Грект бүх нийтийн ажил хаялт зарлав

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Грект бүх нийтийн ажил хаялт зарлав

Грект 24 цагийн бүх нийтийн ажил хаялт эхэллээ. Грекчүүд Засгийн газрынхаа явуулж буй төсвийн бодлогыг эсэргүүцсээр байгаа юм. Сургууль, цэцэрлэгүүд хаагдаж, нийтийн тээврийн үйлчилгээ, онгоцны нислэгүүдийг цуцалжээ. Эмнэлгийн ажилтнууд цөөн тоогоор ажиллаж байгаа гэнэ. Грекийн Засгийн газар өнгөрсөн сард хөдлөх хөрөнгийн онцгой татвар ногдуулж, 30,000 төрийн албан хаагчийг цомхотгосон нь Грекчүүдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж ийнхүү бүх нийтийн ажил хаялт зарлахад хүргэж байна. Тус улсад ажиллаж буй олон улсын сэтгүүлчид үйлдвэрчний эвлэлийн холбоодын үйл ажиллагаа идэвхитэй өрнөж байгаа талаар бичиж байна.  Грекийн цэргийн зарим албан хаагчид Засгийн газрыг шинэчлэлийн бодлогоо зогсоохгүй бол хорлон сүйтгэх ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн байна. Өчигдөр Евробүсийн орнуудын сангийн сайд нар Грект санхүүгийн тусламжийн зээл олгохыг хойшлуулсны дараа тус улсад бүх нийтийн ажил хаялт зарлажээ. Грекийн Засгийн газар төсвийн алдагдлыг энэ онд бууруулж чадахгүй гэж мэдэгдсэний дараа Евробүсийн сангийн сайд нар тус улсад хоёр дахь удаагаа зээл олгох асуудлыг хойшлуулах болсныг мэдэгдсэн юм. Грекийн сангийн сайд Эванжелос Венизелос өчигдөр мэдэгдэл хийхдээ Засгийн газарт ирэх арваннэгдүгээр сар хүртэл цалин тэтгэвэр олгоход хангалттай нөөц бий гэсэн юм. Грекийн Засгийн газар өмнө нь аравдугаар сарын дунд хүртэл цалин тэтгэвэр олгохын тулд зээл авах шаардлагатай гэж мэдэгдэж байсан юм. Грекийн Засгийн газрын явуулж буй төсвийн хатуу бодлого Грекчүүдээс дэмжлэг авах нь бүү хэл эсэргүүцлийн хөдөлгөөн, ажил хаялт дагуулж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж