“Айвенхоу Майнз” компанийн вэб сайтад бичсэнээр бол тэд мөн Монголын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд албан мэдэгдэл илгээж, Засгийн газрыг гэрээ байгуулахдаа амласан амлалтаа зөрчихгүй байхад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
“Айвенхоу Майнз” манай Засгийн газарт ирүүлсэн мэдэгдэлдээ Монголын Засгийн газар 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлж, гэрээг өөрчлөхгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. Олон жил дуншсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газар, “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-гийн гурван талын төлөөлөгчдийн харилцан зөвшилцлийн дүнд 18 сарын өмнө хуулийн дагуу байгуулж, үзэглэсэн бөгөөд уг гэрээнд зааснаар алт зэсийн асар их нөөцтэй Оюутолгой ордын эзэмшлийн 66 хувийг “Айвенхоу Майнз” эзэмших болсон юм. Харин тус компанийн эзэмшлийн хувьцааны 49 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп төслийн шууд бус гүйцэтгэгч нь юм. Ямартай ч өнгөрсөн сард Оюутолгойн орд дахь бүтээн байгуулалтын 50 хувийг гүйцэтгэснээ тэмдэглэсэн “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” групп энэ удаагийн хамтарсан мэдэгдлээрээ дамжуулан “Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулвал Монголд хөрөнгө оруулагчдын итгэлийг эвдэж, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.