
-Өнгөрөгч
долоо хоногт “Нэг Ардчилал” клубээс зохион байгуулсан “Шударга
сонгууль- хариуцлагатай улс төр” сэдэвт хэлэлцүүлэг дээр “Сонгуулийн
тойрог дахь мандатын тоог хүн амын нягтралтай холбон тэнцвэртэй тогтоох
нь” сэдвээр илтгэсэн. Илтгэлд авагдсан тоо баримтаас “Хотын таван
сонгогчийн санал хөдөөгийн нэг сонгогчийн саналтай тэнцэж байна” гэсэн
мэдээ бараг л “шок”-онд оруулсан л даа. Тооцоо, судалгааг юун дээр
үндэслэсэн бэ?
-2000 оноос хойш сүүлийн арван жилд гарсан
статистикийн мэдээлэл, хүн амын тооллого, сүүлийн гурван удаагийн
сонгуулийн санал хураалтын дүн гурав дээр түшиглэж энэ судалгааг
хийсэн. Судалгааны дүнгээс сонгуулийн тойргуудад хүн амын тоонд нь
харьцуулж мандатыг тэнцвэртэйгээр хуваарилах ёстой юм байна гэдэг нь
харагдаж байна. Сүүлийн арав гаруй жилийн дотор нийслэл болоод төв
суурийн газруудын нягтаршил маш их нэмэгдсэн. Гэтэл УИХ-ын тойргийн
мандатын тоо яг 1992 оныхоороо байгаа. Нэг үгээр хэлбэл, газар нутаг,
засаг захиргааны нэгжийн хуваарьт л түшиглэсэн тойргийн хуваарилалт,
мандатын тоо чинь сонгогчдын төлөөллийг хангахгүй байна. Сонгуулиас
сонгуульд улам л алдагдаад байна. 2000 оны сонгуулиар Улаанбаатарын нийт
хүн ам 770 мянга байсан бол 2010 оны тооллогоор сая 240 мянга болж 60
хувиар өссөн. Тэгэхэд Завхан аймаг 2000 онд 90 мянган хүнтэй байснаа
2010 онд 65 мянга болж 25 мянгаар, Дунговь аймаг 51 мянган хүнтэй
байснаа 10 жилийн дотор 38 мянга болж 13 мянгаар буурсан байгаа юм.
Зөвхөн энэ хоёр аймгийн хүн ам л гэхэд 24-27 хувиар буурсан. Энэ бүхэнд
чинь УИХ-ын тойргууд дахь мандатын тоо зайлшгүй уялдаж байх ёстой шүү
дээ.
Гэтэл өнөөдөр хүн амын 45 хувь буюу сая 240 мянган хүнтэй
нийслэлд УИХ-ын мандатын дөнгөж 26 хувь буюу 20 мандат ноогдож байна.
Харин орон нутагт сая 514 мянган хүн буюу нийт хүн амын 55 хувь нь
амьдарч байгаа хэрнээ 56 мандаттай. Магадгүй үүнээс болоод УИХ төсвийн
мөнгөнд хэт үрэлгэн хандаж, хавтгайруулсан халамжийн бодлого явуулаад
байгаа юм биш үү. Улаанбаатарт гэхэд томоохон цахилгаан станц хэрэгтэй
байна, үйлдвэрүүдийг шинээр барих, хүмүүст ажлын байр гаргах хэрэгтэй
байна. Үүнийг харахгүй яваад байгаа нь юунаас болж байна, хэнд ашигтай
юм бэ.
-Анх 1992 оны сонгуулиар тойрог хувааснаас хойш л
мандатын тоог огт хөдөлгөөгүй гэдэг. Тэр үед хүн амын нягтаршил, тооны
харьцаа мандатын тоотой хэр уялдаж байсан юм бол?
