Аманда Ноксын хэргийг хэрэгсэхгүй болгов

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Аманда Ноксын хэргийг хэрэгсэхгүй болгов

Британийн оюутныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Аманда Нокс, Рафаэл Солисито нарыг Италийн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Тэдэнд 2009 онд анхан шатны шүүхээс Мередит Кершерийг хүчирхийлж, хөнөөсөн хэрэгт буруутгаж,  25-26 жил шоронд хорих ял оноосныг  2010 онд давж заалдсан юм. Дөрвөн жил шоронд хоригдсоны эцэст шүүхийн шийдвэрээр суллагдан гэртээ харьж буй Амандаа Нокс шүүхийн танхимаас гарахдаа нулимсаа барьж дийлэхгүй байсан гэнэ. Харин хохирогч Кершерийн ар гэрийнхэн анхан шатны шүүх хурлын шийдвэр гэнэт яагаад ингэж өөрчлөгдсөнийг ойлгохгүй байгаа аж. Италийн Перуга хотын шүүх дээрх  шийдвэрийг  гаргасны дараа хохирогчийн ар гэрийнхэн албан ёсны мэдэгдэл гаргаж, “Бид итгэл найдвараа алдахгүй. Италийн шүүхийн тогтолцоонд шударга ёс ирнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Аманда Нокс мөрдөн байцаалтын эхний шатанд дотуур байрны эзэгтэйг аллага үйлдсэн гэж гүжирдсэний төлөө анхан шатны шүүхээс гурван жил шоронд хоригдох ял сонссон билээ. Гэхдээ тэр дөрвөн жил шоронд хоригдсон юм. Улмаар Перуга хотын шүүхийн шийдвэрээр Аманда Нокс гэртээ харьж байна. Түүний гэр бүлийнхэн “Охин маань хийгээгүй хэргийнхээ төлөө дөрвөн жил шоронд хоригдсон” гэж мэдэгдсэн байна. Аманда Ноксын эгч шүүх хурлын дараа “Хар дарсан зүүд шиг он жилүүд ард хоцорлоо. Шүүх хэргийг дахин хэлэлцэж, үнэнийг олсонд бид бурханд талархаж байна” гэжээ.  Аманда Ноксын өмгөөлөгч хэлэхдээ “Энэ хэрэгт ялагч байхгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гаргасан алдаагаа засч буй хэрэг” гэжээ. Кершерийн аллагад хам хэрэгт буруутгагдаж байсан Рафаэлын аав “Охиноо харамсалтайгаар алдсан тэр гэр бүлийнхэнтэй бид ярилцахыг үргэлж хүсдэг. Ийм аймшигтай зүйл тохиолдсонд бид үнэхээр харамсдаг. Харин бурхан хүүг минь надад эргүүлж өглөө. Бид охиноо алдсан эцэг эхийг буруутгаж чадахгүй” гэжээ.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Мередитийн цогцсыг олоод, оюутны дотуур байранд нэг өрөөнд хамт амьдарч байсан Аманда Нокс, түүний найз залуу Рафаэл Солисито нарыг сэжиглэсэн юм. Тэднийг сэжиглэх болсон гол шалтгаан нь Рафаэлын гэрээс олдсон, хэргийг үйлдсэн гэж таамагласан хутган дээрээс Кершерийн ДНХ-г тогтоосон юм. Түүнээс гадна Солиситогийн ДНХ-н баримт  хохирогчийн хөхний даруулганаас олдсон билээ. Гэвч ДНХ шинжилгээг аллага болсноос хойш 46 хоногийн дараа хийсэн нь маргааны үндэс болсон. Дээрх хэргийн гурав дахь буруутан нь 24 настай Руди гэгчийг анхан шатны шүүхээс 30 жил шоронд хорих ял оноосон авч давж заалдсанаар 16 жилийн ял болгосон юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж