Ш.Сайхансамбуугийн хэргийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуугийн хэргийг хаажээ

Авлигатай тэмцэх газрынхан энэ он гарсаар 29 хэ­рэгт яллах дүгнэлт үйл­дүүлэхээр, 26 хэргийг хэрэг­сэхгүй болгуулахаар про­курорт шил­жүүлжээ. Ха­­рин  эрүүгийн 13 хэр­гийг харьяаллын дагуу хол­бог­дох байгууллагад нь  ха­риуцуулсан. Өнгөрсөн ху­гацаанд төрийн өндөр албан тушаалтай нэр бүхий хүмүүс АТГ-т шалгуулсан ч тэдэнд холбогдох хэргийг хэрхэн шийд­сэн нь тодорхойгүй байгаа юм.  Тиймээс “АТГ-т шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Х.Наранхүү, ТӨХ-ын дарга Д.Сугар нарын асуудал юу болов” гэсэн асуултууд хариулт нэхэж, хар дагуулсаар байгаа юм. Ингээд АТГ-аас энэ жил ямар хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, ямар хэр­гүүдэд яллах дүгнэлт үйл­дүүлэх санал гаргасан талаар хүр­гэе. 

ГАНЦХАН “ТОМ ЗАГАС”, 25 “ЖАРААХАЙ”-Д ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛСЭН БАЙНА

“АТГ-аас 26 хэрэгт ял­лах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт илгээсний до­тор төрийн өндөр албан ту­­шаалтнуудад холбогдох хэр­­­гүүд бий” гэсэн мэдээлэл тарх­­сан ч үнэн хэрэгтээ нэ­гээс бусад нь  мөнөөх л багш, бай­­цаагч, үйлчилгээний ал­­­­бан хаагч­дад хол­богдох хэ­­рэг аж. Харин нэг “Том за­­гас” байгаа нь Онцгой байд­лын ерөнхий газрын дарга асан П.Даш, улсын нөөц бүр­дүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт хол­богдох хэрэг байжээ.  АТГ-аас тэдэнд холбогдох хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйл­дүүлсэн байна. Энэ хэргийг өнгөрсөн сарын 29-нд хэ­лэлцээд, шүүхээс П.Даш бо­лон Л.Алтангэрэл нарыг гэм буруутай гэж үзэн, жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жил хорих ял оноосон. Харин уг хэрэг  2007 онд эхэлсэн учир Өршөөлийн тухай хуульд хамруулж, тэднийг сулласан юм.

Тиймээс яллах дүгнэлт үйлдүү­лэхээр шилжүүлсэн хэр­гүүд дунд УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдох хэрэг байх­гүй бөгөөд одоогоор мөр­дөн байцаалтын ша­танд яваа аж. Мөн ТӨХ-ны дарга Д.Су­гар болон Засгийн газрын Хэ­рэг эрхлэх газрын дарга Ч.Хү­рэлбаатар нарын нэр дээр ирүүлсэн гомдлын дагуу АТГ-ынхан тэднийг шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж бай­гаа юм байна. “Төр засгийн за­рим албан тушаалтан “Анод” банкны дампуурлын  шалт­­гаанд хамааралтай” гэх гомд­лыг “Анод” банкны ТУЗ-ийн дарга асан  Н.Даваа АТГ-т хүргүүлсэн билээ. Нэр нь дурьдагдсан хүмүүсийн тэргүүн эгнээнд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарын нэр байсан учир түүнийг АТГ-аас “Анод” банкнаас их хэмжээний мөнгө дарамталж авсан байх магадлалтай” хэмээн шалгаж байгаа юм.

Харин ТӨХ-ны дарга Д.Сугарыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа ажээ. Түүнийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрээс “Эрдэнэт” үйлдвэрт шууд нийлүүлэх ган бөмбөлгийг гадаадын компаниар зуучлуулж, дундаас нь чамгүй мөнгө идсэн гэсэн гомдол ирсэн аж. Тэрбээр дээрх үйлдвэрийн ТУЗ-ийн дарга учир албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлалтай гэнэ.

Ш.САЙХАНСАМБУУ ГИШҮҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХААЖЭЭ

АТГ-аас яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргүүд дунд төрийн томоохон албан тушаалтнуудад холбогдох хэрэг байгаагүй ч хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан хэргүүд дотор УИХ-ын гишүүн, агентлагийн дарга нарт холбогдох хэргүүд “цохиж” явна. Тухайлбал, “УИХ-ын гишүүн Ш.Сайхан­самбууг авлига өгсөн тухайгаа  хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн”  хэмээн  нэлээд сүр  дуулиан болгон шалгаж  байсан удаатай. Харин түүнийг авлига өгсөн гэх нотлох баримт олдоогүй учир холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгох санал хүргүүлснээр проку­рорын газар уг хэргийг хэрэгсэхгүй болгосон юм байна.

Мөн Төмөр замын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Батболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь түүний гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй ажээ.

Б.БАТХУЯГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАЖ БАЙНА

Ашигт малтмалын газрын дарга Б.Батхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх ярианы бодит хариулт дээрх хэргүүд дундаас олдов. Түүнд холбогдох хэргийг АТГ-аас хэрэгсэхгүй болгосон ч Нийслэлийн прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна.

Учир нь  “Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 264.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаалтан хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр  үүсгэсэн уг хэрэгт нэмж шалгах, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай гэж хяналтын явцад үзсэн байна.

Түүнийг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий ашигт малтмалын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсны дараа дээрх газруудад  хууль бусаар ашиглалтын болон хайгуулын 192 зөвшөөрөл олгосон хэрэгт буруутган шалгаж байсан юм.

“Нийслэлийн агаарын чанарын албанаас зарласан  тендерт оролцогчдоос авлига нэхсэн” гэх хэргээр АТГ-т шалгуулж байсан Нийслэлийн агаарын чанарын албаны дэд дарга Ч.Батсайханд холбогдох хэргийг мөн хэрэгсэхгүй болгох хүсэлтийг АТГ-аас гаргажээ. Харин Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Мөн Автотээврийн газрын дарга Б.Цэнгэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал хүргүүлсэн ч Нийслэлийн прокурорын газраас “Уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй” гэж үзэн АТГ-т буцаасан аж. 

Дээрх үйлдлээс харахад АТГ-ынхан албан тушаалтнуудтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгох ажилд мэргэшиж байгаа бололтой.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж