Казах түмний алс хязгаар эл нутаг одоогийн байдлаар 90 гаруй мянган хүн амтай. Үүнээс сонгууль өгөх насны хүн гэвэл тал орчим хувь нь. Тийм ч жижиг биш аймаг. “Улс доторх улс” ч гэж зарим хүн егөөддөг. Үнэхээр ч Өлгий хот анх очсон хүний нүдэнд гудамж талбайн өнгө төрх, хаягжилт, хүмүүсийнх нь хувцаслалт гээд олон зүйлээр содон байдаг. Яах аргагүй Дундад Азийн, тэр тусмаа өмнөх нийгмийн үеийн “станууд”-ын өнгө төрхтэй. Ерөнхийдөө Баян-Өлгийн хүн амын талаас илүү хувь нь казахууд болохоор үүнийг дагаад бусад аймгуудаас ялгарах онцлог ихтэй. Хэл соёлоос эхлээд амьдрах хэв маяг, уламжлалын хувьд. Зам харилцаа, дэд бүтэц, ажилгүйдэл, ядуурал зэрэг өдөр тутмын бодит бэрхшээл талаасаа бол бусад аймагтай адилхан зүйл ч олон. Тийм ч учраас үндэстний цөөнх гэдэг утгаараа казах түмний зан заншил, хэл соёл зэргийг төрийн бодлогод өөр байдлаар тусгуулах хэрэг гардаг байх. Наад зах нь одоо Өлгий хотод бүрэн дунд сургууль дөрөв байдгийн нэгээс бусад нь казах хэлээр, тодруулбал Казахстаны боловсролын стандартаар сургалт явуулдаг гэж байгаа. Ном, сурах бичгээ хүртэл тэндээс авчруулдаг гэсэн. Харин ганцхан дунд сургууль л Улаанбаатараас “хараат” байдлаар сургалтаа явуулдаг. Энэ бүхнийг хориглохгүй байхаар Баян-Өлгийгөөс сонгогдсон түшээд лобби хийсний хүчээр манай төр засаг тэдний хүсэлтийг ёсоор болгож хуульчилж өгсний энгийн жишээ юм. Ардчилал эхлээгүй, 1990-ээд оноос өмнө бол “Баян-Өлгийнхөн минь, зайлуул энэ казахууд…” гэж онцлолгүй зөвхөн монгол хэлээр албан хэрэг хөтөлдөг байсан гэдэг. Өнөөдөр байдал ийн өөрчлөгджээ. Эрх, эрх чөлөөний тухай ойлголт энд ч хөрсөө олсон учраас бараг л Казахстаны нэг сум, суурин шиг байгаа гэхэд хатуудахгүй. УИХ-ын 1992 оны сонгуулийн олон мандаттай 26 тойргоор бол Баян-Өлгий аймаг хоёрдугаар тойрог. Харин 1996 оноос хойшхи УИХ-ын сонгуулийн ганц мандаттай 76 тойргийн хуваарилалтаар бол тус аймаг дөрөв, тав, зургаадугаар тойрог юм. Өлгийчүүд парламентын өнгөрсөн сонгуулиудаар 2004 оныг эс тооцвол дандаа МАХН-аас нэр дэвшигчийг төрд илгээж байж. “Улаан” аймгуудын урд эгнээнд баян-өлгийчүүд зогсдог юм. Өөрсдөд нь нутаг зааж өгч, хэл соёлыг нь хүндэтгэж ирсэн Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын өмнөх нийгмийн төрийн зүтгэлтнүүдэд итгэсэн итгэл нь одоо болтол бөхөөгүй, зүүний талыг баримтлагчдад ярсхийтэл гар өргөдөг хэвээрээ гэсэн үг. Мэдээж бүгд ийм биш л дээ. Бас Казахстаны төрийн тэргүүн Н.Назарбаевын өнөөгийн нөлөө ч казахуудад хуучныг нь санагдуулдаг байхыг үгүйсгэх аргагүй. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд тус аймагт “улаан”, “цэнхэр” намаас гадна бие дааж цөөнгүй монгол хүн нэр дэвшиж байсан боловч нэгийг нь ч төрийн түшээгээр сонгоогүй бас нэг онцлогтой. Тус аймгийнхан УИХ-ын 1992 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн А.Болат, Т.Султан, Х.Володя нарыг сонгож байжээ. Тэдэнтэй К.Сайран, С.Батчулуун, Д.Хоролсүрэн, А.Магаш зэрэг найман хүн өрсөлдөөд өвдөг шороодсон байдаг. Иймэрхүү байдлаар 1996 онд МАХН-аас нэр дэвшигч Р.Сандалхан дөрөвдүгээр тойрогт, Т.Султан тавдугаар тойрогт, А.Болат зургаадугаар тойрогт нэр дэвшин ялалт байгуулжээ. 2000 онд Р.Сандалхан тойрогтоо дахин өрсөлдөж, харин Т.Султаны тойрогт О.Нигамет, А.Болатын тойрогт Х.Жекей нар МАХН-аас нэр дэвшин ялж парламентад орж ирсэн юм. “Ардчилсан холбоо” эвсэл 1996 онд УИХ-д олонхи болсон ч Говь-Алтай, Ховд, Увс, Дорноговийн нэг адил Баян-Өлгий аймгийнхан л МАХН-аас нэр дэвшигчид саналаа өгч тухайн үеийн парламентын цөөнхийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж байв. Харин 2000 оны хувьд МАХН-аас нэр дэвшсэн хэн ч, бараг хүүхэд ч нэр дэвшсэн ялалт байгуулахаар байсан үе. Энэ жишиг ч Баян-Өлгийд давтагдсан хэрэг. Тэгвэл УИХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулиар энд байдал ардчиллынханд ашигтайгаар эргэсэн. Гол өрсөлдөөн урьдын адил МАХН, АН-ын нэр дэвшигчдийн дунд өрнөв. 2004 оны парламентын сонгуульд Ардчилсан намаас тус аймагт нэр дэвшсэн А.Мурат, К.Сайран, А.Бакей нар Х.Жекей, А.Болат зэрэг МАХН-ын нэр дэвшигчдийг тойрог бүртээ саналын тоогоор илт илүүрхлээ. Анх удаа өлгийчүүд ардчиллынханд нааштай хандсан нь энэ. Гэвч энэ байдал дараагийн сонгуулиар давтагдаагүй юм. Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуулиар өлгийчүүдийн санал МАХН-аас нэр дэвшсэн эрхмүүд тийш дахиад л эргэв. Баян-Өлгийн “Ху” намын гишүүд саарал ордонд эргэн ирлээ, 2004 онд нэр дэвшин ялагдаад улмаар Хил хамгаалах ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан, бригадын генерал Х.Жекейг энэ удаа дөрөвдүгээр тойргийнхон өрөвдсөн үү, яасан хоёр дахиа УИХ-ын гишүүнээр сонгов. Харин тавдугаар тойрогт МАХН-аас анх удаа парламентад нэр дэвшсэн, түлш эрчим хүчний салбарт олон жил ажилласан А.Тлейхан ялав. Мөн зургаадугаар тойрогт тус намаас нэр дэвших эрхийг анх удаа өвөртөлсөн, бизнесмэн Х.Баделхан өнгөлсөн юм. Тэд өнөөг хүртэл парламентад Баян-Өлгий аймгийнхныг төлөөлж буй. Тэгвэл УИХ-ын ирэх сонгуулийн сураг чимээ хаалга тогшиж байгаа энэ үед тус аймгаас нэр дэвшихээр сэм төлөвлөсөн зарим хүн аль хэдийнэ сурталчилгаагаа эхэлжээ. Хамгийн идэвхтэй байгаа хүнээр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулег нэрлэмээр байна. Орос хэлний багш мэргэжилтэй түүнийг Монгол хэл судлал, сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн К.Зулькафилийн гэргий гэдгийг хүмүүс мэднэ. Тэрбээр сүүлийн үед байсхийгээд л Баян-Өлгий рүү “гүйдэг” болжээ. Тэндээс сонгогдсон гишүүдээс ч илүү “тойргоо” эргэж байгаа гэх. С.Баяр Ерөнхий сайд болсныхоо дараахан түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “хөтөлж” авчирч ажилд оруулж байв. Удалгүй Ерөнхий сайдын зөвлөхийн орон тоонд тушаал дэвшүүлж, дэргэдээ ажиллуулсан нь тухайн үед багагүй хэл ам таталсан. Ямар ч байсан С.Баяртай үй зайгүй болсон нь нөхрийнх нь нөлөө юу, эсвэл өөр шалтгаантай юу гэдэг нь таавар хэвээр байгаа юм. Ж.Сауле сайд намаасаа нэр дэвших мандат авахын тулд УИХ-ын гишүүн Х.Жекейг “гудамжинд” гаргах болов уу. Учир нь Баян-Өлгийд тэрбээр одоогийн байдлаар Өлгий хотоос гадна Бугат, Буянт сумдыг байнга “эргэж” хамгийн олон удаа очсон нь нутгийнханд ийм хардлага төрүүлж байгаа аж. Түүний нөхөр К.Зулькафиль ч УИХ-ын 1996 оны сонгуульд энэ тойрогт нэр дэвшиж байжээ. Ж.Саулегаас гадна тус аймагт Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай бас нэг эмэгтэй нэр дэвшигчийн нэр явна. Тэр бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда юм. Хэдийгээр тэр Баян-Өлгий аймаг руу байнга очихгүй байгаа ч нэр дэвших нь бараг тодорхой аж. Тэрбээр өмнө нь ч нэг бус удаа тус аймагт нэр дэвшиж байсан туршлагатай нэгэн билээ. Тэгэхээр парламентын хэд хэдэн сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчид “дургүй” гэдгээ ойлгуулсан өлгийчүүдэд одоогийн байдлаар АН, МАН-аас нэг, нэг эмэгтэй нэр дэвшигч очих магадлал өндөр байна гэсэн үг. Үүнээс гадна 2008 онд Ардын намаас мандат өвөртөлсөн, УИХ-ын одоогийн гишүүд ч өөрийн намаас нэр дэвших мандатаа “Май” гээд тийм амархан өгөх нь юу л бол. Дэд сайд Ж.Саулегаас гадна 2000 онд МАХН-аас тус аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан О.Нигаметийн нэр ч Ардын нам дотор яригдаж байгаа сурагтай. Бас түүнийг саяхан Н.Энхбаярын байгуулсан МАХН-аас нэр дэвшихийг ч үгүйсгэхгүй байна. Учир нь тэр бол экс ерөнхийлөгчийн хамгийн сайн казах найз гэж ярьдаг. О.Нигамет одоо Баян-Өлгийн Цагааннуурын чөлөөт бүсийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа билээ. Ардын намаас нэр дэвших магадлалтай өөр хүмүүсийн нэр ч байна. Тухайлбал, тус аймгийн Иргэдийн хурлын дарга Х.Баяан болон Засаг дарга С.Хавал нар ч Ардын намынх. Гэхдээ С.Хавалын хувьд магадлал тун бага гэхэд болно. Учир нь өнгөрсөн хугацаанд хэл аманд хамгийн их өртсөн аймгийн Засаг дарга нарын нэг бол тэр юм. Одоо ч албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас түүнд үүсгэсэн хэрэг нь шүүхийн шатанд яваа. Ардчилсан намаас мандат “эргүүлж” байгаа нөхдүүд ч байна. Одоо Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаа, экс гишүүн А.Мурат, Кувейт улсад Элчин сайдаар суугаа, дипломатч К.Сайран нарын нэр “цэнхэрүүд” дунд хүчтэй яригдаж байгаа аж. К.Сайраны хувьд “Улаанбаатарт лалын шашны ордон байгуулна” гэж Арабын ертөнцөөс тодруулбал, Кувейтын сангаас асар их мөнгө босгож өөрийнхөө халаасыг түнтийлгэсэн гэдэг шүүмлэлийг казахуудаас хамгийн их сонссон хүн. Бүр зарим овгийн аксакал буюу ахлагч нар нь казахын соёлыг уландаа гишгэсэн гээд түүнд дургүй болсон гэдэг явган яриа ч байдаг. Өөрөө ч намынхандаа жаахан гомдсон байж мэднэ. Өнгөрсөн 2008 онд нутагтаа нэр дэвшсэн ч нам нэгт А.Мураттай хэл амаа ололцоогүй, бас гадаадад олон жил амьдарсан гэдгээрээ өлгийчүүдээс дорвитой санал авч чадаагүй. Тиймээс энэ удаа тэрбээр нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байж мэднэ. Мөн Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2005 оноос 2008 оны хооронд ажиллаж байсан, одоо аймгийн Ардчилсан намын дарга Х.Ержан ч бас дэд сайд Ч.Куландатай нам дотроо өрсөлдөж магадгүй гэнэ. Эцэст нь Баян-Өлгий аймагт нэр дэвшихээр “онилсон” дээрх хүмүүсийн ганц, хоёрыг эс тооцвол бараг бүгдээрээ л “УИХ-аар Сонгуулийн хуулийг хэзээ, ямар тогтолцоогоор батлах бол” хэмээн чих тавин хүлээж суугаа нийтлэг дүр зурагтай байна. Өлгийчүүд энэ удаа “улаан”, “цэнхэр”-ийн алийг нь сонгох нь ихээхэн хамаарна.
Н.Мөнхтөвшин
"Улс төрийн тойм" сонин