УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэдийнэ биелүүлчихжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэдийнэ биелүүлчихжээ

УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцсэн байдлаар засварлах, Монголын талын эзэмших хувийг 50 хувьд хүргэх шаардлагыг Засгийн газарт тавьсан. Улмаар шаардлагынхаа хариуг нэн даруй өгөхийг  шаардаж байгаа билээ. Тэдний шаардлагыг дэмжих нэгэн байхад хоёр тал харилцан тохиролцож байгуулсан, ямар нэг хууль журам зөрчиж байгуулаагүй гэрээг өөрчлөх шаардлага байхгүй гэх нь ч байгаа юм. Оюутолгой бол хувийн хөрөнгөөр нээгдсэн орд гэдэгтэй нэг ч хүн маргахгүй байх. Харин одоо бол хувийн хөрөнгөөр нээсэн мөртлөө улсад ийм хэмжээний хувь өгдөг орд Оюутолгойгоос өөр байхгүй гэж хэлж болно. Мөн УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж байж Оюутолгойн 34 хувийг эзэмших эрхтэй болж байв. 

Бидний үр шимийг нь хүртэж буй Оюутолгой ордыг одоогоос 11 жилийн өмнө хүмүүс төдийлөн мэддэггүй байсан. Харин 2000 онд “Айвенхоу Майнз” компанийнхан 50 сая ам.доллар зарцуулж байж зүгээр нэг илэрц биш, асар их нүүрсний нөөцтэй орд гэдгийг нь илрүүлж байсан юм. Үүний дараа  2003 оноос эхлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах хэлэлцээрийг “Айвенхоу Майнз” болон Монгол Улсын Засгийн газар хооронд хийж эхэлсэн юм. Гэсэн ч төдийлөн үр дүнд хүрэхгүй явсаар 2009 оны долоодугаар сард Засгийн газрын 57 дугаар тогтоолыг баталж байсан билээ.  Харин одоо эрхэм гишүүд энэхүү тогтоолыг биелүүлээгүй гэж үзэн “Рио Тинто” болон “Айвенхоу Майнз”-ын удирдлагуудад хандан захидал хүртэл илгээгээд байгаа юм. Гишүүдийн сав л хийвэл дурьдах болсон 57 дугаар тогтоолын гуравдугаар заалтад “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт зөвшөөрсүгэй” хэмээн заасан байдаг. Нэг ёсондоо хөрөнгө оруулалтын гэрээгээр 34 хувийг 50 хувь болгоно гэсэн тогтоол юм. Харин тухайн үед “Айвенхоу Майнз” компанийн зүгээс “Хэрвээ 50 хувь болгоно гэвэл хөрөнгө оруулах боломжгүй” гэдгээ илэрхийлж байсан аж. Улмаар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах хэлэлцээрийн үеэр “Үлдсэн 16 хувийг 30 жилийн дараа авч болно. Гэхдээ гэрээний нөхцөлийг 20 жилээр сунгасан тохиолдолд 16 хувиа зах зээлийн ханшаар авч болно” гэсэн заалтыг хөрөнгө оруулалтын гэрээнд хийж өгсөн байдаг. Энэ асуудалд талууд санал нэгдсэнээр одоо Оюутолгой компани үйл ажиллагаагаа эхлүүлж, 15 мянган хүнийг ажлын байраар  хангаж, манай улсад 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний эхний заалтад “2009 оны долоодугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолыг үндэслэн энэхүү гэрээг байгуулсан” гэж байдаг. Мөн “УИХ-ын 2009 оны долоодугаар сарын 16-ны 57 дугаар тогтоолоор энэхүү гэрээг байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газар олгосон бөгөөд уг гэрээнд гарын үсэг зурсан талууд түүгээр тодорхойлогдсон эрх үүргийг заавал биелүүлэх үүрэг хүлээж дараах нөхцөлтэйгээр харилцан тохиролцоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл УИХ-ын 57 дугаар тогтоолыг биелүүлсэн гэдгийг ийнхүү гэрээнд тусгасан хэрэг юм. Засгийн газар ч УИХ-аас олгосон үүргийг биелүүлсэн гэсэн үг.  УИХ-ын 57 дугаар тогтоол бол хууль болгох заалт биш, хэлэлцээр хийх талаар өгсөн чиглэл юм. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний 15.16-д  “Энэхүү гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйл болон УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 57 дугаар тогтоолыг биелүүлчихсэн гэдгийг тусгай зүйл анги болгоод мөн л ийнхүү заажээ. Мөн гэрээний 15.28-д “Энэхүү гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг гэрээ нь 2009 оны долоодугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгаа Засгийн газар нотолно”  гэсэн заалт ч бий. Нэг ёсондоо Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд УИХ-ын нэр бүхий 20 гишүүний шаардаад буй тэрхүү 57 дугаар тогтоолыг биелүүлсэн гэдгийг ийнхүү хэдэнтээ заасан байгаа юм.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж