Алтайн уулсыг ухаж баяжсан “Алтайн хүдэр”

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Алтайн уулсыг ухаж баяжсан “Алтайн хүдэр”

Алтайн
уулс уул уурхайн тэсэл­гээний дуугаар өдөржин цуурайтна. Монгол орны
хөгжил дэвшил үзэсгэлэнт сайхан байгаль бус түүний хэвлий доорх эрдэс
баялгаас шалтгаалах болсон өнөө үед уул уурхайг дагасан гамшиг Алтайн
цэнхэр уулсыг тойрч гарсангүй. “Бүтээн байгуулалт” гэгч Монгол орны
үзэсгэлэнт байгалийг үгүйрэн сүйрэхэд хүргэжээ. Говь-Алтай аймгийн Цээл
сумын нутагт байрлах “Алтайн Хүдэр” компани. “Нууцлаг” байдлаар Монгол
орныхоо төмрийн хүдрийн ордыг нээж, БНХАУ руу Цээл, Төгрөг, Бугат, Алтай
зэрэг сумдын нутгаар тоос, шороо татуулан зөөсөөр дөрвөн жилийн нүүрийг
үзэв. Ингэж зөөхгүйгээр Монгол орон оршин тогтнохгүй юм шиг төр засаг
нь аашилж байгаа хойно ард иргэд чимээгүйхэн харсаар. Эхэндээ зам барьж,
ард иргэдийг өндөр цалинтай ажил хийлгэж, сум орон нутгийн хөгжүүлнэ
хэмээн ярьж байсан эрхмүүд өнөөдөр бүр харагдахаа байж. Номхон хүлцэнгүй
Алтайн ард түмэнд хөгжил дэвшил хэзээ ч ирсэнгүй. Үүнийг нэхсэн ард
иргэдэд уурхайнхан “Манайх хөгжүүлэх албагүй” гэсэн шиг сууна. Уул
уурхайн компаниудад хамгийн ихээр тулгамдаж буй асуудал бол тухайн бүс,
орон нутгийг хөгжүүлэх гэсэн хуулийн заалт байдагт оршино. Тиймээс
заавал хөгжүүлж байгаа гэх зүйл олж ярих хэрэгтэй болно оо. Тэгээд л
асуусан нэгнийг нь “тэнэг” болтол нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт
ярина. Биднийг сурвалжлага хийхээр очиход ч бас л тэгсэн. “Алтайн
хүдэр” компанийн гүйцэтгэх захирал Тогтохбаяр ийм нэгэн баримт хэлсэн.
“Говь-Алтай аймагт ажиллаж байх хугацаанд Цээл сумд шинээр баригдаж буй
хоёр давхар эмнэлгийн доторхи тохижилтыг нь манай компани бүрэн
хариуцахаар болсон” гэж. Харин аймгийн удирдлагуудтай уулзахад асуудлыг
арай өөрөөр тайлбарлав. Тогтохбаяр захирлын хэлсэн шиг юм болохгүй гэнэ.
Учир нь улсын төсвөөр баригдаж байгаа л бол тухайн эмнэлгийг бүрэн
тохижуулж, эмч, ажилчид нь ажиллах бүх орчныг хангах төсвийг давхар
суулгадаг гэнэ. Ингээд асууж, сураад байсан чинь тус эмнэлэгт мани хүн
ганц багаж авч өгсөн гэнэ. Үүнийгээ бүх тоног төхөөрөмж гээд буй
бололтой. Ингээд л хэлсэн үг, хийсэн ажил хоёр нь бодит амьдралд
зөрчилдөөд эхлэв…

Тэдний
бүтээн байгуулсан, тусал­сан, босгосон бүхэн ардаа сая ам.доллар гэх
тодотголыг байнга дагуулна. Гэтэл нутгийн малчин ард шал өөрийг ярих.
Тэднийг ганц худаг барихад ч туслаагүй гэдгийг нотлоод өгөх хүн малчдын
дунд цөөнгүй. Харин ч эсэргээрээ уудаг уснаас нь хэдэн тонноор нь юүлээд
суудаг гэх юм билээ. Хэнийх нь үнэн, хэнийх нь худлыг ялгахад бэрх ч
жижигхэн гол горхи нь ширгээд эхэлчихсэн нь нэгийг бодогдуулна. Нутгийн
иргэдийн ярьж буйгаар гол нь ширгээд дуусахаар “Алтайн хүдэр”-ийнхэн
өөрсдөө худаг ухаад, нутгийн ард иргэдэд усыг нь “дамлах” юм байх аа.
Тиймээс ч нутгийн иргэд усаа хамгаалах үүднээс тус компанийханд усаа
хэрэглүүлэхгүй гэж үзжээ. Нэг удаа эсэргүүцэл зарлаж, тус компанид ус
өгөхөө зогсоожээ. Хариуд нь “Алтайн хүдэр” компанийнхан хууль, дүрмээр
далайлган 23,8 сая төгрөгийн хохирол учруулсан гэж шүүх, цагдаад
хандахдаа тулж. Усаа хамгаалах гэсэн иргэд ингээд өрөнд унаж, шоронд
орохоос наагуурхан өнгөрчээ. Ахиад ийм явдал болвол хаана очих нь
тодорхой.  Тэгсэн атлаа бүхэл бүтэн сарын турш 30 тоннын даацтай
машинаар өдрийн хэд хэд зөөчихөөд жилдээ аравхан сая төгрөгийн татвар
төлдөг гэхээр эгдүү хүрмээр. Энэ мэтээр “Алтайн Хүдэр” компани 
Говь-Алтайн аймгийн Цээл сумын дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол гэсэн
гурван салбарт онцгой анхаарч хөрөнгө санхүүгээр туслаж, дэмжсээр
“иржээ”.

Дэмжээд байгаа хэрнээ байрнаасаа ахиагүй нэгэн салбар
нь эрүүл мэнд. Хүний эрүүл мэндийн төлөө цаг нар, өдөр шөнийг үл хайхран
нээлттэй ажилладаг эмнэлгийн хаалгыг нь томоос том хоёр цоожоор
“гагнажээ”. Татан буугдсан, дампуурсан барилга байгууламж л хаа нэгтээ
ингэж харагдах вий. Гэтэл сумын хүн эмнэлэг ийм байдалтай байгааг харж
байсангүй. Харин гадаа нарлан суух эмнэлгийн өвчтнөөс амралтын өдрүүдэд
арын хаалгаа цоожлоод урд хаалгаар үйлчилдгийг мэдэж авав. Сумын эмнэлэг
таван ортой. Хэвтэж эмчлүүлэх өвчнүүдэд ор хүрэлцэхгүйгээс гадуур
айлаар байрлан эмчилгээ тарилгаа хийлгэх нь байдаг гэнэ. Нарийн
мэргэжлийн багажгүйгээс онош зөв гарахгүй нь энүүхэнд. Болохоо байвал
аймаг явуулна. Талархууштай нь харин унааны хөлсний тал хувийг эмнэлэг
даадаг юм байна. Үүнээс тусдаа шарын голомттой хэмээн тусгаарлах өрөөнд
гурван хүүхэд эмчлүүлж байх. Шар өвчний улмаас энэ жилдээ сумын цэцэрлэг
ажиллаагүй гэнэ.  

Цээл сум шар өвчний голомттой гэдгийг мэдэх
учраас аймаг руу сурал­цахаар явсан бүх сурагчдыг очиход нь шарын
шинжилгээ авна. Шинжилгээ өгөн сургуульдаа элсэн орсон бол нутаг буцах
хориотой. Бага насны хүүхэд өртөх хамгийн магадлал өндөртэй В хэлбэрийн
шарын голомттой нутаг гэнэ. Мэргэжилтнүүд халдварт өвчний голомт яагаад
үүсдэг тухайд “Халдварт өвчин гэдэг дан ганц бохир гараар үүсдэггүй.
Тухайн орон нутгийн агаар, ундны ус, хөрс бохирдлоос хамгийн их
шалтгаалдаг” хэмээн ярина. Үүнийг батлах мэт Говь-Алтай аймгийн Цээл сум
төмрийн хүдрийн уурхайтай, харин Бигэр сум нь алтын гэх уурхай одоо үйл
ажиллагаа явуулж эхэлж байна. Энэ хоёр сум хоёулаа шар өвчний голомттой
байна. Уул уурхайн компаниудын уршгаар хөрс нь бохирдож, ундны ус нь
хомсдож хүн үндсэн хуулиараа заасан эрхээ эдэлж чадахгүйд хүрчээ.
Тоосжилтын төвшин хэр байгаа, байх ёстой хэмжээнээс хэр хэтэрсэн, хүний
эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг мэдэх багаж өнөөдөр
Говь-Алтай аймаг байх нь битгий хэл мэргэжлийн хяналтын газрын
мэргэжилтнүүд харж, ажиллуулж ч үзээгүй байх шиг.

Мөн аймгийн
эрүүл мэндийн газраас 2008 оноос хойш үйл ажиллагаа Алтайн Хүдэр
компанид нэг ч удаа эрүүл мэндийн үзлэг хийгээгүй байна. Компаниас
ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан хэдий ч үнэн зөв гарч байгаа
эсэхэд ажилчид нь эргэлзэж байна. Хариу нь гараагүй гэсэн хариултыг 
уурхай өгөх ч тоос, шороонд дунд амны хаалт ч үгүй ажиллаж байгаа хүмүүс
яавч эрүүл гарахгүй. Зарим нэг ажилчид  хотод үзүүлэхэд Бронхит өвчтэй
гарсан гэж ярьж байна. Учир мэдэх ажилчид нь ДОХ-той гадаад иргэн
ажиллаж байсан хэмээн харддаг юм билээ. Харин энэ мэт мэдээллээ
ажилчдаасаа нууцалчихдаг.

Харин “Алтайн хүдэр” компанийн веб
сайтад “Идэр есийн хүйтэнтэй зэрэгцээд ханиад томуу ид дэгдэж байгаа энэ
үед манай компани онцгой анхаарал хандуулж, ханиад томуугаас урьдчилан
сэргийлэх зорилгоор нэг бүр нь 35ам.долларын үнэтэй, Англид үйлдвэрлэсэн
томуугийн вакцинд бүх ажилчдаа хамрууллаа. Өнгөрөгч онд 40 сая
төгрөгийг эрүүл ажлын байр төслийн хүрээнд зарцуулсан байна” хэмээн
бичжээ. Гэтэл үнэтэй цайтай, гадаад улсад үйлдвэрлэсэн тарилга
тариуллаад байтал ажилчид нь шарласаар байгааг аймгийн эмч нар нь хэлж
байсан.

Гэсэн ч “Алтайн Хүдэр” ХХК нь татварын гүйцэтгэлээр
дамжуулан Говь-Алтай аймгийн 2010 оны төсвийн 93.4%-ийг бүрдүүлэхээр
Засгийн газартай гэрээнд гарын үсэг зуржээ. Тус аймагт компаниас оруулж
буй эдийн засгийн томоохон хандив нь төрийн албан хаагчид болон
зохицуулагчидтай харилцах ажлын харьцааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ
хэмээн бичиж.  Гэтэл 2010 онд 175 сая төгрөг төлсөн нь аймгийн төсвийн
дөрөв орчим хувь болжээ. Тэгээд томоохон хандив нь төрийн албан хаагчид
байгаа нь ард иргэд чиглэсэн олигтой нэг ч ажил хийгээгүй байгаа
харагадаж байна. Тэгсэн хэрнээ тэргүүний татвар төлөгч байгууллага
болчихсон байна. Төрийн албан хаагчид шагналынх тушаал гаргадаг болоод
тэр  юм байлгүй. Гайхмаараа…

Б.Ойнбилэг

"Ардын эрх" сонин

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж