“Домгийн өглөө” Боловсрол суваг телевизээр

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

“Домгийн өглөө” Боловсрол суваг телевизээр

Дуучин Т.Ариунаагийн “Домгийн өглөө” кино клипийг “Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхтэйгээр гаргахаар боллоо.

Гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Домгийн өглөө” төсөл хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ төсөл хэрэгжсэнээр үзэгч та бүхэн дуучин Т.Ариунаагийн шинэ уран бүтээл болох “Домгийн өглөө” богино хэмжээний кино клипийг зөвхөн “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзэх боломжтой болж байна.  Олон улсын хэмжээнд оюуны өмчийг албан ёсны гэрээтэйгээр ашиглах зарчмыг чухалчилдаг ч манай улсад энэ байдал өөр. Уран бүтээлчид асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан туурвисан бүтээлээ аль нэг телевизэд үнэ төлбөргүй цацуулдаг. Энэ нь хэдийгээр гаж тогтолцоо боловч өөрчлөх боломжтой гэдгийг дуучин Т.Ариунаа болон түүний кино клипийг хамтран бүтээсэн уран бүтээлчид нотолж байна.

Тиймээс ч дуучид, уран бүтээлчдийн бүтээлийг үнэлэх, зохиогчийн эрхийг хүндэтгэх үүднээс  “Боловсрол суваг” телевиз Гавьяат жүжигчин Т.Ариунаад “Домгийн өглөө” кино клипийг нь албан ёсны гэрээтэйгээр өөрийн дэлгэцээр гаргах санал тавьсан бөгөөд дуучны зүгээс уг саналыг баяртайгаар хүлээн авч, хоёр тал хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр урлагийн салбарт нэгэнт тогтоод буй оюуны өмчийг хулгайлах, бусдын хөдөлмөрийг үл хүндэтгэдэг байдал үгүй болох эхлэл тавигдаж байгаа юм.

“Домгийн өглөө” богино хэмжээний кино клип нь Их Монгол Улсын хаан Мөнхийн хаанчлалын үед Сири, Персийн нутагт амьдарч байсан Хашишин буюу Ассасинуудын тухай өгүүлдэг байна. Тэд 1253-1257 оны үед монголчуудтай хэрхэн холбогдсон талаар түүхэн эх сурвалжид тулгуурлан “Домгийн өглөө” кино клипийг бүтээсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор бичсэн уг бүтээлийн ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, найруулагчаар О.Гэрэлсүх, хөгжмийн продюссерээр “Sweetymotion” хамтлагийн продюссер Б.Чинбат, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, хувцасны дизайнераар “Exclusive” компанийн дизайнер Л.Баярсайхан, нүүр хувиргагчаар Ж.Болормаа нар ажилласан байгаа. Харин Персийн хааны дүрд жүжигчин Н.Бат-Ялалт тоглосон бол жүжигчин Латиф агсны хүү Нурбулан эсрэг талын дүр бүтээжээ. Мөн “Мотив”, “3 охин” хамтлагийнхан background хийж, “Нью стар” студийн продюсер Л.Гантөр хөгжмийн найруулагч ажилласан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж