Монголын алтан түүх “Нууц товчоо” монголчуудын өнө эртний амьдрал ахуй түүх, соёл, хэл аялгуу, зан үйл, ёс заншлын эх ундаргын толь гэж үздэг. Энэ их эзэнт гүрний үргэлжлэл нь өнөөдрийн Монгол Улс билээ. Бид үндсэн хуулиараа Монгол Улс гэж зарлан тунхагласан бөгөөд дэлхий даяар Чингисийн монгол хэмээн алдар нэрээ дуудуулаж яваа билээ. Гэтэл Монгол Улс дотроо хоёр хуваагдаж нэг хэсэг нь дэндүү үгээгүй хоосон, нөгөө хэсэг нь төр хэмээх сэтэр зүүсэн дураараа туйлдаг, тусгай эрх дархтай дарганцар хэмээх төр улс болон тусгаар тогтножээ. Төр хэмээх вант улсын төрх араншин Монгол Улсыг хоёр хувааж, “төр“ улс болон өрх тусгаарласан нь ядуу Монгол Улсыг нэгэнт орхижээ. “Төр” гэдэг улс нь дэндүү баян эрх мэдэл, албан тушаал, нэр алдар, цол хэргэм төрийн нэртэй элдэв шагналаар бялхана. Бас тэгээд хууль, хэл, соёл, ёс заншил нь хүртэл Монгол Улсынхаас тэс өөр, Монгол хэл аялгууг огт мэддэггүй улс юм. Тэд олон янзын хэлээр хольж ярина. Тэд төр нэртэй хуультай. Унах унаа нь хүртэл онгоц, Хаммер, Жип, Кадиллак… Өмсөх хувцас нь хүртэл Монголынхоос огт өөр бүгд бренд нэртэй. Тэд хүссэн цагтаа дурын банкнаас хэдэн тэрбумаар мөнгө авна, өвдвөл аль нэг хөгжилтэй улсын эмнэлэгт онгоцоор нисч очоод хэдэн арван саяар ч хамаагүй эмчлүүлэх гээд бүх үйлчилгээ нь Монгол Улсынхаас өдөр шөнө шиг ялгаатай. “Төр” их хурлын гишүүдийн эрх гэж яана лут, нэг нь байхгүй тохиолдолд тэдний өмнөөс төлөөлж хэд хэдэн кнопыг шууд дарах эрхтэй, хэлж ярих нь хүртэл хэг ёг “Төр” гэж ярина. Гишүүд нь бие биеэ өхөөрдөн арван жилийн сурагчид болж хоорондоо тоглож цаг заваараа улстөрчид болон хөгжилдөн, хурдан морь уралдуулж, бөх барилдуулж, уул овоо тахиж, ёслолын тууз хайчилж, хоол хийх рекламанд гоцлон тоглож, худал хэлж чулуу хөөлгөн Монгол Улсад молиго өмхүүлж, дөрвөн улирал дамнан наадамдаж тоглоно. Төр эрхтэн дархтанууд болон “Төр” праламент нь бидний өвөг дээдсүүд Монгол Улсад өвлүүлэн үлдээсэн байгалийн баялаг, эрдэнэсийн алтан сан хөмрөгийг гадаадын зартай тоглодог мангасуудтай сэм хуйвалдан тоглож, Монгол улсыг хүчиндэнэ. “Төр” парламентын зарим гишүүд нь хугацаагүй хааначилсан “төр” парламентчид байх ёстой гэж горилл шиг эрх дураараа эрхлэн цамнаж ордондоо тоглоцгооно. Дарга нар нь хүртэл төрийн гурван өндөрлөг гэсэн ертөнцөд байхгүй этгээд цолтой, өөрсдийгөө өглөөнөөс орой болтол мэдээллийн хэрэгслээр “төр” цолоо дуудуулан тоглож мишээн гэдийцгээнэ. Бусад албадуудын төр-дарга нарын хийдэг ажил нь дараачийн сонгуульд яаж ялах вэ, дахиад 76 тэрбум халаасанд гэж гадаад дотоодын гайхамшигт туршлагыг судлан дөрвөн жилийн хугацааг ардаа үдэж, ажлыг оромдон тоглоцгооно. “Төр” улсын хүмүүс нь бүгдээрээ янз бүрийн эрдмийн цол шагналтай, төр нэрээ ойлгохгүй мөртлөө дэндүү хайртай дуртай гэдгийг нь яана. Төр улс ямар ч гэмт хэрэг гэм нүгэл үйлдсэн ч хариуцлага хүлээнэ гэж огт үгүй харин ч улам дархлагдана. .