Өвчин илэрвэл буцах зардлыг эмч хариуцна

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Өвчин илэрвэл буцах зардлыг эмч хариуцна

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгэлд хамрагдсан иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн 5100 иргэн аравдугаар сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж эхлээд байгаа билээ. Ингэхдээ улсын хэмжээнд шалгалтад тэнцсэн хүмүүсийг гэрээт таван эмнэлэгт хуваарилсан бөгөөд иргэд тухайн хуваарьт эмнэлэгтээ үзлэгт хамрагдах ёстой юм. Гэхдээ шалгалтад тэнцсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн тов, хуваарийг гэнэт зарласан нь иргэдэд хүндхэн тусч байна. Тухайлбал, гэрээт таван эмнэлгээс “Өнөр Үжин” болон “НЮС” гэсэн хоёр эмнэлэгт үзлэгт хамрагдах хуваарьтай иргэдийн дийлэнх нь хөдөө, орон нутгийн иргэд байсан тул үзлэгийн товлосон хугацаанд нийслэлд ирж амжаагүй ажээ. Тиймээс аравдугаар сарын 1, 2-нд иргэдэд үйлчлэх хуваарьтай байсан дээрх хоёр эмнэлэг үзлэгийн хугацаагаа хоёр хоногоор сунгаж, өнөөдрийг дуустал иргэдийг хүлээн авахаар болжээ. “Өнөр Үжин” эмнэлгийн захирал Э.Үржинбадамын хэлснээр тус эмнэлэгт үзлэгт хамрагдаж буй иргэдийн дийлэнх нь тэнцэж байгаа бөгөөд тэнцээгүй иргэдийн хувьд элэгний В, С вирус, мөн 30-аас дээш насныханд зүрхний ачаалал хэт өндөр гэсэн тэмдэглэл хийгдсэн байна. Тус эмнэлэгт нийт 600 хүн үзлэгт хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 90 хувьтай байгаа гэнэ.

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан иргэдийн хувьд БНСУ-д ажиллах эрх нь нээгдэж байгаа гэж ойлгож болно. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтны “гарыг хүндрүүлж”, үзлэгт тэнцэх байдал гарч болзошгүй хэмээн сэрэмжлэх үүднээс нийслэлийн Хөдөлмөрийн төв биржийн Гадаад хөдөлмөр эрхлэлтийн албанаас эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэд БНСУ-д очоод тэндхийн үзлэгт бүдэрч, өвчтэй нь илэрвэл тухайн хүний буцах зардлыг үзлэгт хамруулсан эмчид хариуцуулахаар болсон байна.

Шалгалтад тэнцсэн иргэд www.hudulmur.mn сайтаас өөрсдийн бүртгэлийн дугаарын дагуу доорх таван эмнэлгийн алинд нь хуваарилагдсан болохыг мэдэж, тухайн эмнэлэгт хандах ёстой юм. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх гэрээт эмнэлгүүд доорх хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.

  • Шастиний нэрэмжит төв эмнэлэг: Аравдугаар сарын 3-10-нд. Нийт 2000 хүн
  • ЭМШУИС-ийн Био анагаахын сургууль: Аравдугаар сарын 3, 4-нд. Нийт 700 хүн
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв. Аравдугаар сарын 3-5-нд. Нийт 900 хүн.
  • “Өнөр Үжин” лаборатори: Аравдугаар сарын 1-4-нд. Нийт 600 хүн
  • “НЮС” лаборатори: Аравдугаар сарын 1-4-нд. Нийт 954 хүн өглөөний 08-12.00 цагийн хооронд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах боломжтой юм.

Харин бичиг баримт бүрдүүлэлтийн тухайд:

  • Гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн шар хуудас
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хураамж төлсөн баримт /45000 төгрөг/
  • Хоёр хувь цээж зураг. /Сүүлийн 3-6 сард авахуулсан 3х4 хэмжээтэй/

Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн иргэдийн нэрс энэ оны сүүлээр буюу ирэх арванхоёрдугаар сар гэхэд БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр тавигдах юм байна.

Н.Туул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж