100 мянган айлын орон сууц барих хөрөнгө тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

100 мянган айлын орон сууц барих хөрөнгө тодорхойгүй байна

Гэр хорооллын айлуудад сайж­руул­­сан зуух тарааж эхлээд багагүй ху­гацаа өнгөрлөө. Зорилго нь тодорхой ч энэ нь орон сууцны үнийг хөөрөгдөх багахан шалтгаан болсон гэд­гийг зарим эдийн засагч нотолж бай­на. Дээр нь зах зээлийн нийгэмд амьдарч буй хэрэглэгчдийн сэтгэхүйд нө­лөөлөх олон үйлдлийг манай ба­рил­гынхан хийхдээ мэргэшжээ. “Хий­морьтой нь байр хождог” гэсэн уриа бүхий уралдаан ч үүний нэг жи­шээ бололтой. Өнөөдөр зах зээл дээр дунджаар 250 мянган айлын орон сууц хэрэгтэй гэдгийг барилгын мэргэжлийн холбоод судалсан байна. Манайхны их хүлээлт үүсгэж, яриад байгаа 100 мянган айлын орон сууц л гэхэд нийт хэрэгцээний 40 орчим хувийг л хангана. Гэхдээ чамлаад яах вэ. Энэ ажлыг хүлээх хэрэгтэй. Угаасаа ч хүлээлт бий нь ойлгомжтой байна. Дээр нь манай улсын Засгийн газрын тэргүүн энэ асуудалд нэлээд дорвитой алхам хийж зээ­лийн хүүг зургаан хувь болгохыг үүрэгдсэн билээ.

Харин зургаан ху­вийн хүүтэй зээлээр олгох 100 мянган айлын орон сууц нь хаана байна вэ. Шүүмж­лэхдээ биш, энэ ажлын явц ямар бай­гааг холбогдох мэргэжилтнүүд нь тай­лагнаасай гэж хүссэндээ ин­гэж бичлээ. Зургаан хувийн хүүг олон нийтэд ил харагдаж буй өнц­гөөс нь дүгнэвэл ердөө л Орон сууц санхүүжилтийн корпорацийн үүдэнд өргөдөл барин зогсох төрийн албан хаагчдын асуудал болчихсон мэт санагдаж байна. “4000 айлын орон сууц”-аас эзэмшихийн тулд тэд хоёр жилийн хугацааг өнгөрүүлжээ. Найман хувийн хүүтэй зээлээ зургаан хувиар тооцуулаад авчих санаатай хүмүүсийн талаар ярьж байна. Гэтэл хэзээ ч юм моргейжийн зээлийг авч үзэх нь тодорхой гэх төрд ажилладаггүй ч боломжийн орлоготой жирийн ир­гэдийн хувьд энэ боломж хэзээ нээгдэх нь ч тодорхойгүй хэвээр байна.

“100 мянган айлын орон сууц”  хөтөлбөрийн хүрээнд барих барилгаас өнөөдөр ядаж 1000 айлын орон сууцыг барьсан эсэхэд эр­гэл­зэхэд хүрч байна. Яармаг, Нисэх, 100 айл орчимд “ОССК” хэ­мээн бичсэн хашаануудаас өөр онц­лоод харчихмаар зүйл алга. Угаасаа ч тэр хашаанууд дотор нь манаачийн гэрээс өөр юу ч байхгүй.

Хоёр жилийн өмнө “Нарантуул” олон улсын худалдааны төвийн араар байрлах айлуудаас цөөнгүй хэсгийг нь нүүлгэж нэг хашааг 50 сая орчим төгрөгөөр үнэлж байсныг мэдэх юм байна. Хашаа­гаа газарт оруулж буй айлууд мэдээж орон сууцанд орохыг хүсэж таарна. Гэтэл газар чөлөөлсөн ир­гэдээс тэр дороо орон сууцанд орчихож байсан нь бас л цөөхөн. Тухайн үед хоёр өрөө байрны зах зээлийн ханшийг 50 сая орчим гэж үзэж байсан ч тэдний олонхи нь гэр хорооллоо сонгожээ. Яагаад гэ­вэл, тэр үед ашиглалтад оруулж ам­­жаагүй барилгадаа захиалга авах үзэгдэл газар авч байсан. Цонх, хаал­гагүй байшинд мөнгөө өгчи­хөөд удаан хүлээхийг хэн ч хү­сэхгүй нь ойлгомжтой. Харин 50 сая төгрөгийнхөө оронд баригдаж буй барилгаас нь сууц авахаар гэрээ хий­сэн иргэд хоёр жил ба түүнээс дээш хугацаанд хүлээж байжээ. Ийм хү­лээлтүүд 2008 оны эдийн засгийн хям­ралтай холбоотой байсан. Гэвч хямралын дараа буюу өнөөдөр шинэ байр авахаар хүлээгсэд цөөнгүй байна.

Монголбанкнаас Төрөөс мөн­гө­ний бодлогын талаар 2012 онд ба­римтлах үндсэн чиглэлийн төслийг бо­ловсруулан өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барилаа. Монгол Улсын макро эдийн засагт гарч байгаа өөрчлөлт, ололтыг дүг­нэхээсээ илүү байж болох эрсдэ­лүүдийг Л.Пүрэвдорж онцол­жээ. Монголбанкныхан ирэх онд Зас­гийн газраас дараах үйлдлийг хүлээж буй бөгөөд тэд үүнийгээ “Эрэлт, нийлүүлэлтийн шок” гэж томъёолж байна. Үндсэн чиглэлийн эргэн тойронд буй асуудлууд дунд нэ­лээд анхаарал татаж буй энэ “шок”-ийн талаар сонирхлоо. Мэр­гэжилтнүүдийн үзэж буйгаар ний­лүүлэлтийн гаралтай инфляцийн эсрэг мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийх нь зохимжгүй гэх. Харин ийм хүндрэлийг Засгийн газраас авах арга хэмжээ илүү бууруулах аж. “Эрэлт, нийлүүлэлтийн шок” гээч зүйлийг нэг талаас бэлэн мөнгө тараалт гэж ойлгож болох ч нөгөө талаас зах зээлийн загвар нь орон сууцны эрэлт, түүнд үндэслэн бий болсон үнийн хөөрөгдөлтэй тун хамаатай гэнэ. Тухайлбал, орон сууц, барилгын материалын үнийг судалсан нэгэн судалгааг энд дурьдаж болно. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас энэ оны эхний хагас жилийн байдлаар барилгын гол нэр, төрлийн материалууд 8-27 хувиар нэмэгджээ. Орон сууцны үнэд Чингэлтэйд 20.6, Сүхбаатар дүүрэгт 19.6, Хан-Уулд 13.2 хувиар огцом өссөнийг Үндэсний статистикийн хорооны судалгаа харуулжээ. Дээр нь дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж барилгын материалын гаалийн татварыг нэмэхээр болоод байгаа. Энэ шийд­вэрийг удахгүй хэрэгжүүлэх ч зах зээлд үзүүлэх нөлөө нь ирэх хавраас мэдрэгдэж эхэлнэ. Дээрх шийдвэртэй холбоотой зарим саналыг тоохгүй өнгөрөөж болохгүй санагдсан. Ту­хайлбал, дотоодын үйлдвэрлэгчид барилгын зах зээл дэх эрэлтийг хангаж чадахгүй бол барилгажуулах ажилд бага гэлтгүй тушаа болох аж.  

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн эхлэл өнөөдөр Сүхбаатар дүүрэгт долоодугаар хороолол нэрийн дор хэрэгжиж эхэлж байгаа. Энэ хэсгийг орон сууцжуулчихвал цаашид шил шилээ даран орон сууцны хотхонууд бий болно гэсэн. Гэхдээ долоодугаар хорооллын хувьд өнгөрсөн хавар ганц, хоёр айлын хашааг орон сууцаар сольж, түүнийгээ зурагтаар сүр дуулиантайгаар харуулсныг эс тооцвол өнөөдөр нэлийсэн гэр хороолол хэвээр байна. Холбогдох санхүүг нь шийдээгүй тул иргэдийн газрыг худалдаж авч чадахгүй байгаа гэх мэдээлэл гарч байсан. Уг нь санхүүжилтийг нь Засгийн газраас гаргаж буй 300 тэрбум төгрөгийн бондоор шийдэхээр болсон. Энэхүү бондоос төвлөрүүлэх мөнгө үнэндээ дэд бүтэц, газар худалдан авахад зарцуулагдах учиртай. Дараагийн эх үүсвэр нь уул уурхайн төслүүдийн урьдчилгаа төлбөр. Тавантолгойн үйл ажиллагаа ирэх сонгуулийг дуустал гацаанд орж болзошгүй талаарх мэдээлэл цацагдаж эхэлсэн болохоор энэ мөнгөнд шууд найдах нь ажил удаашруулахаас цаашгүй бололтой. Мөн дараагийн эх үүсвэр нь дотоодын банкуудын санхүүжилт юм билээ. Банкуудаас хөрөнгө хэрхэн татах нь ойлгомжгүй, холбогдох эрхзүйн орчин нь бүрдээгүй үед энэ талаар ярих нь мөн л бүтээн байгуулалтын ажлыг улам хойш татах биз. Тэгээд ч төв банкны бодлогын хүүг дахин нэмэх шаардлагын талаар ярьж байгаа энэ үед банкны зээлийн талаар ярих нь бас л цаг үрэх төдий хэрэг болжээ.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж