
“101+” буюу хэсэг оюутан залуучууд өөрсдийн санаачилгаар залуучуудын нийгмийн оролцоог дэмжих, боловсрол, хөгжлийн асуудалд хандсан ажлуудыг хийхээр содон нэртэй ТББ-ыг байгуулжээ. Оюутан залуучуудын санаачилгаар үүсэн байгуулагдсан тус клубээс МУИС-ын өмнө талбайд “Залуу менежер” хөтөлбөрийг эхлүүлсэнээ зарлаж нээлтээ хийлээ. Нээлтэнд Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлэхдээ “Залуучууд өөрсдөө санаачилаад хийдэг, бүтээдэг бас нийгмийнхээ ажил амьдралд оролцдог, санаачилгатай, зорилготой амьдрах нь чухал. Тиймээс ч Ардчилсан нам ажил хэрэгч шинийг санаачилагч “101+” залуучуудын байгууллагыг дэмжиж байгаа” гэдгээ хэллээ. Мөн тэрбээр энэ үеэр “Ардчилсан нам Эдийн засгийн хувьсгалыг эхлүүлсэн. Монгол орны эдийн засаг өнөөдөр алт, зэс, нүүрс гэсэн хоёр гуравхан хүчин зүйлээс хамааралтай явж байна. Тиймээс эдийн засгийг эрүүлжүүлж, Монгол Улс эдийн засгаа бусад салбараас тэр дундаа оюунлаг боловсролтой толгойноос хамааралтай болгох цаг ирсэн. Үүнд залуучууд та бүхэн өөрөө өөрийгөө бэлтгэж сайн сурах, бүхий л чиглэлээр шилдэг менежерүүд байх хэрэгтэй.
Ардчилсан намаас залуучуудынхаа нийгмийн оролцоог дэмжиж өнөөдрөөс оюутан залуучуудын дунд “Эдийн засгийн хувьсгал” сэдвээр илтгэлийн уралдаан зарлаж байгааг энэ үеэр онцлоод залуучуудыг өргөнөөр оролцохыг уриалж шинийг эрэлхийлсэн залуучуудын оролцоог Ардчилсан нам ямагт дэмжин ажиллах болно” гэдгээ мэдэгдлээ.
Г.Дарь