Монголд анх удаа 3D технологид суурин жолоодлогын төхөөрөмжийг “Билгүүн тулга” авто сургууль сургалтдаа ашиглаж эхэлжээ. Тус сургууль энэхүү төхөөрөмжийг өнгөрөгч зургадугаар сарын дундуур ОХУ-аас оруулан ирэн, долдугаар сараас сургалтдаа хэрэглэж эхэлсэн байна. Уг машинд жолоодлогын мэдлэггүй хүн суусан ч чихэвч зүүгээд компьютер тоглож байгаа юм шигээр жолоо барих боломжтой гэнэ. Мөн энэ машин нь хяналтын самбар, араа, хааз, тоормос, жолооны хүрд зэрэг жолоодлогын бүхий л эд ангиас бүтсэн тул машин бариад замын хөдөлгөөнд оролцож буйтай адил санагдах ажээ.
B C гэсэн хоёр ангиллын суурин жолоодлогын төхөөрөмж нь тус тусдаа монгол хэл дээр зааварчилгаатай программтай учраас жолоочид юу хийхийг нь урьдчилан сануулж өгдөг гэнэ. Жолооч нь машины марк, явах замынхаа бартаатай, бартаагүй аль нь болохыг газрын зургаар сонгодог бөгөөд хичээлийн дараа бичлэгээ үзэн алдаагаа хянах боломжтой юм байна. Тус сургуулийн багш нарын дүгнэж байгаагаар уг суурин машинд жолоодлогын дадлага хийснээр жинхэнэ машин барих, хотын жолоонд явахдаа биеэ барилгүй, төвөггүй жолоодлого хийдэг болох нь анзаарагджээ.
Н.Туул