Ерөнхий сайдыг хангалтгүй хариулт өглөө гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг хангалтгүй хариулт өглөө гэв

УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлагыг өнгөрсөн есдүгээр сарын 7-ний өдөр Ерөнхий сайд С.Батболдод гардуулан өгсөн юм. Харин гишүүд хариуг аравдугаар сарын 1-нд хүлээн авахаа мэдэгдсэн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр албан бичгээр хариу илгээжээ. Түүнд “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь УИХ-аас баталсан хууль, тогтоомжийн хүрээнд хийгдсэн” гэдгээ тайлбарлан ирүүлсэн байна. Тиймээс дээрх гишүүд гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй өөрсдийн биеэр уулзаж, “Яагаад өнөөдрийг хүртэлх хугацаанд Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахгүй байна вэ” гэдэгт тодорхой хариулт авахыг хүсч, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоор дамжуулсан байна. Харин тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжаваар дамжуулан гишүүдийн хүсэлтийг Ерөнхий сайдад  уламжлахад “12.00 цагт МАН-ын бүлгийн хуралдаан зарласан. Түүний дараа гишүүдтэй уулзана” гэсэн хариу илгээсэн байлаа.

Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн нарын 10 гишүүн сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.   

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Цагаан дээр хараар бичсэн хуулийг Засгийн газар нэг өөр, УИХ-ын гишүүд нэг өөрөөр ойлгодог болчихоод байгаа, сүүлийн үед. Уг нь бидний гишүүдийн хувьд Оюутолгойн ордод Монголын талын эзэмшлийн хэмжээг 50 хувьд хүргэх тухай асуудлыг хөндсөн. Гэтэл Монгол Улсын Засгийн газар Айвенхоу майнз монголиа инк компанийн талд зогсоод, өнөөдрийг хүртэл гэрээнд өөрчлөлт оруулсангүй, бүр УИХ-аас баталсан, хууль, тогтоомжийн хүрээнд бүрэн нийцүүлж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан гэж тайлбар ирүүлж байна. Яг үнэндээ энэ ордын 34 хувийг монголчууд өөрсдөө худалдаж аваад, дээр нь хоёр тэрбум ам.долларын өрөнд уначихсан сууж байхад “Айвенхоу майнз” 3.6 тэрбум ам.доллар босгочихоод сууж байна. Уг нь энэ орд Монгол Улсын ард түмний баялаг юм чинь яагаад нэг тал болоод эрх ашгаа хамгаалж болдоггүй юм бэ, ийм л шаардлага тавьж байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хариу ирүүлж байна. Энэ чинь цаагуураа ямар байдлаар хүлээж авч буйн илрэл. Яг үнэндээ Монголын эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлье гэсэн нь энэ 20 гишүүний хүртэх ашиг нэмэгдэх гээд байгаа зүйл биш шүү дээ. Нийт монголчууд л хожно. Нэгэнтээ Засгийн газрын тэргүүн хангалтгүй хариу өгсөн учраас бид дараагийн арга хэмжээг авна” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн хувьд “Хөрөнгө оруулагч талд хамгийн ээлтэй хууль эрх зүйн орчинг  бүрдүүлж өгчихөөд байхад яагаад Засгийн газар тэднийг хамгаалж, УИХ-ын 57 дугаар тогтоолыг биелүүлэхгүй байна вэ гэдэг асуудал үүсч байгаа. Энэ тогтоолын хүрээнд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх ёстой гэж заасан. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэг тонн нь 4400 ам.доллар байхад 4.6 жилийн дараа Монгол Улс 36 хувиа 50-д хүргэх бололцоотой. Тэгэхэд заавал 30 жилийн дараа 50 хувьд хүргэнэ, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын Их хурлаас баталсан хууль, тогтоомжийн хүрээнд бүрэн нийцэж батлагдсан гээд байгаа нь үнэхээр энэ Засгийн газрыг гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалсан Засгийн газар гэж хэлэхээс аргагүйд хүрч байна. Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг Оюутолгой төлөхгүй, зөвхөн Эрдэнэт үйлдвэр төлнө. Татварыг энэ мэтээр шударга бусаар тогтоож байна шүү дээ” гэсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж