Ч.Хашчулууныг огцруулахад юу нөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2011.10.04-нд нийтлэгдсэн

Ч.Хашчулууныг огцруулахад юу нөлөөлөв

Ч.Хашчулууныг огцруулахад Х.Баттулгын бухимдал, Р.Амаржаргалын
асуулгын аль нь нөлөөлөв

Хөгжлийн банкны ТУЗ-ийн анхны дарга Ч.Хаш­чулууныг өнгөрсөн долоо хо­ногт Засгийн газрын ху­ралдаанаар чимээгүйхэн соль­чихож. Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу Засгийн газар тус банкны ТУЗ-ийн удирдлагыг өөрчлөх эрхтэй. Мөн бондын арилжааны үед гарах зарлага Сангийн яамны бодлоготой холбоотой учраас “түр хугацаагаар” Сангийн яамнаас хэн нэгнийг томилох шийдвэр гарсан юм байна. Гэхдээ энэ бол зөвхөн шалтаг гэж хэлж болно.

Шалтгаан нь юунд байв. Яагаад Монгол Улсын анхны Хөгжлийн банкны, анхны даргыг гараан дээр солихоор шийдэв гэдэг нь сонирхолтой байгаа юм.  Уг нь Монголчууд “Гарман дээр морио солих”-ыг цээрлэдэгсэн. Хөгжлийн банкийг улстөржүүлэх нь тодорхой байсан. Тиймээс ч Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Засгийн газар хөгжлийн бодлогыг шийдвэрлэж байгаа. Энэ банк түүний санхүүгийн асуудлыг шийдэх учраас Засгийн газар, тэнд байр суурь эзэлж буй улс төрийн албан тушаалтнуудын сонирхол мөнхийн байж таарна. Үүнийг л зөв шийдвэрлэж цаашаа явахаас өөр аргагүй” хэмээн ярьсан удаатай. Тэрбээр “Миний хувийн бодол бол Хөгжлийн банкны оронд Засгийн газраас хараат бус сан байгуулах нь зүйтэй гэж би үздэг. Кувейтийн, Норвегийн сан, бусад олон жишээ байна. Яагаад гэвэл Засгийн газраас хараат банк Засгийн газрын шийдвэрийн дагуу л хөрөнгө оруулна, зарцуулна. Засгийн газраас хараат бус сангийн хувьд бизнесийн шаардлагын үүднээс үйл ажиллагаагаа зохицуулдаг” хэмээсэн.

Гэтэл өнөөдөр Засгийн газар хуулийн дагуу өөрийн хараат банкийг байгуулаад, ТУЗ-ийн даргыг өөрчлөөд байна. Яг Д.Сугар даргын хэлснийг эсрэгээр нь хэрэгжүүлсэн. Тиймээс ч Д.Сугарыг тоглоомын гадна гаргачихаад эрх дураараа, улстөрийн үйл хэргээ гүйцэлдүүлж байгаа. Яагаад улс төрийн үйл хэрэг гээд байгаагийн цаана олон жишээг дурьдаж болно. Тухайлбал, Засгийн газрын энэ оны  наймдугаар сарын 17-ны хуралдаанаар “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “Эксим” банкнаас 12 жилийн хугацаатай, 300 тэрбум  төгрөгийн зээл авах асуудлыг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын тогтоол гаргасан.

Дараагийнх нь төмөр замын төсөл. Засгийн газар өнгөрсөн найм­­дугаар сарын 24-ний хурал­даа­­наараа шинэ төмөр замын төслийг хэ­лэлцэж, “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д заасан эхний болон хоёрдахь үе шатны төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжсэн. Мөн уг төсөлд заасан арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасан билээ. Төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрлөө.

Хөгжлийн банкны удирдлагууд  наанадаж таван тэрбум ам.долларын хөрөнгө шаардагдах энэ  төслийг одоо болтол санхүүжүүлж эхлээгүй байна. Үүний өмнө Засгийн газар баталгаа гаргаж, “Энэ бол чухал төсөл мөн. Үүнд шаардагдах санхүүжилтийг Хөгж­лийн банкнаас шийдвэрлэж өг” гээд зөвшөөрчихөөд байхад харам­лаад байгаагийн учрыг төслийг хэрэгжүүлэхгүй байх улс төрийн хориг гэхээс өөрөөр хэрхэн тайлбарлах вэ. Үүнээс үүдэн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Хөгжлийн банкны асуудлаар Засгийн газрын хуралдаан дээр маргаан үүсгэж, ам мурийхад хүрсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэгэхээр Хөгжлийн банкинд улс төрөөс ангид байх боломж тун хомс байх бололтой.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Хөгжлийн банкны бондыг хаалттай хэлбэрээр арилжаалахаар төлөвлөж буйтай холбогдуулан Ерөнхий сайдад асуулга тавьсан. Эрхэм гишүүний асуулгад “Засгийн газрын үнэт цаасны суурь хүү олон улсын зах зээлд тогтож амжаагүй энэ үед дөнгөж байгуулагдсан Хөгжлийн банкнаас хаалттай хэлбэрээр өөрсдөө бонд гаргах нь хэр зохистой вэ. Дэлхий дээр Засгийн газрын бондоос өмнө үнэт цаас гаргаж жишиг хүү тогтоож байсан Хөгжлийн байгууллагуудын туршлага бий юү гэдэг асуултуудад хариулт авахыг хүсчээ. Мөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд ямар шалгуур, шаардлага тавьж байгаа, Засгийн газраас гаргасан баталгаа, Хөгжлийн банкны арилжих бондын төлбөрт богино болон дунд хугацаанд төсвөөс хөрөнгө шаардагдах эсэх, хэрэв төсвөөс гаргахаар тооцсон бол төсвийн төсөлд хэдэн төгрөг тусгасан байна. Эцэст нь “Хөгжлийн банкны бүртгэл нь Засгийн газрын санхүүгийн бүртгэлд яаж бүртгэгдэх, улсын өрийн тооцоонд хэрхэн тусах, өрийн дарамтад ямар нөлөө үзүүлэх, Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны өртөг нь хэд байх вэ” хэмээн асуусан байна.

Хуульд зааснаар асуулгын ха­риуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, амаар болон бичгээр, 14 хоногийн дотор өгдөг журамтай. Гэтэл ердөө маргааш нь буюу өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын  ээлжит бус хуралдаан зарлан уг асуудлыг яаралтай хэлэлцсэн аж. Ингэснээр  Засгийн газрын тогтоолд  өөрчлөлт оруулж, мөнөөх хардлага төрүүлж асуудалд орооцолдуулаад байсан бондын арилжааны хэлбэрийг “хаалттай” гэсэн  байсныг “хаалттай болон нээлттэй хэлбэрээр” болгон өөрчилжээ. 

Үнэт цаасанд Засгийн газрын баталгаа гаргах тухай эхний тогтоол 2011 оны  гуравдугаар сарын 16-нд батлагдсан. Дараа нь 2011 оны долдугаар сарын 20-нд өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр бондыг “хаалттай” хэлбэрээр арилжаалахыг тодорхой зааж өгсөн юм. Харин өнгөрсөн баасан гарагийн Засгийн газрын хуралдаанаар “хаалттай болон нээлттэй хэлбэрээр” арилжаалахаар болж байна. Гэхдээ ямар тохиолдолд хаалттай, эсвэл нээлттэй байх тухай энд тодорхой заагаагүй. Ийнхүү Засгийн газрын тогтоолыг удаа дараа сийчин тамлаж, хардлага дагуулсан, хэл ам таталсан хэсгүүдэд нь “косметик” өөрчлөлт хийсээр байна.  Энэ тухайгаа даруй хэвлэлийн мэдээгээр илгээсэн ч Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргыг өөрчлөх шийдвэр гаргаснаа нуучихаж.

Р.Амаржаргал гишүүний асуул­гад асуудал байсан болоод Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцсэн нь тодорхой. Тэр ч байтугай УИХ-ын чуулганаар оруулж “томруулалгүйгээр” асууд­луудаа цэгцлээд, үйл ажиллагаагаараа хариулт өгөхөөр шийдсэн нь харагдаж байгаа юм.

Тэгвэл Ч.Хашчулуунд асуудал байна уу. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 15-нд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томилогдсон. Ч.Хашчулуун Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар таван сар ажиллахдаа орон байртай болгож, тус банкны бондыг дотоодын хөрөнгө оруулагчид худалдан авах боломжгүйг нотолсон. Ингээд өнгөрсөн долоодугаар сарын 20-нд уг бондыг арван жилийн хугацаатайгаар гадаад зах зээл дээр гаргах зөвшөөрлийг Засгийн газраас авсан. Хөгжлийн банкныхан өнгөрсөн ху­гацаанд хөрөнгө оруулалтын 11 банк, хуулийн гурван фирмтэй уулзалт хийжээ. Үр дүнд нь хөрөнгө оруулалтын банк дөрвийг, хуулийн фирм нэгийг шилж аваад Хөгжлийн банкны бондыг Азийн зах зээл дээр энэ сард багтаан гаргахаар гадаадын хөрөнгө оруулалтын зарим банктай тохироод байгаа юм билээ. Гэхдээ гадны хамтрагчдынхаа нэрийг нууцалж байгаа. Гэтэл хэн нэгэн улстөрчийн зүгээс Ч.Хашчулууныг Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргын ажлаас огцруулах мэргэн санааг гаргажээ. Мэдээж тэрхүү улстөрч нь Засгийн газрын танхимд байгаа учраас ийм өөрчлөлт хийх эрх зүйн чадамжтай нэгэн болох нь ойлгомжтой. Тэгэхээр Ч.Хашчулууныг огцруулахад Х.Бат­тулга сайдын бухимдал, Р.Амаржаргал гишүүний асуулгын аль нь илүү нөлөөлсөн байж таарах вэ.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж