
Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ма Жаосюй (Ma Zhaoxu) мэдэгдэл хийж Америкийн батлагдаж байгаа хуулийн төсөл нь Дэлхийн худалдааны байгууллагын хэм хэмжээнд харшилж байгаа ба тэр нь хоёр орны худалдааны харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна дэлхийн валютын зах зээлийн байдлыг хүндрүүлнэ гэжээ. Төв банкны мэдэгдэлд худалдааны хомсдол, ажилгүйдлын өндөр төвшин зэрэг АНУ-ын дотоодын асуудлыг шинэ хуулиар шийдэхгүйгээс гадна тэр нь “хэний ч хүсээгүй” худалдааны дайнд хүргэж магадгүй хэмээн сануулсан байв.
Даваа гаригаас АНУ-ын Сенат үндэсний валютын ханшаа санаатайгаар дор барьж байгаа орнуудын бараа таваарт нөхвөрийн татвар тогтоох эрхийг Цагаан ордонд өгч байгаа хуулийн төслийг хэлэлцээд эхэлжээ. Хуулийн төсөл нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, мөн ажилгүйдлийг бууруулахад тустай гэж үздэг сенаторууд ба тэр нь худалдааны дайн үүсгэнэ гэсэн сенаторуудын хооронд ихээхэн маргаан дэгдээж байна. Хуулийг санаачлагчид Хятадын юанийн ханш бараг дөчин хувиар доогуур гэж үздэг. Өмнө нь АНУ юанийн ханшаа санаатайгаар дор барьж байна хэмээн Хятадыг нэг биш удаа буруутгаж байсан юм. Үндэсний валютын ханшаа бага байлгах нь экспортлогчдод тааламжтай нөхцөл үүсгэн гадаадын зах зээлийг эзлэх боломжийг гаргадаг.
"Ардын эрх" сонин