
Өнгөрсөн хоёрдугаар сард Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймгийн есөн сумын 24 хот айлаар орж малчдын ахуй, амьдралтай биечлэн танилцсан “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Малчдад даахгүй ачаа үүрүүлчихээд зүгээр хараад сууж болохгүй” хэмээн ярьж байлаа. Мөн ТББ-ын зүгээс хандив, тусламж цуглуулан 62 суманд 1200 хайрцаг тусламжийн барааг хүргэж, малчдын амьжиргааг дээшлүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэх, малчдыг банкны зээлээс чөлөөлөх, оюутан хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс төлдөг болох асуудлаар төр, засагт хандан ил захидал илгээсэн билээ. Энэ удаа Н.Энхбаяр Говь-Алтай, Ховд аймгийн хаваржилтын байдалтай танилцаж, малгүй болсон өрхийг малжуулахад зориулан тус бүр 17-18 сая төгрөг хандивлах гэрээнд гарын үсэг зурж, энэ ажлыг хэрхэн зохин байгуулах, сүргийн бүтэц, тоо толгойг тогтоох тухай эрдэмтэн, судлаачдын саналыг тусгасан зөвлөмжийг гардууллаа. Малжуулах ажил ихээхэн хөрөнгө мөнгө, тооцоо судалгаа шаардах нүсэр ажил. Тиймээс малжуулах төсөл хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд хамтарч ажиллах нь зүйтэйг “Хөдөөгийн хөгжлийн төв”-ийн тэргүүн Н.Энхбаяр онцлов.
Мал нэгэнт хорогдсон, өвс тэжээл хэчнээн татлаа ч байгалийн хүчин зүйлийг зогсоож чадахгүй учраас хүнд малчид руу чиглэсэн, хүнд хандсан бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн санал, шүүмжлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хүчтэй тавьж ирсэн. Говь-Алтай аймгийн удирдлагууд хот суурин бараадсан нүүдлийг зогсоох, ирэх зун аймгийн 70 жилийн ойг тэмдэглэхээс өмнө иргэдийнхээ сэтгэл санааг тайвшруулах, ажлын байртай болгох үүднээс малжуулах төсөл хэрэгжүүлэхээр нутгийн бизнесмэнүүд, төр, засаг, олон улсын байгууллага, ТББ-уудад хандан эртнээс хүсэлт тавьсан юм байна. Малаа барсан иргэдэд хоол, хүнсний зүйл тараах, мөнгөн тусламж үзүүлэх гээд нэг үгээр хэлбэл, хүнд хандсан бодлогыг аймгийн удирдлагууд эхлүүлээд байгаа юм байна. Энэ ажилд нь эхний ээлжинд “Хөдөөгийн хөгжлийн төв” ТББ хандаж, хамтарч ажиллах, малжуулах төсөлд хандив тусламж үзүүлэх болжээ.
А.АНУ