Төр улсын буруу үйлдлийн алдааг нь засахыг шаардаж үгээ хэлэх, шударга үнэнийг бичсэн сэтгүүлчид, жагсч цугласан түмэн олон хэнийг ч болов хязгааргүй “төр” эрх дарахтанууд хужаа аргаар өршөөлгүй шууд буудахыг нь буудаж, зодохыг нь зодож хоморголон шоронд хийдэг онцгой эрх мэдэлтэй “төр” хэмээх хаанчилсан вант улсын эмгэнэлт үнэн төрх энэ юм. Төр хэмээх вант улсын сүр сүлд алдар цол, албан тушаал байгууллагуудыг дурдвал: төрийн одон медаль, төрийн сүлд, төрийн дуулал, төрийн далбаа, төрийн тэргүүн, төрийн гурван өндөрлөг, төрийн түшээд, төрийн ёслол, төрийн соёрхол, төрийн цагдаа, Төрийн ордон, төрийн наадам, төрийн санхүү, Төрийн өмчийн хороо, Төрийн сан, төрийн албан хаагч, төрийн сургалт, төрийн алба, төрийн байр, төрийн банк, төрийн мэдээлэл, улстөрч энэ бүхнээс үзэхэд хаанчилсан төр хуулийн нэрээр нэрлэсэн вант улсын онцгой эрх дарх нь тодорхой харагдана. Зөв утгаар бол: Монгол Улсын… тэргүүн, сүлд дуулал, сүлд, далбаа, түшээд, соёрхол, сан, өмчийн хороо, цагдаа, ордон, банк, санхүү, албан хаагч гэх мэтээр байж хэмээнэ түмэн олний төлөө гэсэн цэвэр утга агууллага бүхий болж “Төр” (хуулийн) далд дарангуйлал үүрд үгүй болж төр нэрэнд хэт дулдуйдан оморхоглол шунал тачаал, алдар нэр, албан тушаал, атаа жөтөө, хор хонзон үгүй болж, түмэн олноо хүндлэн дээдэлсэн улс орон болж чадна.
Хүн гүрнээс эхлээд ХIII зуунд ёс, дүрэм, журам бүхий хуулиудыг хэрэглэдэг байсан нь түүхийн хуудсанд тодорхой байдаг. Энэ хуулиудын ерөнхий нэрийг төр гэж нэрлэж байжээ. Энэ тухай түүхэн хуудас болон монгол хэлний тайлбар толь дээр тодорхой байсаар байтал “Төр” нэрийг эрх мэдлийн өндөрлөг болгож яваа нь эрүүл сэтгэлгээ юу эсвэл дээд солиорол уу? гэсэн бодол төрж, өөрийн эрхгүй айх гайхах зэрэгцэнэ. Бүтэн нэг зуун өнгөрөөд байхад энэ том алдааг эрдэмтэн, мэргэд яагаад олж мэдээгүй нь их хачирхалтай? Эсвэл алдаагаа нуусан уу, нэг бол огт ойлгоогүйгийнх уу гэдэг нь оньсого мэт. “Төр” нэрийг тодруулан дурьдвал түүх болон монгол хэлний тайлбар толь дээр:
Төр ёстой – тогтоосон ёс хуультай
Хурим төр – хурим хийх дүрэм ёс.
Төрт улс – хуультай улс
Төрийн бичиг – хуулийн бичиг
Алтан төр – хувиршгүй хууль
Нэр төр – оноосон хууль
Монгол улс- монгол хүн
Төрийн шүүгч заргач- хуулийн шүүгч заргач гэжээ.
Бидний хэрэглэж байгаа маш олон хууль байдаг. Олон хуулийг ерөнхийд нь багцалж хуулиуд гэж нэрлэдэг. Яг үүнтэй адил ёс, дүрэм, журам, энэ гурван хуулийг ерөнхийд нь багцалж “Төр” гэж нэрлэдэг байжээ. Учир нь: Төр гэдэг нэр хаднаас, газраас, тэнгэрээс төрөөгүй нь тодорхой бөгөөд хүний оюун ухаанаас төрсөн нь бодит үнэнтэй нийцэх биз ээ. Иймд ёс, дүрэм, журам бүхий хууль нь хүний оюун ухаанаас анх ундран төрж гарсныг бэлэгшээн дээдлэж энэ гурван хуулийн ерөнхий нэрийг “Төр” хэмээн нэрлэсний учир энэ байжээ. Жишээ нь: Бид аливаа хууль, ямар нэг зүйлийг сэдэхэд эхлээд бидний оюун ухаанд ямар нэг бодол санаа төрөх төрөлтийг “Төр” гэж нэрлэдэг байжээ. Эзэн Чингис хааны үед “Их хуралдай”-г Төрийн их хуралдай гэж яагаад нэрлэдэггүй байсны учир нь засаглал, хууль хоёрыг ангид үзэж хольж хутгаж болдоггүйг сайтар мэддэг байжээ. Хэрвээ засаглал хууль хоёр хутгалдвал холион бантан болно гэдгийг урьдаас эзэн Чингис хаан мэргэн ухаанаараа тунгаадаг байжээ. Их хуралдайг төрийн их хуралдай гэж нэрлэдэггүй байсны учир нь энэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудыг харахад бид хэл аялгуу, бичиг соёлтой хүмүүс мөн үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрж гомдож гутрах зэрэгцэнэ. Бид эртний төр гэсэн нэрийг мэдэхээ больж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд гурвыг эртний төр гэсэн хуулийн нэрээр төрийн гурван өндөрлөг гэж цоллон дуудаж байгааг ойлгоход бэрх юм. Уг нь Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч , Монгол Улсын их хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн нэр үндсэн хуулиар олгогдсон эрх байдгийг бид мэднэ. Заавал төр гэдэг нэрээр цоллуулах нь нэг учир шалтгаан байсан гэж бодогдоно. Бидний өвөг дээдсийн үед улс дотроо хэрэгжүүлж заншсан “Төр” нэртэй хуулийн нэрийг ашиглаж эрх ямба цол хэргэм хэн ч халдашгүй “Төр” нэрийн дор далд дархан эрхтэй болгож өөрсдийгөө Төрийн гурван өндөрлөг гэж эртний хуулийн нэрээр цоллон хуяглажээ. Улсын Их Хурал нь хүртэл Төрийн эрх барих дэд байгууллага, Засгийн газар нь Төрийн гүйцэтгэх дээд байгууллага гээд хоёр адил эрхтэйгээр Үндсэн хуулинд заагджээ. Төр өндөрлөгтэйгээ нийлээд Төр гэсэн гурвын гурван байгууллагууд үндсэн хуулинд эрхээ тодотгон заалгажээ. Мөн төрийн дуулал, төрийн сүлд, төрийн далбаа, төрийн нэртэй олон шагналууд, төрийн нэртэй олон байгууллагууд гээд тоолж баршгүй. Төр гэдэг эртний хуулийн нэрээр улайран зүтгэж Монгол Улс, (монгол хүн) гэдэг эрхэм нэрийг хөсөр хаяж байгаагийн учир юу вэ? Аль эсвэл төр нэрний учир утгыг огт мэдээгүйгийнх үү эсвэл далд атгаг алсын зорилго уу? гэвэл дээрх бүх Төр нэрэнд дулдуйдсан заалтуудаас үзэхэд дээрхи байгууллагагууд нь Төр нэрийн дор хуулийг шууд гардан гүйцэтгэгч дархан эрхээ Үндсэн хуулиар баталгаажуулсан нь Монгол Улсын газар нутаг ард түмнийг цөлмөх Төр хэмээх далд хуулийн нээрээр бамбай хийж, хүчирхийллийн зэвсэг болгон ашиглажээ гэж шуудхан хэлж болно. Ямар ч хуулинд хэмжээ хязгаар гэж байдаг. Хэмжээ хязгааргүй хууль гэж энэ ертөнцөд байдаггүйг бид сайн мэдэх билээ. Хэрвээ хэмжээ хязгаар нь хэтэрвэл хэлмэгдэл болон хувирдгийг өнөөдрийн болон түүхэн жишээнүүд бидэнд өгүүлдэг билээ. Өвөг дээдсийн хуулийн нэрээр улсаа (төрт улс) сүр сүлдээ нэрлэсэн улс орон манайхаас өөр байдаггүй. Энэ байдлыг төсөөлөн бодоход дээрэмчдийн хөлөг онгоцон дээр байдаг хар туган дээр хоёр сэлэм зөрүүлсэн хохимой толгойтой туг нүдэнд харагдах шиг болно. Жишээ нь: Өнөөдрийн Монгол Улсын бараан төрхтэй жишин үзэхэд “Төр” нэрээр гул баригчид улсынхаа хуулийг уландаа гишгэж их эзэн Чингис хаанаас заяатай сайхан Монгол Улсын эхийн сүү шиг газар нутаг, уул, ус, гол мөрөн, ой, эрдэс баялаг, ургамал, амьтан бүгд цаазын тавцан болж, Монгол түмний эд баялаг банк санхүү, эрх чөлөө хэвлэн нийтлэх, чөлөөтэй үгээ хэлэх, цуглаж жагсах, газар нутгаа хайрлан хамгааалах эрхээ боймлуулан Төр-эрхтэн дархтнуудад хүчиндүүүлж, шунал тачаал нь буцлан оргилсон Төр-эрх мэдэлтнүүдийн гав дөнгөнд ард олон дөнгөлүүлж Монгол Улс тамлагдан зовж байгаа нь манжийн дарангуйллын үеийнхээс долоон дор болсон нь түмэн олны хоёр чихэнд тод дуулдаж хоёр нүдэнд нулимс хуран аврал эрэх боловч, өмөөрөх хууль, эзэн огт үгүй болжээ. Аргагүйн эрхэнд их зохиолч Д.Нацагдоржийн бичсэн шүлэг санаанд тод бууна.
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон минь ингэж цэвдэг сэтгэлтэй шунал тачаалдаа дийлдэхээ больсон төр нэртэй хүмүүсийн өмч болон хувирах ч гэж дээ хэмээн өөрийн эрхгүй харамсан гашуудмаар. Монгол Улсад үйлчилдэг Үндсэн хууль нь “Төр” нэртэй эрхтэн дархтнуудад үйлчилдэг хууль болон хувирчээ гэж шууд хэлж болно. Учир нь Үндсэн хуулийн бүх заалтууд нь төр нэртэй, төр эрхээр дүүрчээ. Мөн “Төрийн“ билэг тэмдгийн хууль мөн адил “Төр” нэрээр бялхана. Эрдэмтэн мэргэд, эрхтэн дартнууд хүртэл Төрт улс, мөн Тулгар төр гэж ам булаалдан ярих нь дэндүү харамсалтай. Энэ хоёр үгний гаргалгаа гэвэл: Төрт улс – хуультай хүн, Тулгар төр – жирэмсэн хууль, мөн хоёр дахь утгаар Тулгар төр – ичимхий, аймхай, хулчигар гэсэн үг болно.Тулгар төр гэдэг нэрийг зөв утгаар хэлбэл Тулгуур төр – Түшиг хууль гэж хэлнэ. Ийнхүү бид монгол хэл, хөл, хууль ч үгүй болж би монгол хүн, бид монгол хэлтэй гэж ярихаасаа ичих хэрэгтэй болжээ. Өндөр төр минь гэдэг үгний тухайд Хубилай хаан: Төвд дахь буддын шашныг эрчимтэй ивээн тэтгэж эзэнт улсынхаа дотор түгээн дэлгэрүүлэхийн тулд буддын шашныг төрийн шашин болгон зарласан байдаг. Ингэж өндөр төр минь гэж залбирдаг болжээ. Төрийн шашин болгон зарласан гэдэг үг нь орчин цагийн хэлээр шашны эрхийг хуульчлан зарласан гэсэн үг юм. Энэ үгнээс үзэхэд төр гэдэг хуулийн нэр байсан нь тодорхой харагдаж байна. Төр нэрний эмгэнэлт алдаа үүссэн түүх намтар энэ юм. Энэхүү төр гэдэг нэрийг хэн ч халдашгүй дээд эрх ямба хэргэм цол хэмээн андуурсан эмгэнэлт намтраар бүтэн нэг зууныг ардаа өнгөрөөжээ. Төр нэртэй алдар цол, төр нэртэй эрх дарх, төр нэртэй эрх ямба,төр нэртэй сүр сүлд,төр эрхтэй өндөрлөг, төр эрхтэй их хурал, төр эрхтэй засгийн газар, төр эрхтэй хууль байгаагүй “Төр” нэртэй хууль байсныг түүх гэрчилж байна. Энэ эмгэнэлт алдаануудыг давтахгүй байхын тулд монголчуудын тэргүүн дээр залардаг Монгол Улсын сүлд хийморь цог золбоог илтгэсэн Монгол Улсын сүлд, Монгол Улсын сүлд дуулал, Монгол Улсын далбаа нь төр нэртэй сүр сүлд, төр нэртэй дуулал, төр нэртэй далбаа болон хувирч, Үндсэн хууль, мөн бэлгэ тэмдгийн хуулиуд нь эртний төр (хуулийн) нэрээр дүүрсэн эмгэнэлт алдаагаа даруй засан өөрчилж Үндсэн хуулиа Монголын нийт түмэн олноор дахин хэлэлцүүлэн шинэчлэн хөрвөж хувирдаггүй, монгол түмэндээ шударгаар үйлчилдэг хууль шиг хуультай болбол зохино хэмээн үзнэ. Бид энэ ертөнцөд байж боломгүй том алдаагаа засахгүйгээр түмэнтээ ардчилал гэж хий хоосон яриад гэм нүгэл арилахгүй. Энэ бүхнийг бодохтун!, ухаарахтун! Эзэн хааны үед 6ОО гаруй отог омог, үндэстэн ястан амьдарч байсан түүхтэй. Энэ үндэстэн ястны хэл аялгуу бичиг соёл, ёс, зан заншил, урлаг соёл, зан үйл энэ бүхэн уйгаржин бичгийн соёлд гол цөм нь болон төвлөрдөг байжээ. Өөрөөр хэлбэл, уйгаржин бичиг нь олон үндэстэн ястны өмөг түшиг багана нь болдог байжээ. Бид энэ уйгаржин бичгийн баялаг соёлоо орхисны улмаас монгол хэлээ мэдэхгүй болж дан ганц халх хэл аялгуунд түшиглэх болсон учраас хэл аялгууны хомсдолд орж улмаар энэ эмгэнэлт алдаанууд үүссэн шалтаг шалтгаан нь мөн гэж үзнэ. Энэ бүхнийг эрэгцүүлэн тунгаан үзэж улс орны амин сүнс болсон буурал түүхээ дахин эргэн харж монгол хэмээх хэл аялгуу, бичиг, соёлоо гутаан доромжлохгүй байж орчин үетэй нь уялдуулан утга агуулгийг нь алдагдуулахгүйгээр эх соёлоо эрин үетэй нь эн зэрэгцүүлэн авч явж чадах томоохон хувьсгал хийж дээрх түмэнтэй алдаануудыг засч гэм нүглээ ариусгах цаг нэгэнт болжээ гэдэг нь тодорхой юм. Эцэст нь хэлэхэд: Их Чингис хаан өглөө болгон “Урд Тан улс бий шүү” гэж сануулж байгаарай гэж хэлсэнтэй нэгэн адил Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлэн эрдэмтэн мэргэд түмэн олон өглөө болгон цайгаа зооглохдоо ямагт санаж явах дөрвөн мөр гэвэл:
Түүх хазайвал улс хазайдаг
Журам хазайвал улс бутардаг
Дүрэм хазайвал хэм хэмжээ хазайдаг.
Ёс хазайвал зан үйл хазайдаг юм шүү гэж ямагт санаж явахтун!