Либерал-ардчилсан исламизм

Хуучирсан мэдээ: 2011.10.05-нд нийтлэгдсэн

Либерал-ардчилсан исламизм

Турк  Европын холбоонд эл­сэхийн тулд Үндсэн хуулиа өөрчилж байна. Ерөнхий сайд Режеп Эрдоган шинэ Үндсэн хуулиа ирэх жилийн эхний хагаст боловсруулах үүргийг парламентдаа өгчээ. Шинэ хууль нь либерал, ардчилсан болохоос гадна исламистуудад байр сууриа бэхжүүлэх боломж олгоно гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Туркийн ерөнхий сайд парламентдаа шинэ Үндсэн хуулийг бүтээхэд нь дөнгөж хагас жилийн хугацааг өгчээ.

“Парламентын шинэ чуулганы нээлтээс эхлэн бид шинэ Үндсэн хуульд шууд анхаарлаа хандуулна. Үүнийг бид  2012 оны эхний хагаст бэлэн болгоно гэж би найдаж байна” хэмээн Эрдагон хэлэв. Шинэ Үндсэн хууль нь нийгмийн бүхий л давхрагын сонирхлыг илэрхийлсэн байх ёстой гээд улс төрийн намуудтай идэвхтэй зөвлөлдөөнийг хийж байна хэмээн тэрээр онцолжээ.

Ирэх бямба гаригт Туркийн пар­ламент межлисийн шинэ чуулганы анх­ны хуралдаан болно. Сонгуульд ялалт байгуулсан Эрдоганы толгойл­сон Шударга ёс ба хөгжлийн нам сонгогчдын 49,9 хувийн саналыг өн­гөр­сөн сонгуулиар авсан. Парла­мен­тад үнэмлэхүй олонх болоод Үнд­сэн хуулиа батлахын тулд уг намд ердөө л таван мандат дутсан юм.

Шинэ Үндсэн хуулийг батлах нь Европын холбооны гишүүн болохын тулд Туркт тавьж байгаа шаардлагын нэг юм. Шинэ Үндсэн хуультай болох шаардлагатай гэж улс төрийн бараг бүх хүчин үздэг бөгөөд эрх баригч намын сөрөг талынхан нь үүнийг баталснаар эрх баригч төвийг сахисан исламистууд улс төрийн монополи эрх авна гэсэн болгоомжлол байгаа. Үүний зэрэгцээ сөрөг хүчин парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаг­лалд шилжихэд нь дургүй байгаа. Ерөнхийлөгчийн засаглал нь илүү үр дүнтэй гэж Эрдоган нэг биш удаа хэлж байсан билээ.

Туркийн өнөөгийн Үндсэн хуу­лийг Кенан Эвренийн толгойлсон цэргийнхний эргэлтийн дараагийн хоёр жилд нь бэлтгэн 1982 онд бүх нийтийн санал асуулгаар баталсан юм. Засгийн эрхэнд байсан цэр­гийнхэн шинэ хуулийг гаргахад ихээхэн нөлөөлж, арми нь Туркийн иргэний засаглалын баталгаа нь болсон. Уг Үндсэн хуулиар Турк улсын үндсэн зарчмууд зөрчигдсөн тухайлбал, үүнд исламыг улс төрийн тэмцэлд ашигласан нөхцөлд арми нь оролцох эрхийг өгсөн гэгддэг. Тэр үед лалын орнуудтай ойртохоор ерөнхий сайд Нежметтин Эрбаканы “исламын наймуул” байгуулах са­наач­лагад нь цэргийнхэн өөрсдийн тулган шаардалтаа тавьснаар ерөн­хий сайд огцорч байв. Түүний тол­­гойлсон Энх мэндийн намыг исламыг улс төрд ашиглах гэсэн хэмээн тарааж байсан юм.

“Эврений үндсэн хуульд” олон удаа өөрчлөлт оруулсан бө­гөөд хамгийн сүүлчийн 2010 оны ес­дүгээр сарын санал асуул­гаар арми, шүүхийн корпус, хүч­нийхний эрх мэдлийг ихээхэн хяз­гаарласан. Одоо Үндсэн хуулийн төсөл боловсруулахад европ мэргэ­жилтнүүд оролцож байна. Шинэ Үндсэн хууль нь нэлээд европжсон, либерал мөн иргэний болно гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа.

Эрх баригч, төвийг сахихсан исламуудад шинэ Үндсэн хууль нь сонгуулийн өмнөх чухал амлалтынх нь нэг бөгөөд тэд өөрсдөө үүнийг батлах хангалттай санал авч чадаагүй учраас Эрдоганы намд бусад улс төрийн хүчинтэй зохицох хэрэгтэй байна. Энд курдуудын туслалцаа чухал байж магадгүй юм. Курдууд одоо парламентад 30 суудалтай. Эрх баригч нам Туркийн Курдистанд олигтой суудал авч чадаагүйгээс парламентын олонх болоогүй билээ. Мөн курдууд бие даасан депутатуудын 36 суудалтай. Энэ долоо хоногт курдын тал барьсан Энх тайван, ардчиллын нам шийдвэрээ өөрчлөн депутатын тангараг өргөх талаар хэлсэн байгаа. Мөн тэд Эрдоганы намтай хэлэлцээр хийх бололтой.

Курдууд шинэ Үндсэн хуулийн төлөө санал өгөх болов уу. Шинэ Үндсэн хуулинд Турк бол олон үндэстний улс гэсэн заалт орно.

Либерал, ардчилсан Үндсэн хуультай болсноор гайхалтай нь исламын нөлөө ихсэх болно гэж шинжээчид дүгнэв. “Туркт лалынхан ихэнх нь бөгөөд ямар ч ардчилсан оронд олонх ялж байдаг. Ардчилсан Үндсэн хуультай байхад Эрдоганд тэр давуу талыг өгч байх юм. Тиймээс ч улс төрийн бусад хүчнийхэн нэн түрүүнд кемалистууд шинэ хуулийн эсрэг зогсох бололтой.

Сүүлийн үед Турк исламын ертөнцийн лидер болохоор чармайж байгаа. Ливийн хямралыг зохицуулахад Анкара чухал үүрэгтэй байсан билээ. Мөн энэ цагаар Турк-Израилийн харилцаа эрс хүйтэрч, Элчин сайдаа татахад хүргэсэн юм. Турк шинэ Үндсэн хуулийг баталснаар хөрш лалынхандаа харин ч исламын нөлөө хүчтэй болж байна гэж харуулахыг хичээнэ.

Үүгээрээ тэд “Арабын хаврын” орнуудад жишиг болох ёстой. Туркийн байдал ч бүс нутгийнхаа байдлыг санагдуулахаар болсон гэхэд буруутахгүй. Гэхдээ Туркт элитийн  шинэчлэл явагдаж байгаа. Харин тэр нь Эрдоганы намынхан засагт орж ирснээр тайван замаар өөрчлөгдөж буй. Тэд засгаас цаг нь өнгөрөөд байгаа үндсэрхэг кемалистуудыг холдууллаа. Яг ийм маягаар л Ойрхи Дорнодын 1950-1960-аад онд засагт үндсэрхэг үзлээр гарч ирсэн дэглэмүүдийг  одоо зайлуулаад байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж