“Ард түмэнд итгэл хэрэгтэй, гэвч тэд айдаст бас итгэдэг” гэж хэлсэн байдагчлан айдас болгоомжлол нь ард түмэн өөрсдийгөө зохион байгуулалтанд оруулж, хамтран ажиллах улмаар тэдэнд үндсэн хуулиар олгогдсон эрхүүдээ сайжруулан баталгажуулахын төлөө чармайлт гаргах нэг хүчин зүйл болж магадгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, бидэнд Монгол хүний үнэ цэнэ өсөж, Монгол улс хөгжинө гэсэн итгэл хэрэгтэй, гэвч муу эсвэл бохир улс төрчид саад болох болно гэсэн айдас болгоомжлол байх хэрэгтэй. Өнгөрсөн 20-иод жилд эрх баригч намууд энэхүү мэдрэмжийг ард түмэнд хангалтай мэдрүүлсэн, одоо ч мэдрүүлсээр байна. Иргэд бид “ амьд ардчилал” буюу шууд болон өөрсдийн төлөөлөлөөр дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох, нийтийн эрх ашгийг хөндсөн улс төрийн шийдвэрүүдэд нөлөөлөх боломж бүрдсэн нийгмийг бий болгохын тулд үндсэн хоёр үүргийг хүлээж байдаг. Нэгдүгээрт, бодлого ба улс төрөөр өрсөлдөгчдийн шүүгч болох үүрэг бөгөөд нийтийн санал асуулга болон сонгуульд санал өгөх байдлаар иргэд энэхүү үүргийг гүйцэтгэж байдаг. Хоёрдугаарт, иргэд өөрсдийн шүүж буй улс төр үйл ажиллагаанд оролцогч болон дэмжигчээр оролцох үүрэг бөгөөд тэдгээрийн үйлдэл нь бусад иргэдийн улс төрийн чиг баримжаа итгэл үнэмшлийг бүрдүүлэхэд тусалж байдаг. Иргэдийн улс төрийн эрх, эрхчөлөө /чөлөөт байдал/ сайжран баталгаажих нь “амьд ардчилал” бий болох үндэс юм. Товчхондоо хэлэхэд, хэрхэн санал өгөх эрхийг сайжруулан баталгажуулах нь нийгэм, эдийн засгийн болоод бусад эрхүүдийн баталгаа, хэрэгжилтэнд шууд нөлөө үзүүлж байдаг. Гэтэл Монгол улсад улс төрийн соёл, тэр дундаа улс төрийн намуудын төлөвшил доод түвшиндөө байгаа зэргээс иргэд “улс төрийн шүүгч, дэмжигч болоод оролцогчид” байх итгэл үнэмшил алдагдаад байна.
Хэрэв А болон Б намаас тус бүр нэг нэг хүнийг тухайн тойрог дээр нэр дэвшүүлсэн гэж төсөөлье. Дээрх хоёр нэр дэвшигчид нь “олигархи эсвэл түүний гар хөл бологсод эсвэл үл мэдэх болоод үл бүтэх хүмүүс” байвал бид хэнийх төлөө саналаа өгөх вэ гэсэн асуулт урган гарч, “жаран жавганц уралдахад нэг түрүүлнэ” гэсэн хандлагаар хэн нэгнийг дугуйлах уу?. Эсвэл иргэд бид уралдаж буй “жавганцууд”аас татгалзаж улмаар тэдгээрийг сольж болох уу. “Болно” гэсэн хариултыг хэлмээр байна. Санал өгөх эрх буюу үндсэн хуульд хуульчилснаар “сонгох эрх”-ийн агуулж буй нэг боломж нь нэр дэвшигчдээс татгалзах боломж бөгөөд дээрх хүмүүсээс идвэхитэй байдлаар татгалзаж буй хэлбэр юм. Харин сонгуульд үл оролцох байдлаар дээрх хүмүүсээс татгалзах оролдлого хийж болох ба энэ нь идвэхтэй бус хэлбэр юм. Цаашилбал дээрх хоёр хэлбэрийн эрх зүйн үр дагавар харилцан адилгүй юм. Хэрэв тухайн сонгуулийн тойргийн сонгогчдын олонх нь сонгуульд үл оролцох байдлаар хууль тогтоох засаглалд тэдгээрийн төлөөлөхөөр нэр дэвшиж буй этгээдээс татгалзах нь тухайн сонгуулийн тойрог дээрх сонгуулийн хүчингүйд тооцох нэг үндэслэл болдог ба санал хураалтыг дахин зарладаг. Энэ тохиолдолд ижил нэр дэвшигчид сонгуулийн хуудасанд дахин бичигддэг ба энэ нь тухайн тойргийн ард түмний хүсэж байсан үр дүн биш байдаг. Ер нь сонгуульд саналаа үл өгөх байдал нь, ёс суртахууны талаасаа, хуулиар ноогдуулсан татвараас зайлсхийж буйтай адил юм. Өөрөөр хэлбэл, сайн засаглал болон ардчилалыг бэхжүүлэх, төгөлдөршүүлэхийн төлөө нийгмийн бусад гишүүдийн оруулж буй чармайлтын үгүй хийх эсвэл тэдгээрийн хийх ажлыг сонгуульд саналаа өгөөгүй нийгмийн гишүүд нэмэгдүүлж байдаг. Харин сонгуульд оролцох байдлаар нэр дэвшигчдээс тухайн тойргийн сонгогчид татгалзвал хууль зүйн үр дагавар нэлээд өөр байдлаар томъёологдож болох юм. Хэрэв сонгуульд сонгогчид оролцож нэр дэвшигчдээс татгалзах гэсэн санал зонхилбол тухайн тойргийн сонгууль хүчинтэй ба улс төрийн намууд нэр дэвшигчдээ дахин авч хэлэлцэх улмаар шинэ нэр дэвшигчийг тухайн тойрог дээр дэвшүүлэх зэрэг асуудлууд урган гарч болох юм. Улс төрийн намын төлөвшил дорой, санал өгөх буюу сонгох эрхийг одоогийн нийгэм хэрхэн хумигдмал байдлаар ойлгож байгаа зэргээс хамаарч сонгуулийн ямар тогтолцоог сонгох болоод УИХ гишүүдийн тоог нэмсэн ч засаглалыг сайжруулж ардчилалыг төгөлдөршүүлэхэд чанарын ялгаа гарахгүй. Хэрэв иргэд нэр дэвшигчдээс татагалзах боломжийг санал өгөх эрхийнхээ хүрээнд эдэлбэл, чанарын өөрчлөлт бий болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү эрхийг хуульчлах нь магадгүй “тархиараа улс төр хийгч хүмүүс”-ийг “зөвхөн мөнгөөр улс төр хийгч болоод мөнгөний төлөө улс төр хийгч хүмүүс”-ээс хамгаалах нэг боломж юм. Зөвхөн “мөнгөтэй хүмүүс” улс төрийн өрсөлдөөнд оролцох хандлага ихсэвэл иргэдийн тэгш байдал болоод эрх, эрхчөлөө /чөлөөт байдал/ нь алдагдахад хүрдэг. Хэн байхаас үл хамаарч /хуульч, бизнесс эрхлэгч, бөх, дуучин, засварчин/ хүн бүхэн улс төрч ч болж болно, сайн улс төрч ч байж болно. Гэхдээ тэд бүгд сайн хууль тогтоогч байж чадахгүй нь мэдээж юм. Сүүлийн сонгуулиудад хууль тогтоогч байх чадвараар дутмаг хүмүүс нэр дэвшигчийн олонх байх үзэгдэл хавтгайрч байна. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн ардын зүйр үгийг үгийн шууд утгаар нь буюу ташааран ойлгох эсвэл эрх мэдэлд хүрэх замаар амар амьдрах гэсэн хүмүүс намын удирдлагын УИХ дахь утсан хүүхэлдэйн тоог нэмэх болчоод байгаа нь харамсайтай юм. Сайн машин засдаг хүн УИХ-ын танхимаас биш засварын газар дээрээ олон машин сайн янзалж байвал тэр нь нийгэмдээ оруулж буй хувь нэмэр ба энэ шууд бусаар төрөө засаж буй хэрэг юм.
Санал өгөх эрхийн хүрээнд нэр дэвшигчдээс татгалзах боломжийг хуульчлах нь энэхүү эрхийг сайжруулан баталгаажуулахын зэрэгцээ “ард түмний төлөө улс төрчдийг” “олигарахуудын улс төрчдөөс” хамгаалах, нэр дэвшигчдийн сонгуулийн суртачилгаанд зарцуулж буй харилцан адилгүй санхүүжилтыг тэнцвэржүүлэхэд чухал холбогдолтой . Ард түмэн дан ганц мөнгөөр зэвсэглэсэн нэр дэвшигчдээс илүүтэйгээр ёс суртахуунлаг, оюунлаг болоод магадгүй тодорхой өөрийн гэсэн эдийн засгийн капиталтай /юм үзэж нүд тайлсан гэсэн утгаар дурьдсан болно/ хүмүүс нэр дэвшиж, нийтлэг сайн сайхныг бэхжүүлээсэй гэж хүсэж буй байх.
Иргэд бид ч сонгуульд оролцож саналаа өгөхдөө нийтлэг сайн сайхныг бий болгоход хувь нэмрээ оруулж байна гэсэн итгэл үнэмшилээр тухайн нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх эсвэл нэр дэвшигчдээс татгалзах эрхээ эдлэх боломж ирэх цаг ойрхон буй за.