгаа. Бүх материалыг нь бэлтгэж байна.

-Гурван сайд гэдэг нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зо­ригт, Байгаль орчин, аялал жуулч­ла­лын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт нар уу?

-Монголын төр тэднийг шүүх эрхтэй. Шударга төр, шүүх байдаг юм бол үүнийг шүүж гаргах ёстой. Шүүхээс өөр аргаар эдгээр сайд на­рыг зогсоож чадахгүй нь.

-Шүүхэд өгч буй үндэслэл нь Оюутолгойн гэрээ юү?

-Дээр хэлсэнчлэн улсад их хэм­жээний хохирол учруулсан гэдэг юм. Наад захын жишээ нь анх хө­рөн­гө оруулалтыг 2.7 тэрбум төг­рө­гөөр хийнэ гэсэн. Өөрсдөө ийм санал тавьсан. Гэтэл одоо 7.2 тэр­бум төгрөгөөр хийх гэж байна. Хө­рөнгө оруулалтаа бараг 2.5 дахин нэм­чихлээ гэсэн үг. Энэ мэтээр өөрсдийн зардлаа өсгөж байгаа нь манайд ямар ч ашиггүй.  

-Гурван сайдыг хэзээ шүүхэд өгөх вэ?

-Ойрын хугацаанд өгнө.

-Сайд нарыг шүүхэд өгөх сана­лыг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гар­гасан уу. Эсвэл та ганцаараа юм уу?

-Бүгдээрээ санал нэг байгаа. Гэх­дээ нэг хүн л шүүхэд нэхэмжлэл гар­гах учиртай. Ер нь бол би Мон­голын ард түмний өмнөөс нэхэмжлэх гэж байгаа гэж ойлгож болно.

-Ардын намын Удирдах зөв­лөлийн гишүүд болон УИХ дахь на­мын бүлгийн хуралдаанаар на­мын дарга С.Батболд та на­рыг “улс­төржиж байна” хэмээн уур­ласан гэсэн. Та хуралд оролцоогүй ч гэсэн энэ талаар сонссон зүйл бай­на уу?

-Сонссон. Биднийг улс төр хийж байна гэж ярьсан байна лээ. Бид хэзээ ч улстөржөөгүй. Харин С.Батболд өөрөө улс төр хийж байгаа байхгүй юу. Монголын ард түмний толгойг эргүүлж байна. Бид Монголын ард түмний төлөө явж байгаа болохоос С.Батболдын төлөө яваагүй. Монгол Улсын Ерөнхий сайд ард түмнийхээ төлөө явах ёстой болохоос биш хэн нэгэн компанийн төлөө явах учиргүй. УИХ-ын гишүүн бус Ерөнхий сайд байж ингэж бо­лохгүй. Эхлээд Монголын эрх ашиг байх ёстой. Иргэд юу ярьж байгааг та бүхэн сонсоод үзэх хэрэгтэй. Тэд Оюутолгой үр дүнгээ өгөөсэй л гэдэг. Ний нуугүй хэлэхэд хувийнхаа эрх ашгийг дээгүүрт тавьсан хүмүүс Монголын төрийг удирд­даг. Энэ хэдэн хүмүүсийн бал­гаар УИХ-ын гишүүд, төрийн албан хааг­чид “луйварчин”, “хулгайч” гэх нэрийг ард түмнээсээ сонсдог.

-Ерөнхий сайд С.Батболд өчиг­дөр (ур­жигдар) Ар­дын намын Удирдах зөвлөлийн ху­рал тарсны дараа УИХ-ын нэр бү­хий 20 гишүүнтэй уулзана гэж байсан. Юу болов?

-Бидэнтэй уулзаагүй. Уг нь өдөр уулзаж Засгийн газрын зүгээс Оюутолгойн болж байгааг ярь, харин 20 гишүүн болохгүй байгааг нь харилцан ярьж ойлголцоё гэсэн юм. Энэ байр сууриа УИХ-ын Тамгын газрын дарга, Зас­гийн газрын Хэрэг эрхлэх газраар ал­бан ёсоор дамжуулж, илэрхийлсэн. Монголчууд ярилцаж байж учраа ололц­дог учраас энэ үүднээс л ханд­сан. Харамсалтай нь ирээгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. УИХ-ын 20 гишүүн уриад байхад Засгийн газ­рын тэргүүн ирэхгүй байдаг нь ямар учиртай юм. Сайн ойлгохгүй байна. Тэд Монголын нэр хүнд дэлхийн тав­цанд унана гээд байгаа. Миний бод­лоор харин ч нэр хүнд өснө гэж бодож байна.

-Яагаад тэр вэ?

-Яагаад гэвэл хууль бус, нэг та­лын ашиг сонирхлыг агуулсан гэрээг өөрчилж чаддаг юм бол Монголын төр харин ч үлгэр жишээ гэдгээ ха­руулах болно.

-Хөрөнгө оруулалтаа тат­чих­вал яах вэ?

-Хөрөнгөө татвал татна л биз дээ. Тэд татаж чадахгүй. Хэ­рэв хөрөнгөө татвал дараагийн хөрөнгө оруулагч ороод л ирнэ шүү дээ. Дэлхийд эх­ний гуравт орох нөөцтэй энэ ордыг ашиглахыг хүсэж байгаа олон компани бий. Бизнес гэдэг чинь харилцан ашиг­тай байх хэрэгтэй. Түүнээс биш нэг талыг давамгайлна гэж байхгүй.

-УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй бол дараагийн алхмаа хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ бол Засгийн газрыг огц­руулах тухай. Шаардлагаа хэ­зээ өгөх гэж байна вэ?

-Асуудлыг ойрын хугацаанд та­вина. Бид хэвлэлийн хурал хийлгэх үеэр хэлсэн. Үнэхээр Монголын тө­лөө ажиллаж чаддаг Засгийн газрыг байгуулах ёстой.

-Ойрын хугацаанд гэдгээ тодруулахгүй юу?

-Энэ долоо хоногт Засгийн газ­рыг огцруулах шаардлагыг хүр­гүүлнэ.

-Та бүхний үйлдлийг “Рио Тин­то”, “Айвенхоу Майнз”-аас мөн­гө авахын тулд хийж байгаа “тог­лолт” гэж байна. Үүнд та ямар тайл­бар хийх вэ?

-Тийм зүйл байхгүй. Гэрээг ха­рил­цан ашигтай хийе гэсэн байр суурьтай байгаа. Бид өмнө нь ийм том гэрээ хийж үзээгүй. Тиймээс алд­сан зүйл байхыг үгүйсгэхгүй. Ха­рин одоо алдаагаа засах нь чухал. Бидний хувьд “тоглолт” хийсэн юм алга. Дөрвөн гишүүн УИХ-ын даргад бичиг хүргүүлсэн. Уг бичигтээ Оюу­толгойн гэрээн дээр УИХ-ын ги­шүүд, мэргэжлийн эдийн засагч, гео­логичид оролцсон ажлын хэсэг бай­гуулж өгөхийг хүссэн.

-Дөрвөн гишүүн дотор хэн, хэн байгаа юм бол?

-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганхуяг, С.Эрдэнэ бид дөрөв.

-Та бүхнийг үлдсэн 16 гишүүн дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Нэр бичиж өгөхдөө бид дөрөв нэрээ бичсэн юм.  

-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах талаар намрын чуулган эхэлмэгц ярина гэж байсан. Үүнийгээ болиод шууд Засгийн газрыг огцруулах ажилд орчихов уу?

-Засгийн газрынхаа асуудлыг л ярья. Дотор нь Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүхийн асуудал орж байгаа. Сайд нар байнга худлаа ярьдаг. Би тэдний ярьсан болгоныг нь бичиж авсан.

-Та бүхэн нэлээд хүчтэй гарч ирж байна. УИХ-ын 20 гишүүн дээр нэгдэж буй өөр гишүүн байна уу?

-Олон бий. Дор хаяж 15 гишүүн нэмэгдэх байх.

-Тэгэхээр 15 гишүүнтэйгээ то­хир­­чихсон гэж ойлгож болох уу. Олонх болохоор зорьж байгаа юм чинь?

-Тэгэж ойлгож болно. Дор хаяж 15 шүү. Миний хувьд олонх тий­шээ­гээ хандана гэдэгт итгэлтэй байна. Энэ бол 20 гишүүний бус нийгмийн захиалга. Ардын нам “Ард түмнээ сон­съё” аян, Ардчилсан нам “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг явуулсан. Эдгээр аяны үеэр яригдсан асуудлын л нэг шүү дээ. Оюутолгой бол “Эрдэнэт” үйлдвэрээс гурав да­хин том. Эрдэнэ­тэд ямар бүтээн бай­гуу­лалт босож байгааг бид мэднэ. Гэ­тэл Оюутолгой дээр байдал огт өөр байна.

-Та бүхэнтэй санал нийлсэн 15 гишүүний нэрс хэзээ тодорхой болох юм бэ?

-Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцэж, санал өгөх үеэр тодорхой болох байх. Эх ор­ныхоо төлөө хэн явж байгааг Монголын ард түмэн санал ху­раалтын үеэр харж болно.

-Ардын намынхан хуралдах үеэр Сангийн сайдыг огцруулах асуудлыг ярилцсан талаар танд мэдсэн зүйл байна уу?

-Энэ талаар сонсоогүй. Монголын төлөө л ажиллаж чадаж байвал аль намын хэн байх нь хамаагүй.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж