Энэ жил 4.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа төсвийн зарлага ирэх онд шууд 7.1 их наяд төгрөгт хүрч, 70 хувиар өсөх гэж байгааг Засгийн газар мэдэгдлээ. Яагаад огцом өсч байгаагийн шалтгаан нь олон хүнд таалагдахаар. Төсвийн цалин болоод тэтгэврийг 53 хувиар нэмэх, оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 600 мянган иргэнд нэг сая төгрөгийг бэлнээр олгоход шаардагдах эх үүсвэр төсөвлөгдөөд байгаа нь энэ юм. Төсвийн зарлага ингээд ДНБ-ний 39 хувьтай тэнцэх нь байна.
Төсвийн орлого тэгвэл тэр их зарлагаа яаж гүйцэх юм бол? Манай төсвийн орлого зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг экспортод голлож байгаа хэдхэн бүтээгдэхүүнээс үлэмж хамааралтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн амлалтаа биелүүлэхээр төсвийн зарлагыг огцом нэмж байгаа Монголын Засгийн газар биш гадаад зах зээл үнэ, ханшийг нь тодорхойлдог бүтээгдэхүүнүүд төсвийн орлогыг бүрдүүлдэг.
Зэсийн үнэ 10 мянган ам.долларт хүрч байснаа дэлхийн эдийн засгийн хямралаас болоод 3000 руу унаж байсан 2009 онд төсөв хэрхэн хямарсныг энд бодууштай. Тэгвэл энэ оны хоёр, гуравдугаар сард 10 мянган ам.долларт хүрч байсан зэсийн үнэ есдүгээр сард 9000, тэгснээ одоо 7000 ам.долларт хүрч буураад байна. Цаашид унавал яах вэ? 2009 оныхоос ялгаатай нь өнөөдөр нүүрсний экспорт найдлагын гэрэл гялсхийлгэж буй. Гэвч энэ найдвартай эх үүсвэр мөн үү?
Төсвийн орлого зарлагаа гүйцэхгүй бол яах вэ?
Бид нүүрсээ зөвхөн Хятад руу экспортолдог бөгөөд тус улсын нүүрсний жилийн хэрэглээ 300 сая тонн. Импортоор авч байгаа нүүрсний хэмжээ 2009 онд 109.4 сая тонн байж. Индонез, Австрали гол импортлогч, гуравдугаарт нь ч Монгол бичигдээгүй байна. Манай экспортолж буй нүүрс жилд 18 сая тонн. Хятадын жилийн хэрэглээний тав орчим хувь гэсэн үг. Энэ тооноос харсан ч Хятад Монголын нүүрсний нийлүүлэлтээс хамаараад байх өчүүхэн зах зээл биш. Гэвч өнөөдөр Монголын зэс, нүүрс бүгд Хятад руу гарч байгаа бөгөөд эдгээр түүхий эдийн хэрэглээ тэнд буурахад энд томоохон донсолгоо үүсэхээр аюултай нөхцөлд бид оршиж байгаа хэрэг.
Европт өрийн хямрал үүсч, АНУ-д итгэлийн индекс буурч, хямрал дохиолж байгаатай зэрэгцээд Хятадын зэсийн хэрэглээ буурч байна. Энэ бүхнээс улбаалаад зэсийн үнэ унахгүй гэх баталгаа байхгүй. Төсвийн орлогыг бүрдүүлэгч гол эх үүсвэрүүд төсөвлөн төсөөлж байгаагаас муугаар эргэхэд өндөр зарлагатай төсөв алдагдалд орно. Төсвийн алдагдлыг нөхдөг аргууд мэдээж бий. Нэгдүгээрт, орлогоо нэмэх, хоёрдугаарт, зарлагаа бууруулах, гуравдугаарт мөнгө хэвлэх. Эмийн жор шиг бичээд өгчихсөн бэлэн арга байгаа ч тэдгээрийг хэрэглэж болохгүй хяслан гэж бас байдаг байна. Эхний арга орлого нэмэх. Энэ юу гэсэн үг болох нь ойлгомжтой. Экспортын бүтээгдхүүнийхээ үнийг бид биш гадаад зах зээл тогтоох учир боломжгүй. Тэгэхээр төсөвд төвлөрүүлдэг татвараа, шуудхан хэлбэл татварын хэмжээгээ нэмнэ гэсэн үг. Удаах арга болох зарлагыг бууруулах гээд үзвэл тэтгэвэр, цалингаа тавихгүй, өнөөх амлалтуудаа өгөхгүйд хүрнэ. Эцсийн арга мөнгө хэвлэх. Энэ нь өмнөх аргуудаас дутахгүй аюултай. Хэвлэж гаргаж буй мөнгөний ард түүнтэй дүйх баялаг үйлдвэрлэгдээгүй тохиолдолд иргэд өмнө нь 1000 төгрөгөөр худалдан авч байсан зүйлээ 2000, эсвэл хэд дахин өндөр үнээр авахад хүрнэ. Хэд дахин өндөр үнэ гэдэг нь хэвлэсэн мөнгөний хэмжээнээс хамаарна. Зүгээр л мөнгөний өнгөтэй цаас, хатуухан хэлэхэд хуурамч мөнгөөр бороо орно, ямар ч үнэ цэнэгүй гэж ойлгоход буруудахгүй байх. Төсвийн алдагдлыг нөхөх аль ч арга зам нь иргэдийн нуруун дээр л ачаа болж буудгаараа адилхан. Гэвч ямарваа нэг аргаар эх үүсвэрийг нь олоод эрх баригчид амласнаа биелүүлэх л байх. Энэ бүхэн харин инфляцийг хөөргөдөх нь маргаад байхааргүй үнэн гэж болно.
Инфляци өсвөл яах вэ?
Зах зээл дээрх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэхэд инфляци өсдөг /үнэ өсөх/ гэдгийг хэн хүнгүй мэднэ. Үүл хуралдсаар бороо ордог гэдэг шиг ойлгоход амархан зүй тогтол. Инфляци өсөхөөр Төвбанк бодлогын хүүгээ нэмдэг. Бороонд норохгүйн тулд шүхэр барьвал дээр гэдэг шиг хэн ч ойлгодог болсон арга хэмжээ. Инфляци дотроо хоёр хуваагдана. Нийлүүлэлтийн инфляци, эрэлтийн инфляци гэж. Нийлүүлэлтийн инфляцид хамгийн нөлөөтэй нь нефть бүтээгдэхүүн. 100 хувь ОХУ-аас хараат нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт багасахад хомсдлыг нь даган үнэ өслөө гэхэд үүнийг нийлүүлэлтийн инфляци гэж хэлэх нь. Харин эрэлтийн инфляци гэдэг нь иргэдийн гар дээрх бэлэн мөнгө ихсэхийн хэрээр худалдан авалт сайжирч, эрэлт нэмэгдэх ба эрэлтийг нь хангах хэмжээний нийлүүлэлт байхгүй бол юмны үнэ өсөхийг хэлнэ. Цалин тэтгэвэр нэмэхээр юмны үнэ дагаад өсдөг гэдгийн учир энэ.
Тэгвэл яг одоо яриад байгаа төсвөөс тараах их мөнгө эрэлтийн инфляци үүсгэхээр үүл хуралдуулж байгаа хэрэг юм. Жорын дагуу Монголбанк бодлогын хүүгээ өсгөх замаар зах зээл дээр гарах бэлэн мөнгөний урсгалыг багасгах арга хэмжээ авах болов уу. Зах зээл дээр мөнгө шинээр гаргах хоёр зам буйн нэг нь Засгийн газрын мөнгө /энэ тохиолдолд төсвөөс гаргах дээрх нэмэгдэл, халамж хамаарна/, нөгөө нь банкны зээл. Бодлогын хүүг нэмэх замаар банкны зээлээр гадагшлах мөнгөний урсгалыг хаах арга хэмжээг Монголбанк авдаг ч энэ нь эргээд үйлдвэрлэлийг хямгадаад эхэлдэг сул талтай. Уг нь банкны зээлийг хязгаарлах замаар хэрэглээг буюу нэг үгээр бол эрэлтийг хумих зорилготой боловч үйлдвэрлэгчдийг л хохироох арга хэмжээ болчихоод байдаг. Баялаг үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, компанийн эргэлтийн хөрөнгө хомсдож, энэ нь эргээд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хомсдол үүсгэдэг. Тэгэхтэй зэрэгцээд угаасаа эрэлтээ гүйцэхгүйгээс үүдсэн хомсдолыг гааруулж, үнийг өмнөхөөс ч өсгөх талтай. Өнгөрсөн хугацаанд төв банкны хүүгийн бодлого ийм байдлаар эдийн засагт нөлөөлж ирсэн гэхэд болно.
Эдийн засагт дээрх байдлаар доргио үүсгэхээр байгаа гэнэтийн их бэлэн мөнгө банкны салбарт ч сайнаар тусахгүй гэж ажиглагчид хэлж байна. Өнөөдөр Монголын эдийн засаг дажгүй өсөлттэй явааг бүгд мэднэ. Тэгвэл энэхүү өсөлтийн /одоогоор 14 орчим хувь/ 70-80 хувь нь банкнаас хамаарч байгааг судлаачид тогтоосон байна. Эдийн засгийн өснө гэдэг иргэдийн орлого өсөхийг хэлнэ гэж үзвэл иргэдийн орлогын нэлээд хэсэг нь банкны зээлээс хамаарч байгаа хэрэг аж.
Банкуудыг “базаж” болзошгүй…
Арилжааны банкуудын 2011 онд зах зээлд гаргасан нийт зээлийн хэмжээ өмнөх оныхоос 60 хувиар буюу 4.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ оны наймдугаар сарын байдлаар банкууд дахь хадгаламжийн хэмжээ 5.8 хувьд хүрчээ. Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 4.3 хувьтай байна. Гэхдээ Дэлхийн банкнаас гаргаж байгаа тоймоор бол чанаргүй зээлийн хэмжээ үүнээс нэлээд өндөр. Яагаад гэвэл нийт чанаргүй зээлд дампуурсан “Анод”, “Зоос” банкны зээлийг оруулж үзэж байгаа аж. Энэ хоёр банкны чанаргүй зээл нийт чанаргүй зээлийн 50 орчим хувь. Тэгэхээр Дэлхийн банкнаас гаргаж, Монголбанкны иш үндэс болгож байгаа чанаргүй зээлийн хэмжээ бодит байдлаас өндөр юм.
Хэрэв төсвийн орлого экспортын бүтээгдэхүүний гадаад зах зээл дээрх үнийн уналтаас болж буурна гэвэл банкуудад гадаад худалдаагаар дамжин шууд нөлөөлөх талтай аж. Банкуудын хадгаламж буурах байдлаар илэрхийлэгдэх энэ нөлөөлөл зээлийг хумина. Ховордож буй зүйлийн үнэ өсдөг учир зээлийн хүү өснө. Уг нь арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 2009 онд 20 хувь байсан бол тогтмол буурсаар, сүүлийн жил хагасын хугацаанд гэхэд 12 хувьд хүрч буураад байна. Зээлийн хүү өсөх нь банкны зээл дээр оршин тогтнож буй үйлдвэрлэлээ эрсдэлд хүргэж болзошгүй. Адаглаад үйлдвэрлэж байгаа барааны үнэнд хүүгийн өртөг шингэж таараа. Хэрэглэгчид хүрч байгаа бараа, бүтээгдэхүүний үнэ өснө л гэсэн үг…
Тэгэхээр эдийн засгаа эргээд цаас шиг базааж хаячихаж болзошгүй их мөнгөний сураг ингэхэд сайхан мэдээ мөн гэж үү? Эрх биш энэ бүх эрсдлээс хамгаалах эерэг аргуудаа Засгийн газар, эрх барьж буй намууд тунгаан бодсон гэдэгт найдья, хэдийгээр тэр талаар одоохондоо юу ч сонсогдохгүй байгаа ч гэсэн…