-Тэр үед
газар нутаг, хүн амын тоондоо харьцуулахад боломжийн, ойролцоо байсан юм
билээ. Тэгтлээ айхтар тэнцвэр алдагдаагүй байсан. Харин 2000 оны
сонгуулиас хойш шал өөр болсон. Дөрвөн мандаттай Улаанбаатарын нэг
тойргийг орон нутгийн нэг тойрогтой харьцуулаад үзье л дээ. Жишээ нь,
нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэг Налайх дүүрэгтэй нийлж
нэг тойрог болдог. Энэ тойргоос 2008 оны сонгуулиар З.Алтай гишүүн 60
мянган хүний саналаар сонгогдож байхад адилхан дөрвөн мандаттай Төв
аймгийн тойрогт Д.Дондог гишүүн 13 мянган хүний саналаар сонгогдсон
байна. Энэ хоёрын хоорондох саналын зөрүү 47 мянга. Тооны харьцаа бараг
5:1 байгаа биз дээ.
Угтаа бол мандатынхаа тоог хүн амын тоонд нь
харьцуулаад үзвэл 30-35 мянган хүний санал авсан хүн УИХ-д сонгогдох
боломжтой. Гэтэл Баянзүрх дүүрэгт Т.Ганди 36 мянга, Ж.Батзандан 35
мянган хүний санал авсан хэрнээ сонгогдож чадаагүй байхад Төв аймагт
М.Энхболд хамгийн ихдээ 23 мянган хүний саналаар гарсан байна. Мандатыг
буруу хуваарилсны гажуудал үүнд л байгаа юм. Хотын нэг тойрог дээр 36
мянган хүний санал аваад гарч чадахгүй байхад нөгөө тойрогт түүнээс хоёр
дахин бага буюу 17 мянган хүний саналаар сонгогдож байна. Дундговийн
тойрогт Р.Раш гишүүн хамгийн бага буюу 10.500 хүний саналаар УИХ-д
сонгогдсон байхад хотын тойрогт 37-38 мянган хүний санал авсан хүн УИХ-д
сонгогдож чадахгүй байх жишээтэй.
-Уг нь УИХ сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөх тухай ярьж байгаа шүү дээ. Мажоритари тогтолцоог өөрчлөхөөр…?
-Уг
нь бол пропорционалийн элемент ямар нэг байдлаар сонгуулийн тогтолцоонд
орох юм бол саяын миний ярьсан гажуудлууд алга болчихно. Гэвч сүүлийн
үеийн улс төрийн уур амьсгалыг харж байхад пропорционалийн элемент
оруулах ёстой гэдэг анх тавьж байсан зорилт маань алдагдах гээд байна
шүү дээ. Тийм учраас ямар нэг байдлаар мажоритарийн элемент сонгуулийн
тогтолцоонд орох л юм бол тойргийн хуваарилалт, мандатын тоо яригдах л
болно. Хүн амын тоонд нь харьцуулж, дахин хуваарилалт хийхээс өөр
аргагүй. 2010 оны тооллогоор хоёр сая 751 мянган хүн тоологдсон байгаа.
Үүний сая 240 мянга нь хотод, сая 514 мянга нь орон нутагт байна.
Тиймээс хэрвээ сонгууль мажоритариар явахдаа хүрвэл 41 суудлыг орон
нутагт, 35 суудлыг Улаанбаатарт өгөө гэдэг л зарчим ярих ёстой. Тэгж
байж улс орны хөгжилтэй холбоотой том бодлого явна.
Өнөөдөр тийм
зүйл байхгүй учраас Улаанбаатар нь хөдөөнөөсөө дутахгүй хог новшиндоо
дарагдчихсан, хотын соёл энэ тэр гэсэн юу ч байхгүй. Ажилгүйдэл улам
нэмэгдээд, хог шороо, утаа униартаа дарагдаад, нөгөө Ерөнхийлөгчийн
санаачилж эхлүүлсэн утаатай тэмцэх бодлого байхгүй. Эхний цас ороход л
утаандаа дарагдаад эхэллээ шүү дээ. Уг нь бид чинь дэлхий нийтийн соёл
иргэншил, хотуудын хөгжилтэй зэрэгцэж алхах ёстой байтал нөгөө орон
нутгаасаа ялгагдахаа байлаа. Гэтэл УИХ дээр орон нутгийн сургууль,
цэцэрлэгийн асуудал түлхүү орж ирж байна уу, нийслэлийнхээ асуудлыг ярьж
байна уу хараад үзээрэй. Уг нь хүн амын төвлөрлийг сааруулахын тулд улс
орнууд дагуул хотуудаа хөгжүүлдэг. Тэндээ цахилгаан станцаа барьдаг,
үйлдвэржүүлдэг, түүнийгээ дагаад хүмүүс нь шилжин суурьшиж, ажил
хөдөлмөртэй болдог. Жишээ нь оюутны хотхныг Налайх дүүрэг рүү нүүлгэнэ л
гэсэн, одоо энэ асуудал юу болсон. Энэ мэтчлэн бодлогын том том
асуудлууд босч ирээд байхгүй болчихоод байна. Энэ бүхэн нөгөө мандатын
хуваарилалт, хот хөдөөгийн төлөөллийн тэнцвэргүй байдлаас болж байгаа юм
биш биз дээ. Парламентад одоо байгаа 20:56 гэдэг харьцаагаар бол
нийслэлийн асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй. Гишүүд нь парламентдаа
цөөнх юм чинь яах юм, гуравны нэгд ч хүрэхгүй байгаа шүү дээ.
-Хүн
амын тоонд нь тэнцүүлнэ гэхээр манай зарим улстөрчид “Газар нутаг нь
том учраас гишүүд тойрогтоо хүрч тойрч чадахгүй байна” гэсэн “гажиг”
тайлбарыг хүртэл хийж байсан. Таны ярьж байгаа 35:41 гэдэг харьцаагаар
бол нэг аймгаас хоёр мандат буюу гишүүн гарах нь л дээ?
-Хангалттай
шүү дээ. Бид газар нутаг, засаг захиргааны нэгжид нь тулгуурласан
тойргоор 20 жил яваад үзлээ. Ямар ч дэвшил гарсангүй. Үнэхээр болохгүй
байгаа юмыг өөрчилж болно шүү дээ. Төр засаг гэж юуны төлөө байдаг юм,
иргэний төлөө л байдаг биз дээ. Тэнд байгаа хүн л саяхан амьдрах ёстой
болохоос биш газар нутаг, засаг захиргааны нэгжид зохицуулж тойргийн
хуваарилалт хийх нь ямар ач холбогдолтой юм бэ. Нэг удаа хүндээ бодлогоо
чиглүүлээд, анхаарал тавиад үз л дээ.
-Яг ингээд ярихаар
нөгөө 56 чинь “Хөдөөгийн төлөөлөл багасчихна, эрх ашиг нь орхигдоно”
гээд л мушгиад эхлэх биз. Тэгвэл хүн амын нягтаршилд таацуулсан тойргийн
шинэ хуваарилалтаас хөдөөгийнхөн хожих, хохирох зүйл байна уу?
-Энэ
жижиглэсэн мажоритари тойргоос үүдсэн “ойлголтын зөрүү” гэхээр нэг зүйл
гараад байгаа нь УИХ-ын гишүүнээс аж ахуйн ажил хийдэг болгочихсон. Нэг
аймагт очиж сургуулийн дээвэр засах, цэцэрлэг барих ёстой гэж
нийтээрээ, нийгмээрээ итгэдэг болчихсон. УИХ-ын гишүүн юу хийх ёстой юм
бэ? Бодлого боловсруулах, улс орны хөгжлийг тодорхойлох том асуудлууд
дээр шийдвэр гаргах ёстой. Цаана нь орон нутагт Засаг дарга, ИТХ гэж
байгаа. Тэд тэр орон нутгийн гээд байгаа аж ахуйн ажлаа хийх ёстой юм
байгаа биз дээ. Сургууль, цэцэрлэг, зам талбай юу байдаг юм аймагтаа
хэрэгтэй байгаа тэр бүх асуудлыг орон нутгийн удирдлага шийдэх ёстой шүү
дээ. Тэр УИХ-ын гишүүнд тохоод байгаа “Чи зам зассангүй, сургууль
барьсангүй” гэдэг асуудлаа орон нутагтаа өөрсдөө шийддэг байх хэрэгтэй.
Зөвхөн
орон нутагт ч гэлтгүй нийслэлд ч гэсэн УИХ-ын гишүүд “тэдэн сургууль
барих ёстой, төчнөөн км зам барина” гээд л амлаад явж байгаа шүү дээ.
Энэ байдлаа л болих ёстой. УИХ-ын гишүүн юу хийх ёстой юм? Бодлого
боловсруулах ёстой, хуулиа хийх ёстой, тэр хууль нь иргэдийнхээ эрх
ашигт таацсан байх ёстой, улс үндэстний нийтлэг эрх ашигт нийцсэн тэр
бодлого нь биднийг өөд нь татаад авч явж байх ёстой. Өнөөдөр ч гэсэн
парламент зөвхөн уул уурхайгаа л тойроод маргаад байна шүү дээ. Нөгөө
боловсрол, эрүүл мэндийн асуудал нь хаачсан юм. Бодлого ярьдаг, тэр
бодлого нь ард түмний сайн сайхан амьдралд хөтөлдөг байх ёстой байна шүү
дээ. Дээр нь хурдтай байх ёстой. Гэтэл жалгын нэг тархичсан улстөрчид
нь нөгөө хэдийгээ тойголж байж УИХ-д эргэж гарахаа л бодож байгаагаас
биш шийдэж байгаа асуудал алга байна шүү дээ.
Ний нуугүй хэлэхэд
энэ бол орон нутгийн иргэдийг ч доромжилсон хэрэг. Очихоороо “Би тэрбум
төгрөгөөр тийм, ийм юм хийлээ” гэж хуурдаг, хууртдаг байдлаасаа салах
хэрэгтэй байна. Үнэхээр Монгол Улс дэлхийн улс орнуудтай хөл нийлж алхья
гэвэл иргэдээ л боловсролтой болгох хэрэгтэй. Эрүүл байлгах хэрэгтэй.
Үүнд л анхаарлаа тавимаар байгаа юм. Сонгуулийн мандат хуваарилалтаасаа
эхлээд ийм шударга бус, тэнцвэргүй байгаа тохиолдолд яаж тэр сонгууль
явуулж байгаа процедур шударга байх юм бэ. Манай тойрог том, явахад
хэцүү гэж цөөхөн цөөхнөөр нь тасалж байгаад хямдхан шиг худалдаад
авчихыг бодож байна шүү дээ. Үнэхээр тойрог нь томдоод явахад хэцүү л
байгаа бол нэг нэг онгоцны буудал бариад өгчихөөч, хар замаар бүгдийг нь
холбочих. Тэгээд л нисч буугаад явж байна биз. Энэ чинь асуудал биш шүү
дээ, тийм боломж манайд байгаа.
УИХ-ын гишүүд Засгийн газартаа
авлига өгч, лобби хийж тэрбум тэрбумаар нь төсөв хуваарилуулдаг гэдэг ч
худлаа биш шүү дээ. Тэр мөнгө юунд зарцуулагдсан, орон нутгийн хөгжлийг
үнэхээр тэтгэж чадаад байна уу, гэвэл үгүй л байхгүй юу. Сая манай
клубийнхэн хэд хэдэн аймгаар “Иргэнд суурилсан хөгжлийн яриа”
хэлэлцүүлэг хийж явахдаа харлаа. Социализмын үед баригдсан барилга
байшингууд нь яг хэвээрээ. Нэг ч сургууль, нэг ч цэцэрлэг нэмэгдсэн юм
алга. Төслийн хэдэн байгууллагуудаар л сургууль цэцэрлэгээ бариулж байна
шүү дээ. Өнгөрсөн хорин жилд ажил болсон, бүтсэн бодлого гэж алга.
-Тойргоо шинэчилж хуваарилах тэгээд гишүүдээр дэмжигдэх болов уу?
-Мэдээж
шууд хуваачих гэхээр дэмжих гишүүд цөөхөн л байх л даа. Тийм учраас л
пропорционалийн элементийг аль болох түлхүү оруулж ирэх нь илүү хялбар
арга зам болж байгаа юм. Өнөөдөр НҮБ-ын гишүүн орнуудын 70-80 хувь нь
сонгуулийнхаа тогтолцоонд пропорционалийн элементийг оруулсан, зарим нь
бүр 100 хувь пропорционалиар сонгуулиа явуулж байна. Яагаад дэлхийн
хөгжилтэй орнууд ингээд байгаа юм гэдгийг ч бодож үзэх л ёстой. Тэгж
байж сонгуультай холбоотой булхай луйврыг хаадаг юм байна. Үүнийг
зүгээр л аваад хэрэглэчихмээр байгаа юм.
-Дунджаар хөдөөгийн
нэг иргэний санал хотын гурван сонгогчийн саналтай, дээд тал нь хотын
таван сонгогчийн саналтай тэнцэж байна гэсэн. Тэгвэл үүнийг
нийслэлийнхэнд нэг удаа ч болов хэлээд үзэх ёстой юм биш үү? Сонгуулийн
тогтолцоог эрүүлжүүлэхэд сонгогчдын оролцоо, дэмжлэг бас их хэрэгтэй
юм шиг байна. Яагаад гэвэл УИХ дээр дэмжлэг авахад бэрхшээлтэй болчихлоо
шүү дээ?
-Би өөрөө ч судалгааны дүн ийм гарна гэж
төсөөлөөгүй. Улаанбаатарын 3-5 хүний санал орон нутгийн нэг хүний
саналтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл 2-4 хүний санал шууд орхигдож байна
гэсэн үг. Хотод хуваарилсан мандат нь 20-хон юм чинь түүн рүүгээ л
чихээд оруулчихаж байгаа байхгүй юу. Хорин хүн 56 хүний эсрэг зогсоод
хаа хүрэх юм бэ. Өнгөрсөн сонгуулийн дараах иргэдийн бухимдал, долдугаар
сарын 1-ний жагсаал хаана гарсан, Улаанбаатарт л гарсан шүү дээ. Бид
ардчиллыг дэмжиж саналаа өгөөд байхад яахаараа энэ УИХ чинь нөгөө талаас
олонхи болоод гараад ирдэг юм бэ гэж. Мандатынхаа хуваарилалтад байна
гэдгийг жирийн ард иргэд сайн ойлгохгүй л байгаа байхгүй юу. Өгөөд өгөөд
нөгөө 20-доо л очиж байгаа юм чинь яах юм. Хотынхон 100 хувь нэг талд
өгөөд ч нөгөө 56-д хавьтахгүй шүү дээ.
-МАН-ынхан сонгуулийн
хуультай зэрэгцээд бас нэг тэс өөр зүйл яриад эхэлсэн нь Үндсэн хуульд
өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 99 болгох. Уг нь болохгүй зүйл байхгүй ч
гэсэн яг одоо ярьж байгаа нь анхаарал сарниулсан л зүйл болж харагдаад
байна л даа. Сонгуулийнхаа тогтолцоог эрүүлжүүлэх үү, гишүүдийнхээ
тоог нэмэх үү?
-Гишүүдийн тоог нэмэх санал боловсруулсан
хүмүүс юу бодож үүнийг ярьж байгааг би мэдэхгүй. Ер нь бол дэлхийн
жишгийг харахад, жишээ нь 3,3 сая хүнтэй Литвийн парламент гэхэд 145
гишүүнтэй байгаа. Тийм учраас огт боломжгүй зүйл ч бас биш л дээ. Гэхдээ
яг одоогийн Монголын нөхцөлд бол нийгмийн зүгээс дэмжлэг авахгүй. Яг
ийм нөхцөлд нэмээд ч хэрэггүй. Одоо байгаа 76-гаа үзэн ядах хэмжээнд
хүртэл парламентын нэр хүнд нь уначихаад байхад 99 болгоно гэдгийг иргэд
хүлээж авахгүй. Тиймээс одоо байгаа 76 мандатаа хамгийн боломжтой, улс
оронд ашигтай байдлаар хуваарилах нь хамгийн зөв алхам байх. Гишүүдийн
тоог нэмэхийн тулд Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулах хэрэгтэй болно.
Тойргийн хуваарилалтыг өөрчлөх, хүн амын тоо, нягтаршилтай нь уях
асуудал бол Үндсэн хуультай холбоогүй шүү дээ, Сонгуулийнхаа хуульд
хийгээд өгөхөд л болно. Үнэхээр парламентаа жаахан томруулья, нэг
мандатад ноогдож байгаа хүн амынхаа тоог цөөлье гэж бодож байгаа 2016,
2020 оноос хийж болно шүү дээ. Ядаж л сонгогдоод гарч ирэх арга зам нь
жаахан шударга болоод, хүмүүс нь өөрчлөгдөөд, парламентын нэр хүнд
жаахан өсөөд ирэг л дээ. Түүний дараа бол томруулах асуудал байж болно.
Зүгээр мандатаа хуваарилалт нь ийм шударга бус, тэнцвэргүй байх юм бол
юун шударга сонгууль, цэвэр ариун төрийн тухай ярих вэ. Ийм
нөхцөлтэйгээр мандатын тоогоо нэмэх юм бол “Чонын хүзүүнд мах зүүв” гээч
л болно. Тийм болохоор өнөөдөр парламентыг томруулах тухай биш, байгаа
мандатаа хамгийн боломжит хэлбэрээр зөв хуваах тухай л ярих ёстой.
-Холимгоор явсан тохиолдолд хот хөдөө дэх мандатын тоо ямар байх ёстойг тооццож үзсэн үү?
-Ямар
нэг байдлаар сонгуульд мажоритарийн элемент орох л байвал тойргийн хүн
амын тоонд мандатын тоог нь тэнцүүлэх ёстой. Яагаад гэвэл 100 хувь
пропорционалийн тухай одоогоор ярихгүй байгаа шүү дээ. Ардчилсан намын
тавьж байгаа 38:38 ч бай, МАН-ын тавиад байгаа 24:52, 28:48 ч бай, аль ч
тохиолдолд мажоритари мандатын 45 хувь нь хүн амынхаа нягтаршлыг дагаад
нийслэлд ирэх ёстой. Мажоритари 52 тойрог байх юм бол 24 нь нийслэлд,
28 нь орон нутагт, мажоритари 38 тойрог гаргалаа гэхэд 17 нь хотод, 21
нь орон нутагт гэх мэтчлэн. Одоо МАН-ынхан 28:48 гэсэн бас нэг шинэ
хувилбар гаргаж ирээд байгаа гэсэн. Тэгвэл дор хаяж 21 суудал нь хотод,
27 нь орон нутагт байх ёстой биз дээ. 12:36 гэж л яавч байж болохгүй.
Одоо бол хүн амын 45 хувь нь оршин сууж байгаа нийслэлд УИХ-ын нийт
мандатын дөнгөж 26 хувь ноогдож байгаа шүү дээ. Хэрвээ мажоритари 48-аа
12.36-гаар хуваана гэвэл УИХ-д нийслэлийн төлөөлөл одоо байгаагаасаа ч
багасаад 25 хувьд хүрэх нь байна. Тийм учраас мандатын хуваарилалтыг хүн
амын тоонд нь тэнцүүлж шинээр хий гээд байгаа юм. Үнэхээр хэрэглэж
үзээд болохгүй буцааж болно шүү дээ. Өөрчилж болохгүй зүйл биш.
"Ардын эрх" сонин
