
Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дундын хувилбар гаргаж, мажоритари болон пропорциональд ногдох мандатыг 38:38-аар нь хуваахаар санал оруулсан ч МАН-ын бүлэг түүнийг нь хүлээж аваагүй. Тиймээс Ардчилсан намын бүлгийн гишүүд МАН-ын Удирдах зөвлөлийн дээрх тулгалтыг “УИХ-ын бүрэн эрхэд халдав” хэмээн үзэж, хэлэлцүүлгээс завсарлага авахад хүрсэн билээ. Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгээс авсан Ардчилсан намын бүлгийн завсарлага намрын чуулганы хугацаанд дахин үргэлжлэхээр болж байна. Шалтгаан нь мөн л ижил.
Уг нь УИХ дахь хоёр намын бүлэг хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж, чуулганы завсарлагааны хугацаанд Сонгуулийн хуулийн төслөөр нэгдсэн байр суурь хүрэх үүрэг хүлээсэн хэдий ч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Харин ч хэлэлцэж буй асуудлаас улам холдуулсан саналыг МАН-ын бүлгийн ажлын хэсэг оруулж ирсэн байна. Намын удирдлага санал болгосон хэмээж буй, намын бүлгээрээ ч хэлэлцүүлээгүй шинэ хувилбар нь 28:48. Тодруулбал, намын жагсаалтаар 28 гишүүн, мажоритари 48 тойргоос тус бүр нэг гишүүн сонгох санал. Ингэхдээ мажоритар 48 тойргийг хэрхэн хуваасныг сонирхвол хотын 20 мандатыг 12 болгон цөөрүүлж, хөдөөгийн 56 мандатыг 36 болгох санал боловсруулжээ.
2010 оны тооллогоор бол нийслэлийн хүн ам нэг сая 240 буюу нийт хүн амын 45 хувь нь нийслэл хотдоо төвлөрөөд буй. Харин нэг сая 514 мянга буюу 55 хувь нь хөдөө орон нутагт тоологджээ. Хэрэв мандатын тоог хүн ам, сонгогчдын тоотойгоо уяж өгөх юм бол мажоритари 48 тойргийн 48 мандатын 45 хувь буюу ойролцоогоор 22 /21,6/ мандат нийслэлд ноогдох ёстой. Харин МАН-ын санал болгож буй 12 мандат нь нийт мажоритарид ноогдож байгаа 48 мандатын дөнгөж 25 хувийг эзэлж байгаа юм. Үлдсэн 75 хувь нь хөдөө орон нутгаас сонгогдоно гэсэн үг. Харин 2008 оны сонгууль болон өмнөх бүх сонгуулиудаар мөрдөж ирснээр хотод 20 мандат /гишүүн гэж ойлгох/ буюу парламентын 26 хувь, хөдөөд 56 мандат буюу парламентын 74 хувийг бүрдүүлж байв. Тэгэхээр энэ хувилбар нь өмнөхөөсөө л улам дордож, хотын төлөөллийг парламентад улам жижигрүүлсэн хэрэг.
Уг нь сонгуулийн тогтолцоог шинэчлэх, хуульдаа өөрчлөлт оруулах гол зорилго нь сонгогчдын өгсөн санал нэг бүр парламентад тусгалаа олдог байх, сонгуулийн тойргууд дахь хүн амын тоог тэнцвэртэй байлгахад чиглэж байсан гэж ойлгож болно. Хэрвээ Үндсэн хуульд зааснаар иргэн бүр тэгш эрхтэй юм бол түүнийг төлөөлөх төлөөлөл ч бас тэнцвэртэй байх ёстой биз дээ. Хотын гурван хүний санал хөдөөгийн нэг хүний саналтай тэнцдэг байх юм бол юуных нь тэгш эрх манатай.
Гэвч МАН-ынхан үүнийг ч бас л бодохтой манатай байх шиг байна. Тэдний тойрог хуваах санал нь хот хөдөөгийн хүн амын харьцаатай огт уялдаагүй, харин ч бүр урвуу хамааралтай байхаар явж буй хэрэг. Уг нь анх Сонгуулийн хуулийг УИХ-аар ярьж эхлэх үед Ардчилсан нам, Ардын нам хоёр “Ямар ч байсан одоогийн 26 тойргоо жижиглэхгүй шүү” гэдэг дээр гар барьцгаасан билээ. Үүний дараа хувь тэнцүүлэх, холих зам руугаа явсан. Гэвч яг холихоо хүрээд ирэхээр МАН дахин амлалтаасаа урваж, 26 тойргоо 48 болгон жижиглэх тухай ярьж эхэллээ. Одоогийн 26 тойргийг дундуур хоёр хувааж 52 болгоод, Дундговь мэтийн цөөн хүн амтай дөрвөн жижиг тойргоосоо тус бүр нэг мандат хасчихаар 48 болох гэнэ. Энэ бол зүгээр л иргэд сонгогчдод чиглэх бус, МАН-ын 44 гишүүнд зориулсан тойргийн хуваарилалт. Ингэвэл “нохой хоол өгсөн гарыг хаздаггүй” гэдэг шиг бүлгийн гишүүд нь намынхаа удирдлагаас зөрж чадахгүй. Нүглийн нүдийг гурилаар хуурна гээч нь болж байгаа юм. Хууль батлагдсаны дараа пропорционалийн элемент орсон уу орсон, хуулиа шинэчилсэн үү шинэчилсэн гээд л сууж байх юм байна л даа.
Тэгэхээр хотынхонд зөвлөхөд 2008 оны долдугаар сарын 1 шиг сонгууль өнгөрсөн хойно нь луйвардуулснаа санах бус, Сонгуулийн хуулийг батлагдахаас нь өмнө амжиж жагсах хэрэгтэй болж байна. Хотын гурван хүн хөдөөгийн нэг хүнтэй тэнцүү юу? Хэдий болтол…
"Ардын эрх" сонин
