Сирийн асуудлаар хагаралдав

Хуучирсан мэдээ: 2011.10.06-нд нийтлэгдсэн

Сирийн асуудлаар хагаралдав

Сирийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авахаа сануулсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд Орос, Хятад хоёр хориг тавив. Сөрөг хүчний эсэргүүцлийг бараг хагас жилийн турш цус асгаруулан дарж байгаа Башар Ассадын дэглэмийн эсрэг тогтоолын төслөөр гурван сар маргалдсаны эцэст Сирийн байдлаар нэгдмэл санаанд хүрч чадалгүй НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хагаралд оров.

“Өнөөдрийн санал хураалтын төгсгөл нь томьёолол гаргах асуудал биш харин улс төрийн хандлагын зөрөлдөөн болжээ” хэмээн НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хэлжээ. Орос, Хятадын буцаасан тогтоолын төслийг Франц, Их Британи, Герман, Португали санаачилжээ. Тогтоолын төсөл нь “сөргөлдөөний гүн ухаан” дээр үндэслэгдэж, Сирийн эрх баригчдыг буруутгасан, хэтэрхий нэг талыг барьсан, хориг тавих занал агуулсан байна гэж Чуркин үнэлжээ.

Аюулгүйн зөвлөлийн хэлэлцээ­рийн явцад оросууд тэр тогтоолоор Ливийн тогтоолыг давтуулахгүй байхаар оролдож байв. Хүн амын эсрэг хүчирхийллийг зогсоох зорилготой Ливийн тогтоолоор цэргийн ажиллагааг эхлүүлсэн гэж оросууд дургүйцсэн байв.

“Сирийн байдлыг авч үзэхдээ Ливийн туршлагыг салгаж болохгүй” хэмээн Чуркин хуралдаан дээр хэлж байв. Орос Сирийн Башар Ассадын дэглэмийн өмгөөлөгч биш гэдгийг бас тэр онцолжээ.  Тэр хэлэхдээ Орос иргэдийн тайван жагсаалыг хүчирхийлэн дарж байгааг эсэргүүцэж байна гээд “хүчирхийллийн шалтгаан нь эрх баригчдын хатуу үйлдэлд байгаа юм биш” гэв. Оросын дипломат “хулгайн наймааны зэвсгээр зэвсэглэгдсэн дээрмийн бүлэглэл суурин газруудыг эзлэн алж, талж байна” гэж хэлсэн нь Башар Ассадын дэглэмийн тайлбартай яг нийцэж байгаа нь гайхмаар.  Ийнхүү оросууд Ойрхи Дорнодын цуст дэглэмүүдийг дэмжсээр ирснээ дахин харуулав.  Хямралаас гарах нь “өдөөн хатгалгын эсэргүүцлийн арга хэмжээнээс татгалзах явдал. Тэр нь сөргөлдөгч талуудад хамааралтай гэдгийг Чуркин хэлжээ.

Европын тогтоолын төслөөс гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Орос, Хятад хоёрын санаачилсан бас нэг тогтоолын төслийг авч хэлэлцээд түүнийг  Барууны орнууд хангалттай хатуу биш гэж үзэв. Европын орнууд ба АНУ тогтоолын төслөөр хураагдсан саналд сэтгэл дундуур байгаагаа хэлж, Орос, Хятад хоёрыг хатуухан шүүмжилжээ. “Хүний эрхийн энгийн хүндэтгэл, эрх чөлөөг эрмэлзсэн Сирийн ард түмэн Аюулгүйн зөвлөлийн зарим гишүүдээс алганы амт авав. Сирийн болон бүс нутгийн ард түмэн өнөөдөр бидний дундаас хэн нь тэдний талд зогсч байгааг, хэн нь дайны зам дээр дарангуйлагчдыг хамгаалж буйг олж харлаа” хэмээн НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Сьюзан Райс мэдэгдлээ.

Баруун Европын дипломатууд санал хураалтад сэтгэл дундуур үлдснээ хэлж байна. Тогтоол гараагүй нь Сирийн эрх баригчдад буруугаар ойлгогдон тэдний зүгээс жагсагчдад үзүүлэх хүчирхийллийг даваргаж магадгүй гэсэн болгоомжлол тэдэнд байна. Гэхдээ тэд энэ талаар тохиролцоонд хүрэхээр ажиллана гэв. Харин хэзээ энэ ажил эхлэхийг тодорхой хэлэх аргагүй.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж