Одоогоос хоёр жилийн өмнө поп хөгжмийн хаан дуучин Майкл Жексон зуурдаар таалал төгсөж олон сая фэнүүдийнхээ сэтгэлийг шархлуулж байсан юм. Цагдаа нар алдарт дуучны үхэлд түүний эмчээр ажиллаж байсан Конрад Мюррейг буруутган шалгасан. Уг хэргийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шалгасны эцэст өнгөрсөн долоо хоногт шүүх ажиллагаагаа эхэлсэн юм. Конрад Мюррейг шүүх ажиллагаа нээлттэй болж байгаа бөгөөд уг хуралд оролцож алдарт дуучны үхлийн талаар мэдээлэл олж авах сонирхолтой хүмүүсийг бүртгэн авч билет борлуулж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон эхний хуралд билетээ худалдан авсан зургаан хүн оролцсон байна. Энэ бол АНУ-д болсон үйл явдал. Харин Монгол Улсад өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Дашийг шүүх хурал болов. Уг шүүх хуралд хэрэг болох зарим нэг баримт нь улсын нууцтай холбоотой гэх шалтгаанаар шүүх хурал хаалттай болсон билээ. Урд нь ч “идсэн, уусан” гэх хэргүүдийг шүүх хурал хаалттай болдог байсан. Үнэндээ шүүх хурлууд хаалттай байснаар бид юу ч хожсонгүй. Харин АНУ-д болж буй Майкл Жексон агсны шүүх хурлаас санаа аваад Монгол Улсад болж буй аливаа нэг шүүх ажиллагааг үзэх хүсэлт гаргасан хүмүүст тасалбар борлуулдаг болбол ямар вэ. Энэ мөнгийг хэргийг тасалсан шүүгчдэд, эсвэл бүр Улсын төсөвт оруулдаг байж болох юм. Сүүлийн үед сүлжээний бизнес эрхлээд хохирогч болох хүн цөөнгүй гардаг боллоо. Тэдний хэргийг шүүх гэхээр шүүх хурлын танхим дүүрэн хохирогчид багталцахгүй, бөөн асуудал үүсдэг. Тэгвэл хохирогч бүр шүүх хуралд суухдаа төлбөр төлдөг болчихвол нэлээд хэдэн төгрөг хуримтлах юм даа. Тэр хуримтлалаар нь дүүрэг бүр шүүх хурлын томоохон танхим барьсан ч болно шүү дээ. Ер нь сүлжээнд мөнгө өгөөд байгаа ард түмэн чинь шүүх хуралд суухдаа хэдэн төгрөг төлөөд байж чадах байлгүй дээ.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин