Мичиганы их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Майкл Хини “Жагсагчид цагдаа нарт баривчлуулахыг хүсч байсан. Өөрсдийнх нь эсрэг нулимс асгаруулагч хий цацаасай гэж тэд төлөвлөсөн. Ингэж байж тэдний жагсаалд илүү олон хүн нэгдэнэ” гэж дүгнэжээ. Хэрэв түүний тайлбар зөв бол жагсаал зохион байгуулагчид өөрсдийнхөө тэмцлийг илүү өргөжүүлж, хүч нэмэгдүүлэхийг зорьж байна. Түүнээс гадна олон нийтийн анхаарлыг энэхүү тэмцэл рүү хандуулж чаджээ. Үнэхээр Бруклин Бриж дэх баривчилгаа, 700 гэх тоо америкчуудын санаа бодолд хүчтэй нөлөө үзүүлж эхэлжээ. Нью-Йорк хотын захирагч Майкл Блүүмберг “Цагдаа нар хийх ёстойгоо л хийсэн. Нью-Йоркод хэн ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Тэмцэл, жагсаал зохион байгуулах нь хүний эрх. Гэхдээ хуулиас гадуур, зөвшөөрөлгүй зүйл хийж болохгүй” хэмээн тайлбарлажээ. Энэ бүхнээс үл хамаараад тэмцэл өргөжиж магадгүй болсон байна.
Хэдийгээр жагсаалын үеэр хүмүүс эрх баригчдыг шүүмжилж байсан боловч Б.Обамагийн бодлогыг дэмжиж байгааг зарим шинжээч онцлов. Б.Обамагийн засаг захиргаа ажилгүйдлийг бууруулахад гол анхаарлаа хандуулж эхэлсэн. Үүнийгээ ч ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн гол уриа болгох нь тодорхой. Харин жагсагчид америкчуудын анхаарлыг ажилгүйдэл рүү хандуулж чаджээ. Гэхдээ тэмцэгчид хэтэрхий олон асуудлыг хөндөж тавьсан байна. Татвар нэмэхгүй байхыг шаардаж, Уолл Стрийтийн банкирууд америкчуудыг хуурч байгаа болон цөөнх болсон баячуудыг шүүмжлэхээс эхлээд дэлхийн дулаарлыг хүртэл хамруулжээ. “Капитализм сүйрч байгаа гэх хүмүүсийн итгэл үнэмшлээр тэд нэгдэж байна” хэмээн Калифорнийн их сургуулийн социологийн ухааны профессор Дэвид Мэйор дүгнэсэн байна.
АНУ-ын эдийн засаг буруу зүг рүү явж байгаа гэдгийг шүүмжлэх хүн олон болсон. Гэхдээ буруутан нь хэн бэ гэдэг дээр тэдний байр суурь зөрчилдөж байгаа. Уолл Стрийтийн банкирууд энэ бүхнийг маш их хөрөнгө, капитал эзэмшдэг баячуудтай холбож, тэднээс их татвар авах хэрэгтэй гэж үзэх болсон. Ж.Бушийн үеэс л татвараас зайлсхийж, мөнгө хуримтлуулахаас илүү өөрт байгаа хөрөнгөөсөө мөнгө босгох нь хялбар болсон гэдгийг зарим эдийн засагч онцолдог. Тийм учраас тэрбумтан Уоррен Буффет компанийнхаа ажилчдаас бага татвар төлдөг. Энд мөнгөний их, багийн тухай биш, харин мэдэлд нь байгаа нийт хөрөнгө болон төлж байгаа татварынх нь хувийг харьцуулж авч үзэж байгаа юм. Тиймээс эдийн засаг хямарч байгаагийн буруутан нь баячууд бололтой. Гэвч нөгөө хэсэг нь энэ бүхнийг АНУ-ын Засгийн газартай холбон тайлбарладаг. Эрх баригчид төсвийн зардлаа танаж, татварын орлогоо нэмэхгүй байгаагаас болж мөнгөгүй боллоо гэж. Харин эцсийн дүнд татвар төлөгчдийн мөнгөөр банкуудыг дампуурлаас аварч байгаа нь эдийн засаг хямарч, орлогын тэнцвэргүй хуваарилалт бий болоход хүргэсэн хэмээн шүүмжлэх болсон.
Ямартай ч санхүүгийн элитүүдийн эсрэг тайван замаар жагсаал зохион байгуулсан америкчуудын “Уолл Стрийтийг буулгах” төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн бололтой. Тэд дэлхийн нийтийн анхаарлыг өөрсөд дээрээ хандуулж, цагдаа нарт баригдан хөөрхийлөлтэй байдалд орсноороо америкчуудын дэмжлэгийг авч байна. Эдийн засгийн бодлогодоо шүүмжлэлтэй хандах болсон тэдний тэмцэл аажимдаа эмх замбараагүй байдлыг даамжруулж ч магадгүй юм.
"Улс төрийн тойм" сонин