Хөгжлөөр овоглосон карьер нь яах бол

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Хөгжлөөр овоглосон карьер нь яах бол

Хөгжлийн банк байгуулагдах сургаар Ч.Хашчулуун гэх нэр анх дуулдаж эхэлсэн юм. Японд эдийн засгийн ухааны чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан түүнийг уг нь Монголын улс төр, бизнесийн хүрээний шинэхэн төлөөлөл хэмээн тодорхойлж байв. Өөрөө ч тэр, даргалж буй банк нь ч тэр аль, аль нь цоо шинэ болохоор тэр. Тийм учраас Хөгжлийн банк түүний улс төрийн тавцанд гарахад дэм болох нэг гишгүүр боллоо гэж дүгнэх хүн олон байв. Засгийн газраас Хөгжлийн банкийг ТӨХ, Үндэсний хөгжил шинэтгэлийн хо­роонд хариуцуулах үеэс Монгол Улсын хөгжлийг тодорхойлох энэ банк Ч.Хашчулуунтай холбогдож эхэл­сэн билээ. Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн факультетийн захирлын албыг хашиж байгаад 2006 оноос Монголбанкны Захирлуудын зөвлөлийн орон тооны бус гишүүн болж, 2008 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог даргалсан. Улс төрийн хүрээнд С.Баярын экс гэргий Х.Хулангийн төрсөн дүү гэгддэг түүнийг С.Баярын фракцийнх гэж хардах нь бий. Хожим нь тэрбээр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга болж, Монголын эдийн засгийг 2015 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ. Ингээд “Монголыг хөгжүүлэх нэг толгой гараад ирлээ” хэмээн хүмүүс түүнд ам сайтай байлаа. Гэвч тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргын албаа  хүлээлгэн өгөхөөр болсон юм. Ийнхүү Хөгжлийн банкийг хэрхэн удирдахаас нь улс төрийн карьер нь тодорч харагдана гэх олон хүний таамаг талаар болов. Гэхдээ Ч.Хашчулуун өөрөө үүнд тийм ч их санаа зовохгүй байгаа бололтой.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж